solongonews
Малчин Цэцэнтийн талбай
2015-03-02 10:01
2 сарын 8-ны өдөр сурвалжлагч баруун Үзэмчин хошууны Жирийн гол балгасны Дөрвөлж гацааны “Орчин үеийн үлгэр жишээ үзүүлэх гэр бүлийн мал аж ахуйн талбай” байгуулсан малчин залуу Цэцэнтийнд очиход улаан цэнхэр оройтой байшин, пин хороо нь цаст талын дунд өнгө ялгаран харагдана.

 

Европ маягийн байшин нь зочны өрөө, галын өрөө, ариун цэврийн өрөө, унтлагын өрөөтэй, арьсан буйдан, зурагт, хөлдөөгч, угаалгын машин, хоолны ширээ, бичгийн ширээ, компьютер зэрэг шинэ цагийн эдлэл хэрэглэл бүхнийг тавьж, хотын амьдралтай адил хөдөөний айлын хээнцэр байдлыг харуулж байлаа. Ам бүл гурвуулаа, өөрийн хариуцсан 330 га нутаг бэлчээр дээрээ 360 га нутаг бэлчээр түрээслэн Үзэмчин хонь маллаж байна. Ойрын жилүүдэд Цэцэнтийнх газар орныхоо онцлогт тохируулан Үзэмчин хонь маллах тусгай үйлвэр байгуулж, үйлдвэрлэлийн арга маягаа өөрчлөн, байгаль орчноо хамгаалан, тооцоо хийж маллан малынхаа үүлдрийг сайжруулснаар одоо 650 гаруй хоньтой, өнгөрсөн жилийн бүх орлого нь 360 мянган юань болж чинээлэг амьдралтай өрх болжээ.

 

Ажилч, арвич, ажил хөдөлмөрд гаршсан, шинжлэх ухаанч мал аж ахуйн арга туршлагыг үргэлж анзааран явдаг нэг гэрийн хоёр өнгөрсөн жилийн хошууныхаа “Арвыг бүрхүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалтын төрөл зүйлийг мэджээ. Суурьшил газраа амьдралын тойрог, үйлдвэрлэлийн тойрог гэж хоёр хуваан, амьдралын тойрогтоо 400 мянган юаний хөрөнгө оруулалт хийж, гурван өрөөтэй байшин, нэг машины граж, 300 кв.м хашаа хүрээ, жорлон зэргийг барьж, 24 цагийн цахилгаан нэвтрүүлэн цахилгаан худаг гаргаж, радио телевиз хүлээн авах төхөөрөмж угсарчээ. Үйлдвэрлэлийн тойрогтоо 360 мянган юаний хөрөнгө оруулалт хийж, 240 кв.м малын пин, 200 кв.м өвс хадгалах саравч, 1500 кв.м хонины хашаа барьж, хянах талбай, хонь угаах онгоц, ногооны зоорь, хонь хайчлах машин, өвс бордоо жижиглэх машин зэргийг бүрдүүлж, Үзэмчин хонь маллах гэр бүлийн мал аж ахуйн талбай байгуулсан байна.  

Хөдөө нутгийн нар салхинд цохигдон хар бор ажилд нухлагдан борлосон царайтай дөчин насны дөрөөн дээр яваа Цэцэнт дуу цөөнтэй ч:  

 -Уул нь манай орон сууц муу байсан ч эхлээд малаа өсгөн хэдэн жилийн дотор нэлээд суурьтай болоод орон сууц, пин хорооны бүтээн байгуулалт хийж хөдөө юу ч дутахгүй сайн сайхан амьдарна гэж бодож байсан. Өнгөрсөн жилийн хошууны “Арвыг бүрхүүлэх төсөл” болон мал аж ахуйн өрхийг дэмжих хүрээнд өөрийн гэр бүлийн мал аж ахуйн талбайг байгуулах хүслээ биелүүллээ. Хожим нь манайх мал аж ахуйн талын бүтээн байгуулалтдаа хөрөнгө оруулах шаардлагагүй. Энэ жил 3 хэсэг тэрэг унаа машин багажаа хийх байр сав барьж, хуучин суурьшлаа засан сэлбэж авна. Гол нь Үзэмчин хониныхоо үүлдэр угсааг сайжруулж, зүүн Үзэмчин буюу ойр хавийн малчдаасаа удам угсаа сайтай 15 хуц аваад байна. Хонины тоо толгойгоо 600 дотор хязгаарлан, байгаль орчноо хамгаалж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жил 67.5 мянган килограмм өвс, 7.5 мянган килограмм бордоо авч, одоо хонио өвслөн бордож байна. Энэ хавар 500 шахам толгой төл хүлээн авахаар бэлтгэж байна. Ингээд хонь мянга хүрнэ гэж баяртай ярьж байлаа.  

Цэцэнт нэг охин дүүтэй, Шилийн хотод амьдардаг байна. Хөдөлмөр хүч хүрэлцэхгүй тул малчин авч ажиллуулаад 6 жил болж байгаа бөгөөд хоёр гэрээрээ ах дүү мэт эв найртай аж төрж, жилд 50 мянган юаний цалин хөлс өгдөг байна.

-Манай хоёр дүү ажилд сайн. Зөвхөн бид хоёр бол яасан ч ажлаа хийж амжихгүй ээ гэж байлаа.

 -Манай нутгийн өвс бэлчээр ус унд сайн, төрийн бодлогын дэмжлэгтэйгээр дутах зүйлгүй сайхан сууринг байгуулж, хот газрын амьдралаас дутахааргүй амьдрах болсондоо тун баяртай байна. Шөнө орой хоттой хонио эргэж үзэх гэж гадагш гарахааргүй болсон. Төлийн үед шөнө босоод компьютероо хараад л хоттой хонио олж харна гэж гал тогооны өрөөгөө цэвэрлэж байсан гэрийн эзэгтэй Мөнхцэцэг ярьж байлаа.

Залуучууд хормой дэрвүүлэн хотруу гүйж, хөдөө нутагтаа суухгүй болсон тухай Цэцэнт ойлгохгүй байлаа. Тэр:

 -Манай энэ зэргэлдээ гацаанд гучин наснаас доош мал маллаж байгаа хүн гуравхан байна гэж сонслоо. Одоо хөдөө нутагт мал маллах залуучууд жилээс жилд цөөрч байна. Ийм сайхан төрийн бодлого, сайхан нутаг бэлчээртэй байж малаа маллахгүй, хот газар очиж хүний доор ажиллана гэдэг амаргүй. Хөдөө нутагт одоо бараг юу ч дутагдахгүй шүү гэж байв.

Зам харилцаа сайн хөгжиж, 24 цагийн цахилгаантай, харилцаа холбоо саадгүй, гар утас, интернет бүгд нэвтрэх болсон гэж байна. Та интернетэд ордог уу?

 -Оролгүй яах вэ, ажлын зав чөлөөгөөрөө монгол, хятад интернетээр орж мэдээ, шүлэг, зохиол, сонин хачин сонирхон уншдаг. Гэрээсээ бүгдийг мэднэ. Хот газраас ялгаагүй, харин ч хотоос нам тайван гэлээ.  

Малчин залуу Цэцэнтийн байгуулсан гэр бүлийн мал аж ахуйн талбай нь Дөрвөлж нутгийн малчин түмэнд мал аж ахуйн том өрх буюу гэр бүлийн мал аж ахуйн талбай байгуулах үлгэр дууриалыг үзүүлэн, шинэ мал аж ахуйн орны бүтээн байгуулалтын шинэ хуудсыг нээсэн байна.

 

 

Зохиогч: Баярцэнгэл
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл