solongonews
Отгийн өвөл шанзны эгшигт бүлээснэ
2015-01-23 15:44
Амгалан талыг өвч бүрхсэн өвлийн шөнөөр Арвас нутгийг зориход 20:00 цаг өнгөрч байлаа. Тэнд нэг онцгой “Тоглолт ” биднийг хүлээж байлаа.

 

 

        Ус нутагтаа хүндтэй бүсгүйчүүдийн тухай Отог нутагт хүрсэн цагаасаа байнга сонсож, уулзахыг хүссэн сэтгэлд элдвийн таамаг бууж байсан. Хоточ нохой холоос чимээ өгч, хуур шанзны эгшиг цуурайтсан нэгэн айлын гадна бид очив. Арваад машин зогссон нь хол замын хүмүүс энд цуглаж байгаа нь илхэн.

Гэрт ороход нэгэн жижигхэн өрөөнд хүмүүс пиг дүүрч, хуур шанзаа хөглөнө. Тун удалгүй монголоороо гоёсон бүсгүйчүүдийн тоглолт эхлэн, хуур шанзны эгшиг түмнийг баясгана.

Эдгээр бүсгүйчүүдийн ур авьяас, уянга дуу ар араасаа үргэлжлэх олон сайхан тоглолтод согтууран суухдаа Арвас нутгийн бүсгүйчүүдийн авьяасыг эрхгүй бахдан гайхлаа. Урлагийн хамтлагийн гишүүдийн олонх нь бүсгүйчүүд байсан нь энэхүү хамтлагийн нэгэн онцлог юм. Малчин бүсгүйчүүд гэж жилийн дөрвөн улиралд амрах завгүй ажилтай улс аа! Харин тэдний амьдралд бас нэгэн зүйлийн өнгө будаг нэмэгдэж, авьяасаа үзүүлэх сайхан тавцантай болжээ. Урлагийн хамтлаг нь эхлээд арваад гишүүнтэй байсан бол нэг жил өнгөрөхөд гучаад гишүүнтэй болж, арав гаруй төрлийн хөгжим хөгжимдөж байгааг нь харахад мэргэжлийн уран сайханчдын тоглолтоос юугаараа дутах билээ гэх сэтгэгдэл төрүүлнэ.

 -Арав гаруй жил арилжаа наймаа хийж явлаа. Тэгээд хөдөөнөө буцан ирж мал малласны дараа малчдын амьдрал дэндүү цулгай, уйтгартай санагдсан. Өдөржин ганцаараа гэртээ хөгжимдөж суухаа хамтдаа дуулан хөгжимдөж, хамт байх нь илүү сайхан. Ардын түмний дунд ховор болсон хуур, шанз зэрэг монгол хөгжим урлагаа хойч үедээ уламжлахыг бодсон нь илүү юм гэж “Хүжийн дөл”-ийг үүсгэн байгуулагч Отгонхуар бидэнд танилцуулж байлаа.  

Анхандаа хүн цөөн байхад Отгонхуарынд бэлтгэл сургалт хийдэг байсан бол хамтлагийн гишүүд олшроод айл дамжин бэлтгэл сургалтаа хийх болжээ. Халуун хүйтэн, цас бороог ч үл хайхран бүгдээрээ хүрэлцэн ирж, шөнө дөл болтол бэлтгэл хийдэг удаа ч бий.

        Малчдын олонх нь урлагийн хамтлагт орсон хойноо хөгжим бүжгийг сурчээ. Тэд бэлтгэлийн явцад харилцан суралцаж, зарим нь хошууны төвд хөгжмийн сургалтад сууж мэргэжил дээшлүүлжээ. Хэдийгээр ажил ихтэй ч бэлтгэлийн эрчээ огт алдаагүй. 

Одоогийн байдлаар урлагийн хамтлаг арваад бүжигчинтэй болж, дуулж, хөгжимдөж, бүжиглэх гээд бүгдийг нь чадна. Өнгөрсөн жил “Хүжийн дөл” урлагийн хамтлаг нь хошууны наадамдаа оролцож шагнуулсан нь тэдэнд их урам өгсөн явдал болжээ. 

 “Шагнал урамшуулал бидэнд өгсөн үнэлгээ. Гэвч бид ганц үүний төлөө л зүтгэж яваа биш, харин үндэстний соёл урлагаа яаж уламжлан хамгаалахыг чухалчилж байна” гэж Батхишиг гуай ярьж байлаа. 

Тэдний итгэл зүтгэлийн хариуд “Хүжийн дөл” нь их нэр нөлөөтэй болжээ. Найр хурим болохоор тэднийг урих нь ч олширч, тэд ч үнэ төлбөргүйгээр тоглолт хийж, малчин түмэндээ ая дуугаа өргөж явна.

        Ёочин, шанз, дөрвөн утаст хуур, лимбэ, хийл, гитар, морин хуур, аман хуур, баян хуур зэрэг арав гаруй төрлийн хөгжмийг мэргэжлийн хүнээс дутахааргүй тоглохыг нүдээрээ харсан бид энэ нутгийн авьяасыг бахдаж байлаа.

Бидний сурвалжлага шөнийн 12 цаг болтол үргэлжилж, Арвас нутгийн халуун сэтгэлт малчдын дуу хуурын эгшигт сэтгэл хоргодон буцах замдаа орсон билээ! Үндэснийхээ язгуур урлагаа уламжилж хөгжүүлнэ гэж нэг л сэтгэлээр нэгдсэн “Хүжийн дөл” талын оч болж улалзан дүрэлзэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

“Хүжийн дөл ” урлагийн хамтлагийн тоглолт

Аялгуу эгшиг бялхсан малчдын амьдрал

Малчин бүсгүйн жаргал

Шанзны эгшигт нас залуужна

 

Зохиогч: Урантана, Урихан
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл