solongonews
Толгод дамнасан Авга хар, тоосонд нь баяссан Гүлцэнгэл
2015-04-30 10:34
Толгод дамнасан Авга хар, тоосонд нь баяссан Гүлцэнгэл

Авга хошууны Баянтуг сумын Арбулаг багийн залуу адуучин, уяач Гүлцэнгэл бол нэг үеийн сайн адуучин, нэрт уяач агсан Чулуу настны зээ  болно. Адуунд хайртай, Авга хар адуугаар үйлсээ босгох хэмээн зүтгэж яваа тэрээр нагац өвгийнхөө үүсгэн байгуулсан “Сэнсэн булаг” Авга хар адууг өсгөж үржүүлэх тусгай хоршоожлыг даачлан авч хөдөө нутагтаа адуучин болоод гялруулж явна.

Авгагийн Арбулаг гэхээр адуунд хайртай хүн бүхэн андахгүй ээ. Сэнсэрч хурайлан буудаг сэнсэн булгаас ундалж, сэтгэл сэргэтэл янцгаалдах домгийн хар адууд тэнд байдаг болохоор сурвалжилгаар гарсан өдрөөс хойш тэр л зүгт сэтгэл тэмүүлсэн билээ. Аз болж, Авга хошуун дахь сурвалжилгын сүүлчийн өдөр бид Арбулгийг зорилоо.

Сүсэг төрүүлсэн богд уулын хормойгоор өнгөрөхдөө бууж нэг мөргөчхөөд, сэнсэн булгийн дэргэдүүр гарахдаа сүжиглэж амсчхаад, хойшоо тахиж хориод газар сажлуулж явтал урьдаас сүрэг сэнсэн хар салхи хагаланхан айсуй харагдахад сэтгэлийг далласан газар мань энд гэдгийг мэдэрлээ. Гайхаж бишрэн харсаар нэгэн толгойг даван гартал цаахан доор нь уужим сүрлэг хашаа хороотой, хашааныхаа хаалганы хоёр талд том гээчийн морин толгойн баримал байрлуулсан, харахаас адуунд хайртай хүний хөрөнгө болох нь мэдэгдэх нэгэн айлд хүрлээ. Гэрийнхээ баруухан талд татсан уяан дээрээ согоо шиг хар морьдыг сувруулан уячхаад, хорь гаруй насны золбоолог залуу морио хусаж зогссон нь Гүлцэнгэл байжээ.

Адууны үнэрт “Гүл” тайтгарна

Хар багаасаа адуунд хайртай, адууны хөлс үнэртэж тайтгардаг гэх Гүлцэнгэл энэ жил 26 настай. Эднийхэн өөрөө зуу далаад хар адуутай.

Гүлцэнгэлийг ээжийнхээ хэвлийд байхаас аваад хурдан морьтой хувь барилдлагатай болсон гэхэд илүүдэхгүй. Ээж нь түүнийг жирэмслээд гурван сартай байхдаа цагаан сараар сумын наадамд хурдан морь унаж, аман хүзүүнд ирж байсан гэдэг. Авга нутгийн өвөл хүйтэн байдгийг хэлэх үү, аргамаг хурдан хүлгийн давхиа хатууг ярих уу, үнэхээр л монгол бүсгүйн чийраг махбод, шандас зоригийг гайхуулсан гэлтэй. ийм л хурдан морины хувьтай тэрбээр таван наснаасаа хурдан морь унаж, долоотой жилээ Наранбулгийн наадмаар анх даага унаж түрүүлж байсан. Найрын од нь ингэж наадмын тэргүүнээр буусан монгол залуу маань нэг л мэдэхэд өөрөө морь уядаг болжээ.

Гүлцэнгэлийн уясан ах дүү хоёр өсгий цагаан хурдан морь бий. Долоон настай “Бүдүүн өсгий”нь 2013 онд Авга хошуу болон Зүүн Үзэмчин хошууны мөнгөн өвлийн найрт дараалан түрүүлж, Баруун Сөнид хошууны тэмээн соёлын найрт айрагджээ. Сүүлийн жилүүдэд Авгагийн уяачид өвөлдөө азарга уяж эхлэхэд залуу уяачийн мань “Таван цагаан” хэмээх хурдан удмын хар азарга нэрээ дуурсгаж эхэлжээ. “Үрээнд нь нэг уясанд, Цэнгэл сумны овоон найрт түрүүлж ирэв. Нас бага болохоор олон уралдаанд тавихгүй байгаа, энэ өвлөөс найрт уралдуулах санаатай” гэлээ.

“Нагац өвөөгийнхөө зааж уламжилсан юм их бий. Бага байхад нагац өвөөгийнхөө уясан морьдын уралдаанаас өмнөх сорионд нь би унадаг байсан, тэгж явахдаа зааж сургасныг нь цээжилдэг. Морь мориндоо зохирсон уялгатай байж, идэш хоол нь ч өөр өөр байдаг. Ингэж морь уяад бас дөрөв таван жил болчихжээ” гэх залуу адуучны омголон ярианаас сайн адуучин болох нь гарцаагүй тодорч байлаа.

“Цэнгэсэн булаг”-гийн цэцэн хүлгүүд

Авга хар адууг бас сэнсэн хар адуу гэдэг, Авга хошуу гадагш сурталчлахад дөхөм, ойлгоход хялбарыг бодож сүүлийн үед “Авга хар адуу” гэдэг болжээ. Сэнсэн хар адуу хэмээх нэрийдэл нь сэнсэн булгаас ирэлтэй. Энэ булгийг мөн “Цэнгэсэн булаг”гэдэг байжээ. Эзэн богд Чингис хаан үүгээр өнгөрөхдөө ус дутагдаж сэлмээрээ цавчиж булаг гаргаад, цэргүүд нь баясалцан цэнгэснээр “Цэнгэсэн булаг” нэртэй болсон хэмээх сайхан домогтой.

Сэнсэн хар адуу нь Авгачуудын түүхэнд балрашгүй гавиа зүтгэл үзүүлсээр ирчээ. Түүхэн баримтаас дурдвал 1958 онд байгуулагдсан “ Хар морьт сум” бий. Олонх цэргийн уналга нь цөм сэнсэн хар морь байсан болохоор “Хар морьт сум” гэж нэрийджээ. 1960 онд, анхны сумын засаг дарга Чулуунбаатар Бээжин орж, улсын хэмжээний өрхийн цэргийн төлөөлөгчдийн их хуралд оролцож байсан бөгөөд Жөү Ерөнхий Сайдаас Чулуунбаатарт явган буу хүргэсэн нь тухайн үеийн төрийн удирдагчид “Хар морьт сум”-ыг маш хүндээр үнэлж байсныг гэрчилнэ.

Гүлцэнгэлийн нагац өвөө нь залуудаа хар морьт суманд сумын засаг дарга ажиллаж байжээ. Богинохон ургатай, морь сайн суулгадаг гайхалтай ургачин байсан гэдэг. “Хар адуу туурай сайтай, уналга даадаг” гэж байнга ярьдаг бөгөөд эднийх үеийн үеэрээ Авга хар адууг хамгаалж өсгөсөөр ирсэн болохоор Гүлцэнгэл ч нагац өвөөгийнхөө адууны үйлсийг залгамжилж, хайртай хар адуугаа үржүүлж өсгөж байна.

Гүлцэнгэлийн хариуцаж байгаа “Сэнсэн булаг” Авга хар адуу өсгөн үржүүлэх тусгай хоршоожил нь 2010 онд байгуулагджээ. Анх Арбулаг багаар төв болгосон найман айл байсан бол одоо арван айл болон нэмэгдэж, нийт 1400 шахам хар адуутай. Уг нь айлууд бөх адуугаараа хоршоожилд хувь ордог байсан бол энэ жилээс нутаг бэлчээрийн даац, маллах арга хэлбэр зэрэг талыг бодолцоод нэг айл хоёр гүүний дээр 2000 юанийн хөрөнгө оруулахаар тогтсон байна.

“Манай хоршооны гол зорилго нь Авга хар адууны үүлдрийг хамгаалж үржүүлэх дээр төвлөрч, үүний зэрэгцээгээр бас Авга хар адууны гаралтыг малчиддаа хүртээн, Авга хар адууны үүлдрийг сайжруулж байна. Үүнд хамгийн гол нь Авга хар адуугаа өсгөх ажил болохоор бүх адуугаа үүлдэр сайжруулах нь чухал биш харин нэг азарга адуугаа хурдан үүлдрээр, хоёр азарга адуугаа нутгийн сэнсэн хар удмаар нь үлдээнэ. Ирэх жилээс айраг худалдан хоршоожлын орлогоо нэмэхээр төлөвлөж байна” гэж Гүлцэнгэл хоршоожлынхоо хэтийн төлөвлөгөөг хэлнэ.

“Адуу бэлчээрт байхаар сэтгэлд нөмөртэй санагдана” гэж сурвалжилгын үеэр Гүлцэнгэл байн дахин ярьж байснаар тэрбээр адуундаа маш их  хайртай байгаа нь илхэн. Хар адуугаа өсгөж үржүүлж байх нь түүнд авч хэлбэл ашиг орлоготой тийм ч хамааралгүй. “Зундаа айраг зарж, хувь айл нь 10 гаруй юанийн орлоготой. Манайх адуугаа бараг худалддаггүй, хөгшин буурайгаа худалдсан орлогыг гаргавал хар адууны орлого гэж өөр байхгүй”гэж Гүлцэнгэл хэлнэ.

2000 оны цагаан зудад их олон айл адуугаа худалдсан бол эднийхэн дэхий хүнд хэцүү байсан ч адуугаа худалдаагүйд хүмүүс их гайхдаг бөгөөд “Адуу зудаар хамгийн хэрэггүй амьтан, хүн адалж байгаа юмыг тэд нар үлдээгээд сонин хүмүүс” гэж нутгийнх нь хэлдэг байжээ. “Тэр жилийн зуднаар малчид их гамшигдсан, адуу малаа цөөлөн худалдаж байсан ч манайх нэгийг ч худалдаагүй, адуундаа харахаар л харамлах юм” гэж Гүлцэнгэлийн ээж Улаан хэлнэ.

Адууныхаа нөмөрт тал шиг тэнийн, айргийнхаа амтанд хаан шиг жарган, Авга нутгийнхаа уудам өрцөнд ажил үйлсээ босгон амьдрах адуучин Гүлцэнгэлийн уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь хөнгөн, найр болгонд айраг амсаж, наадам болгонд цолоо дуудуулах болтугай!

 

 

 

 

Зохиогч: Урьхан, Урантанаа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл