
Өнгөрөгч жилүүдэд цэлгэр далай мэт уудам цөл нь Найманы ард түмний сэтгэлийн хөндүүр болсоор байжээ. Хорчины цөлд байрлах Өвөр Монголын Түнляо хотын Найман хошууны нийт нутаг дэвсгэрийн 62 хувь нь цөл бөгөөд ядуу хошуу байлаа. 30 гаруй жилийн турш Найман хошуу нь хөгжих арга замаа идэвхтэйгээр өөрчлөн, үр өгөөжтэй экологийн онолыг мөрдөж, элсийг (цөлжилтөөс) сэргийлэх, засах болон орон нутгийн эдийн засгаа хөгжүүлэхийг нарийн уялдуулан, экологийн бүтээн байгуулалт болон малчин тариачдын орлогыг зэрэг нэмэгдүүлсэн хөгжлийн арга замаар явсан аж.
Найман хошууны хөгжил нь “Ногоон хувьсгал”-аас улбаатай юм. 30 жилийн турш Найман хошуу нь нийт 400 сая юаний хөрөнгө гарган 6 сая гаруй акр талбай элсийг засжээ. Ой модны хамрах хүрээ нь өнгөрсөн зууны 50-иад онд 5.9 хувь байснаас 2012 он болоход 32.48 хувь болон нэмэгдэж, Өвөр Монгол болон улсын тогтсон стандартын дундаж түвшнээс давжээ. Уг хошууны ойн салбарын жилийн үйлдвэрлэлийн өртөг нь 100 сая юанийг давж, ойн салбарын орлого нь малчин тариачдын цэвэр орлогын 40 хувийг эзэлж байна. Найман хошууны ойн хамгаалалтын газрын дарга Жан Чүньминь хэлэхдээ: -Экологийн орчин сайжирсан нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд шинэ хүчин зүйл болсон. Мөн экологийн тэнцвэртэй байдлын зүгээс авч үзвэл, хошууны экологийн орчин нэгэнт экологийн тогтвортой байдлаас тэнцвэртэй байх хандлага руу шилжиж, тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил нь экологийн орчинд илүү шинэ, өгөөжтэй нөхцөл байдлыг ханган өгч байна гэжээ.

Найман хошуу нь олон жилийн турш экологийн бүтээн байгуулалт болон хамгааллаар олон төрлийн мод тарин цөлийг ойжуулан өнөр ногоон хангай болгожээ. Ойжуулах төслийн хүрээнд ойжуулах, зүлэгжүүлэх ажилд хандуулан хэсэг тусгай ажлын хүмүүс болон өрхийг бий болгожээ.
Экологийн нөхцөл байдал сайжрахыг дагаад Найман хошуу цөлд зохицсон таримлыг тарьж ургуулан, ахуй амьдралаа өөд нь татах шинэ замыг нээжээ. Энэхүү цөл нутаг нь нарны гэрлийн тусгал сайн, температурын зөрөө их, газар доорх усны нөөц элбэг, бохирдолгүй зэрэг давуу талтай байдгаараа бохирдолгүй газар тариаланг идэвхтэйгээр эрхэлж байна. 2007 онд Найман хошууны Дүн Мин суурин Хорчины цөлийн үргүй тарвасын брэндийг бий болгож, одоогийн байдлаар тус суурингийн хэмжээнд үргүй тарвас тариалдаг 21 хоршоо бий болоод байгаа аж. 2013 оныг болтол тариалсан талбай нь 20 мянган акр талбай, тарвасны ургац хураалт хамгийн сайндаа ойролцоогоор 800 мянган тоннд хүрчээ. Найманы цөлийн брэнд болсон үргүй тарвас нь илүү шүүслэг амттай байдгаас Бээжин, Шанхай, Гуаньжөү зэрэг томоохон хотуудын зах зээлд түрэн гарч чаджээ. Дүн Мин суурины тариачин Гүй Хуа хэлэхдээ: -Цөлийн тарвас тариалснаас элсэн нутаг маань эрдэнэ болж, орлого маань ч хэд дахин нэмэгдсэн. Энэ жил манайхан 30 акр талбай цөлийн тарвас тариалсан, тарвасаа худалдаалахад хорооноос хамтран борлуулдаг. Акр талбай бүрээс 2500 – 3000 kg ургац авна,kg бүрийг 1 юаниар бодвол нэг Акр-аас 2500 – 3000 юанийн ашиг олно гэжээ.

Найман хошууны нөөц хамгийн их байдаг байгалийн баялаг нь элс байж, байгалийн цахиур элсний нөөц нь 15 тэрбум кв.м 50 тэрбум тонн байдаг. Мөн үүнээс гадна Найман хошууны Бөхай тэнгисийн эдийн засгийн цацраг бүсэд байрладаг бөгөөд Бээжин, Тяньжин хотуудаас холгүй байдгаас зам харилцаа харьцангуй дөхөм байдаг. Сүүлийн жилүүдэд элсний аж үйлдвэрлэлийн кластеруудыг байгуулан, элсний аж үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж 38, 100 гаруй төрлийн элсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ барилгын материал, шил зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх цар хүрээгээ өргөтгөж байна. Жилд 500 мянган тонн элсийг ашиглаж байгаа бөгөөд 2000 гаруй хүмүүсийг ажлын байраар ханган, жилийн орлого нь ойролцоогоор 1.5 тэрбум юаньд хүрчээ.
Найман хошуу нь экологи сайжруулах ажлыг тэргүүн байранд тавьж, байгаль орчны хамгаалах явцын дунд давуу нөхцөл бололцоогоо ашиглахын зэрэгцээ орчин үеийн дэвшилтэд техник технологийг ашиглаж, байгаль орчинд ээлтэй бөгөөд эдийн засагт үр өгөөжтэй нөхцөл байдлыг бий болгон, “Элсийг засан элсийг ашиглах” хөгжлийн замаар явж байна.
