Тал нутгийн Монгол үндэстний шинэлэх зан заншил ямар онцлогтой вэ?
Цагаан сар бол Монгол үндэстний хамгийн чухал тэмдэглэлт баяр юм. Жил бүрийн цагаан сарыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэдний шинэлэх зан заншил нь үндэсний өвөрмөц онцлогтой. Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа сэргээн засварлана. Гэрийн гадна дотногүй тоос шороогоо гөвж, угаалга цэвэрлэгээ хийж, цагаан сардаа хир буртаггүй, хараалын муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг бэлгэдэж золгон угтдаг.
Битүүний өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь сэргэдэг хэмээн үздэг байна. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, ширээгээ засаж дээр нь битүүлгээ өрөөд, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөн, бурхандаа дээжилсний дараа эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогонд хонины битүү толгой юм уу, өвчүү тавина. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж хөндөж эхлээд дээжийг нь галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух зэргээр тоглодог. Энэ үдэш мал ахуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулдаггүй.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, боов боорцог байдаг. Шинийн нэгэнд ургах нартай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөж, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөж, өрхийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Зочид ширээнд суухад элэгсэг дотноор: -Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу гэж ахмад хүндээ хөөрөгний толгойг суллан хүндэтгэж барина. “Сайхан сайхан” гэж хариулна. Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлгах буюу гарын бэлгэнд идээ цагаа, элбэг өгөөжтэй сар шинэдээ золгон орлоо гэсэн бэлгэдлээр цагаан сарын идээний дээжээс хүн болгонд хүртээдэг байна.



