
Өвөр Монголын “Солонго” мэдээллийн төвөөс зохион байгуулсан “Солонго”-ын өдөрлөг 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж өнгөрлөө.
Өдөрдлөгийн үеэр “Солонго” сонин болон “Солонго” сайтын APP /Apple, Андройд хувилбар/ албан ёсоор ашиглалтад орсныг олон нийтэд хандан зарласан бөгөөд цаашид хэвлэлийн ажлаа хэрхэн эрчимжүүлэх, мэдээ мэдээллээ хэрхэн түгээн дэлгэрүүлэх, уншигч, хүлээн авагчдаа хэрхэн хамгийн шинэ мэдээ мэдээллийг хүргэх, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтын ажиллагаагаа нэг алхам эрчимжүүлэх тухай дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ. Тус уулзалтад “Солонго” мэдээллийн төвийн эрхлэгч, сэтгүүлчид, уг төвийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгчид болон Монгол Улсын эрдэмтэн, судлаач, сэтгүүлчид оролцож, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн тус төвөөс жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдөр “Солонго”-ын өдөрлөгийг зохион байгуулж байхаар товложээ.

Сүүлийн жилүүдэд Дундад, Монгол хоёр орны дипломат харилцаа гүнзгийрэхийн хэрээр хоёр орны хэвлэл мэдээлэл, соёл урлагийн солилцоо хөгжиж, хамтын ажиллагаа дээшилж байна. Хоёр орны эдийн засаг нийгэм, урлаг соёлын найрамдлын гүүр болсоор ирсэн “Солонго” мэдээллийн төв нь хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн зэрэгцээ өөрийн мэдээ мэдээллээ илүү өргөн хүрээнд цацах, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор тус арга хэмжээг зохион байгуулсан юм.
“Солонго”-ын өдөрлөгийн арга хэмжээний нэг болох “Хорчины эгшиг” концерт тус өдрийн үдэш Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд болж, уухайн түрлэгийн дунд өндөрлөв.

“Солонго” мэдээллийн төв болон Цог соёл зуучийн компаниас хамтран зохион байгуулсан “Хорчины эгшиг” концерт нь Дундад, Монгол хоёр улсын соёл урлагийн солилцоонд өнгө нэмэн, элэг нэгтэй Монголчуудаа ая дууны цэнхэр хадгаа өргөн барьсан байна.
Өвөр Монголын “Солонго” мэдээллийн төв 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мэдээ мэдээллээ цацаж эхэлсэн. Дундад улсын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба болон ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны удирдлагаар ажиллаж, Өвөр Монголын Өдрийн Сонины харьяа гадаад сурталчилгааны хэвлэл мэдээллийн төв болно.
Одоогийн байдлаар “Солонго” мэдээллийн төв нь кирилл бичгээр “Солонго” сэтгүүл /сарын сэтгүүл/, Солонго сэтгүүлийн APP, “Солонго” мэдээллийн сайт (Солонго гар утасны сайт, Солонго APP /Apple, Андройд хувилбар/), “Солонго” сонин /долоо хоног тутам/, Солонго сонины APP, Wechat мэдээ, microblog зэргээр мэдээллүүдийг гаргаж байна.








