solongonews
Аавдаа барьсан хүнд бэлэг
2015-02-20 20:14
Хөхөгчин хонин жил ирж буй энэхүү мөчид З.Баянцагаан ах дүү тавуулаа үр ач нараа дагуулан аав Зууннастынхаа наян насны далай баярыг гэр бүлийн урлагийн тоглолтоор тэмдэглэн, өргөө гэрээ хайраар цалгилуулж байлаа.

 Гэр бүлийн урлагийн найр нь хоёрдугаар хүү Балжинямийн “Үрлийн сайхан модоороо\ өлгийг шаасан аав минь\ алтан эмжээртэй дээлээ\ оёод өгөе тандаа …” гэх аавдаа өргөсөн холбоогоор салих хагалж эхэллээ. Наян насны баяраа тэмдэглэж байгаа Зууннаст настан бол Архорчин хошуун Хансүм сумын Зүрх гацааны уугуул. Насаараа мал бараадсан малчин удмын нэг. Ус удмаа дагасан тэрээр хуур цоортоо мэргэшиж, энэ нь цоор аавын таван хүүд нөлөөлөн, ах дүү тавуулаа дөрвөн утаст хуур, шанз, цоор, лимбэ, морин хуур, китар зэргийг хуурдаж хөгжимдөж чаддаг авъяастан болж хүмүүжжээ. “Манай аав баатар идтэн биш, гавьяатан зүтгэлтэн бус, ядахдаа шагнал сайшаал ч хүртэж байгааргүй эгэл жирийн малчин ард. Гэтэл аав минь хүн мөс, өөгүй үйл ажиллгаагаараа өөрийн түүхээ өнгө гартал бичиглэж, манай ах дүү тавд урлагийн авъяас заяаж, хүмүүн болох ёс зааж, өөрийн ухаанаараа биднийг өсгөж хүний зэрэгт хүргэсэн билээ. Өнөөдөр аав минь ная хүрч, хүүхэд бид нартаа өндөр насаа хайрлаж байна. Бид ч аавдаа баярлаж талархаж, архи сархадаар биш, харин урлагийн тоглолтоороо насны баярыг нь тэмдэглэн өгч байгаа нь энэ” гэж З.Баянцагаан баяртайхан ярьхад: “Харин тийм, хүүхэд, ач зээ нь нийлээд 30 шахам хүн цугларч уянга дуу, уран бүжиг, үлгэр холбогоороо аавдаа хүндэтгэл дэвшүүлж байна” гэж бэр Гоо ярьж байлаа. Өндөр нас өлзий хутаг оршиж, богд хан уул мэт бурхан заяагаа эдэлж яваа Зууннаст гуайн хэдэн хүү нь малчин, дарга зэрэг ажил мэргэжилтэй. Ач нар нь гэхээр дуучин, хуурчин, компаний ажилтан зэрэг өөр өөрийн өнгөөрөө Бээжин, Хөххот зэрэг газраар орон зайгаа эзэлж явцгаана. “Улсын дотно гадна, орон аймаг хотын олон олон тоглолтод оролцосон, гэтэл өнөөдөр харин анх удаа гэр бүлийн тоглолтод оролцож байна. Ер нь их баяртай, сэтгэгдэл өндөр, өвөө минь их урт наслан жаргаж байна, одоо ч гэсэн тэнхээ сайн. Өвөө элгэн саднаа хараад сэтгэл их баяртай байна” гэж Өвөр Монголын Дуу хөгжмийн бүлгэмд бүжигчнээр ажиллаж байгаа том ач хүү Алтан-Уулын эхнэр Бүжигмаа аяган бүжгээ өргөж барьсны дараа сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Зохиогч: Саруулхан
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : www.mgyxw.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл