solongonews
Алтанхуар: Шинэ байрандаа жаргалтай байна/ Мөнгөн өвлийн сурвалжлага
2015-01-07 08:28
Алтанхуар шинэ байрандаа жаргалтай байна


        Өвлийн эхний Урад нутаг хүйтэн салхинд дагжиж байгаа гэмээр чилдэн цулгай царайлж, тэнгэрийн хаяа будангидан байлаа. Армаг тармаг хэдэн заг, бут сөөгтэй нүцгэн улаан говьд хэдэн тэмээ салхи зүсэн ажиггүй хүзүү сунган алхалахад, хааяа замын хажуугаар хөрзөн оройлсон бүдүүн хангай цамбан хашаатай ханагар өвөлжөөтэй малчин айлууд суурьшсан харагдана. Бид үүнийг гайхан түүнийг сонирхож, төдөлгүй Урадын хойд хошууны Цогт- Өндөр балгасанд хүрэв.
      
 Нэгдүгээр сарын 28-нд бид Цогт-Өндөр балгасны “Малчдын шинэ байр"-нд хүрч Алтанхуар настныг сурвалжлав. Өвлийн жихүүн салхи хацар нүүрийг хайр найргүй үлээж, хуруу чимчгэнүүлж байсан ч гэрт ормогц дулаан таадай. Настан бидэнд цай ойртууллаа.


         Алтанхуар настан Урадын хойд хошууны Хөвч сумын Чандмань гацаанд нутагтай. Чихрийн шижин өвчнөөр өвдөөд удаж байгаа болохоор байнга эм уудаг. Бэлчээрлүүлэн мал хариулахыг зогсоон, билчээр нутгаа сэргээх төрийн бодлогын дагуу сумын төвд ирж, байр түрээслэн сууж байжээ. Настны дөрвөн охин нь туурга тусгаарлаж тусдаа амьдрах болсноос настны дэргэд харж, асрах хүнгүй болов. Алтанхуар гуай өөрийн энэхүү байдлаа хошуу сумын засаг дарга нарт дамжуулж дэмжлэг хүссэнд хошууны засгийн ордноос Цогт- Өндөр, Баянчандмань, Хөвч гурван сумын 60 наснаас дээших 2 настныг Цогт- Өндөр балгасын төвд барьсан "Малчдын шинэ байр"-нд төвлөрүүлэн суулгах төрийн бодлогыг хэрэгжүүлсэнд Алтанхуар настан азаар сонгогдож тохилог байрд тавтай жаргалтай амьдрах болов.


 -Бидэнд авч хэлбэл энэ бүхэн бүгд төрийн бодлогын ач гавьяа билээ, өтлөхийн үзүүр нам засгийн сайнаар бие амар сууж, халуун дулаан өвөлжиж байна. Энэ байшин жилдээ 500 юаний төлбөр авдаг, маш хямдхан, бараг л зүгээр сууж байна гэсэн үг, бас нүүрс өгч байна.


 Энднийх уг нь говь нутагтаа 500 гаруй мал маллаж, өөд өнгөтөй сайхан л амьдарч байжээ. Гэвч бэлчээрлүүлэхийг зогсоон билчээр сэргээх болсон тул тэд 60-аад мал үлдээгээд бусдыг нь худалдсан байна. Нас ахиж тамир тэнхээ суларсан болохоор "Малчдын шинэ байр"-нд нүүн оров. Алтанхуар мянган га бэлчээрийн газрын жилд нийт улсын нутаг бэлчээрийн төлбөр тэтгэлэг гэж 70 мянга гаруй юань авдаг. Нөхөр нь эрт нас барснаас нутаг бэлчээрийн нөхвөрийн мөнгөө дөрвөн охинтойгоо хувааж авдаг. Сар болгон авдаг 1300 юаний нийгмийн даатгалын мөнгөө нэмбэл түүний амьдралын зардалд хангалттай хүрдэг байлаа.


  - Дөрвөн охин минь намайг ээлжээр асарч харж халамжилж байдаг, хоёр охин минь хөдөө амьдардаг. Над шиг нас ахиж тамир тэнхээ муудсан хүнд энэ тохилог байранд суух нь хавьгүй жаргал. Хүүхдүүдээ санавал утсаар ярихад тэд минь хүрээд ирчихнэ гэж настан гуай энэ шинэ байрдаа тун сэтгэл хангалуун байх нь илхэн. Гэвч хөдөө нутаг, ач үрээ, мал ахуй гээд сэтгэл алгасаж санаа болсоор байлаа. Зарим залуус цөөн хэдэн малаа худалдан хот орж бие амар амьдрах дуртай болж, улсаас өгсөн хэдэн төгрөгийн билчээрийн нөхвөрөө бүрэлгэн, аж амьдрал нь уруудан доройтож байгааг настан бидэнд нэлээд өгүүлэв.

Зохиогч: Мөнгөнхэлхээ, Хүүдүүт
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : \"Солонго\" сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл