solongonews
Баргын сайн малчин Пунцагдаш
2015-03-02 09:55
Хөхөө өвлийн Баргын тал мөнгөн цагаан хүрмээ нөмрөн, хөр цасанд хучигдсан уул толгод, тал нуур нийтдээ цайраад зөрөн өнгөрөх машин тэрэгнээс өөр бүх зүйл гүн нойрондоо орсон гэмээр.

Нар дээр байхад сурвалжлагч хоточ нохой шуугиулан айлын гадаа буухад гэрийн эзэгтэй тосон гарч ирлээ. Сурвалжлагчийн ирсэн зорилгыг сонссон эзэгтэй Долоодын зусланг зааж: “Манай хүн адуудныхаа хойноос явсан, ойрхон байгаа. Холоос ирсэн зочин байна, гэрт ороод цай уугаарай, би утсаар дуудъя” гэж биднийг гэртээ урьлаа. Хашир малчин Пунцагдашийн ажил үйл, амьдралыг нь сурвалжлахаар ирсэн бид Пунцагдашийн адуундаа явж байгаа гэснийг сонсоод гэрийн эзэгтэйн халуун урилгад талархан Долоодын зусланг чиглэлээ.

Долоодын зусланд адуун сүргээ эргэхээр явж байгаа Пунцагдаш гуайн араас нь очиж Бэрстийн салаа зам дээр сурвалжлагаа хийсэн юм. Зургаан ес болсон ч Хөлөнбуйрт 30 хэмийн хүйтэн хайрч байлаа. Пунцагдаш гуай хацар зүсэм хүйтнийг сөрөн зогсоход хөдөөний салхинд боргошин дассан царай нь улаа татан харагдаж байв. Амьсгалахад нь уур савсаж хүйтний эрчийг мэдрүүлж байсан ч Пунцагдаш гуай: “Харин энд гайгүй сайхан байна, манай адуу өвөлжиж байгаа газрын цас их, адууны өвдөгт хүрч байгаа. Мал ороогүй болохоор цас хатуураагүй, адуу л тулдаа аргалж өвөлжиж байна” гэж ажиг ч үгүй хэлж байлаа.

Пунцагдаш гуай малд нүдтэй, гаршсан, ажилч нямбай хүн болохоор мал нь сайн өсөж, хол ойрдоо алдаршсан ажээ. Нутаг бэлчээрийн хувиарлалт хийх үед 148 хонь, 13 үхэр хувааж өгсөн гэдэг, өнгөрсөн жил 2000 гаруй хонь, 100 гаруй үхэр, 100 гаруй адуу, 60 гаруй ямаа, 2 тэмээ таван хошуу малыг өсгөн үржүүлж яваа баян Баргын нэртэй айл болсон байна. Одоо 1000 га нутагтайгаас гадна хэдэн арван га бэлчээр түрээслэн, бэлчээр нутагтаа тор татан хүрээлсэн бөгөөд нэлээд хэдэн хэсэг хувааж, сэлгэн бэлчээрлүүлж байна.

 -Тухайн үед хувааж авсан 140 хонио ахынхаа 11 үхрээр сольж, зөвхөн үхэр маллахаар бодож байжээ. Гэвч үхрийн өсөлт удаан болохоор дахин 60 гаруй хонь худалдан авч, хонин сүргээ өсгөж эхлэв. 1983 онд манай нутагт цагаан зуд болоход гэргийтэйгээ хоёул дөрвөн үрээ чирээд Дундад, Монголын хил дагаж хонь үхрээ маллаж онд мэнд оруулсан билээ. Тэр үед мал сүрэг ихээр сүйдэж, зарим айл сүргээр нь үхүүлж байсан. Хөлөнбуйрын тал нутаг бэлчээр уудам бөгөөд тухайн үед газар нутаг хуваагаагүй байснаас шил газар, уул энгэрээр өвөлжиж, хавар төл тосож дуусаад өвсний соргог, усны тунгалгийг даган зусаж, намар өвс бордоог ихээр нөөцөлдөггүй байсан. Тэр их зудаас хойш малчид өвс бордоо хадаж нөөцлөх хэрэгтэй гэдгийг мэдсэн гэж Пунцагдаш гуай эргэцүүлэн ярина.

Зуд гамшиг малчдын шандсыг сунгаж, туршлагыг шалгадаг бол хулгай дээрэм малчдын мал унааг хороодог бас нэгэн даваа байдаг. Пунцагдаш гуайнх Монгол Улсын нутагтай ойрхон хиллэдэг. 1996 оны нэг өдөр Пунцагдаш гуай жаран хэдэн адуугаа Монгол Улсын хулгайчид алдсан байна. Хайртай морьдоо хулгайд алдах гэгч малчин хүний хувьд их цээр байдаг хойно тэр жилжин араас нь эрэл сураг болж байгаад 15-ыг нь олж авчирсан байна. Бас хоёр ч удаа адуугаа алдаж байсан түүхтэй.

 -Адуу гэдэг амьтан арчилж додомдоход амар ч хурааж цуглуулахад хэцүү, зуд гамшигт амархан сүйддэг. 2012 онд Баргын тал цагаан зудад нийтээрээ залгигдаж, машин тэрэг хүн амьтан орж гарч чадахааргүй битүүрчээ. Тэр их зудад манайх цөөн хэдэн адууныхаа арваадыг үхүүлээд гол харлаж, яахын аргагүй байсан. Долоон зуун адуутай малчин айл хоёр гурван зуун адуугаа зогсоогоор нь үхүүлж байсныг сонсоод нүд харлаж манарах шахсан гэж хэлээд өөрийн сүрэг адуугаа харан бодлогоширно.

Дал дөхөж байгаа Пунцагдаш гуай мал маллахад өөрийн гэсэн бодолтой, зөвхөн тоо толгой хөөцөлдөж явсан биш, тэнгэрийг түшин мал малладаг уламжлалт мал аж ахуйн арга хэлбэр, байгаль орчин эвдэгдсэн одоо үед тохирохгүй болсныг мэдээд, дээд шатны төрийн бодлогыг идэвхтэй дагаж, уламжлалт мал аж ахуйн хэлбэрээс байгаль орчноо хамгаалах мал аж ахуйн хэлбэрт шилжиж, онцлон суурь бүтээн байгуулалтаа чангатгах ба малын үүлдрийг орон нутгийнхаа онцлогт тохируулж маллах зэрэгт анхаарал тавьж иржээ.

 -Миний бодлоор Барга хонь маш өлчир байдаг. Барга хонины сүүл нь жижиг, бие нь өндөр, Шилийн голын хонийг манайхны хоньтой харьцуулбал бие урт, сүүл нь том, харахад сайхан байдаг. Би Барга удмын хонио Шилийнголын хоньтой эрлийзжүүлж байсан. Манай энэ хүйтэн оронд Барга удмын хонь нь дээр, хүйтэнд даацтай, 40-50 хэмийн хүйтэнд ажиг ч үгүй байдаг. Үхрийн үүлдэр дотор манай Гурван голын үхэр хамгийн сайн гэж хувьдаа боддог. Махны үүлдрийн үхэр харахад сайхан ч адил насны гурван голын үхэр болон махны үүлдрийн үхрийн мах зарахад 15 килограммын зөрөө гардаг. Гурван голын үхэр туранхай ч мах ихтэй байдаг. Миний бодлоор Барга удмын малаа үлдээх нь Баргын түүх соёлоо үлдээж хадгалж байгаатай адил гэж олон жилийн туршлагаасаа ярьж байлаа.

Мал аж ахуйн соёлын уламжлал залгамж, орон нутгийн шилдэг үүлдрийн мал сүргээ хаяж, сохроор бусдын арга барилыг хэрэглэж байгаа хэсэг хүмүүсийн байдал нь мөн Пунцагдаш гуайн санааг зовоож байгаа асуудал болно.

 -Өмнө газрын цөөхөн малтай, бэлчээр нутаг бага газрынхан хашаалж маллахгүй байхын аргагүй. Гэтэл тэр арга барилыг бид судалгаа хийхгүйгээр шууд хэрэглэх нь зохисгүй. Манай энд бэлчээрийн малаар голлодгоос малын тоо толгой харьцангуй олон, иймээс хашаалж маллах нь тохиромжгүй. Таван хошуу мал бол бэлчээрт бордоо болгоод явдаг учир нутаг бэлчээрийн ургацад сайн, хөрс шорооны шим тэжээлийг хамгаалж байдаг гэж туршлагаасаа нуулгүй ярина.

Насаараа малтай ноцолдож явсан өвгөний хашир толгой тэр хэвээрээ мал аж ахуйн ухааны бүрэн толь мэт. Үр хойчдоо монгол амьдралыг уг хэвээр нь өвлүүлэх гэж таван хошуу малаа өсгөн үржүүлж явна. Тал нутгийн байгаль орчныг хамгаалж, мал сүргээ сайн өсгөх гэж ухаанаа шавхаж явна. Баян Баргын хашир малчны сайн нэр сайхан алдар ор хоосон зүйл биш юм.  

 

Зохиогч: Улаан,Ургамал
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл