
2015 оны 5 сарын 7-11 өдрүүдэд Шинэ Барга баруун хошууны Суртал ухуулах хэлтсийн мэдээ мэдээллийн алба, Утга урлагийн холбооныхон Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод албан ёсоор айлчлан, Дорнод аймгийн Чойбалсан хотын Аймгийн тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс болон “Дорнод” сонин, телевиз, “Дорнод зон” сэтгүүлтэй 2015 онд хамтран зохион явуулах ажлын тухай санал солилцон тохиролцож, 2015 оныхоо гэрээнд гарын үсгээ зурлаа.

2007 оноос хойш Дундад улсын ӨМ-ын ШББХ-ны Суртал ухуулах хэлтсийн мэдээ мэдээллийн алба, Утга урлагийн холбоо, Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс болон “Дорнод” сонин, телевиз, театр, номын сан, сургуулиудтай хамтран ажиллаж, “Өнөөдрийн ШББХ”, “Дорнод” сонины тусгай булан, ”Өнгөт Хөлөнбуйр”, “Өвөр Монголын эх газар” зэрэг телевиз, сайтын тусгай булантай, Дундад, Орос, Монгол гурван улсын “Барга соёл жуулчлалын найр”, хоёр улсын хамтарсан “Цагаан сарын золголт”, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “ШББХ-тай танилцацгаая” олон улсын хүүхдийн зуслан, “Уянга” Дундад, Монгол хоёр улсын уран бичлэгийн үзүүлэн, “Хөлөнбуйрын өнгө аяс”,”Өнгөжин дэвшиж яваа ШББХ”, “Дэвжих амьдралын мөрөөр-Шинэ Барга баруун хошуу” ШББХ, Дорнод хоёр газар орны сурвалжлагч сэтгүүлчдийн хамтын сурвалжлага, зэргээр жил дараалан зохион байгуулдаг хоёр газрын хамтын ажиллагаа, хоёр улсынхаа найрамдал нөхөрлөлд тодорхой хэмжээний хувь нэмэр хүргэж яваа идэвхтэй, иргэдэд хүртээлтэй, хоёр улсын иргэдийнхээ чих, нүд болсон үйл ажиллагааг уламжилж, хоёр газар орныхоо иргэдийн дотно танил болсон үйл ажиллагааг зохион байгуулсаар өдийг хүрсэн билээ.

Ингээд 2015 оны 6 дугаар сарын 10-нд Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын номын санд “Уянга” уран бичлэгийн үзүүлэнгээ хоёр улсын хамтарсан босоо монгол бичгийн уран бичлэгийн үзүүлэнг албан ёсоор дэлгэн сонирхуулахаар тогтов. Энэхүү үйл ажиллагаа маань хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ.
6 дугаар сарын 11-нд Монгол Улсын иргэдийн дунд “Хөрш улсынхаа дууг хэн сайн дуулах вэ?” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа Дундад, Өвөр Монгол дууны уралдааны анхан шатны шалгаруулалтаа зохион байгуулна. Энэ үйл ажиллагаанд мэргэжлийн бус насанд хүрэгчид, хүүхдүүдийн хамтлаг, гоцлол дуугаараа Монгол Улсын иргэн бүхэн оролцож болох онцлогтой билээ.
6 дугаар сарын 22-нд ӨМ-ын Шинэ Барга баруун хошууны Суртал ухуулах хэлтсийн мэдээ мэдээллийн албаныхан Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын “Дорнод” сонин, телевиз, “Дорнод зон” сэтгүүлийн сэтгүүлчидтэй хамтын сурвалжлагаа ШББХ-ны Богд-Уул сум, Буйр сумуудын малчин айл өрхийн амьдралыг сурвалжлах ажлаа эхлүүлнэ.
7 дугаар сарын 20-нд хоёр дахь удаагийн олон улсын хүүхдийн зусланг Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулахаар тогтлоо. Тус үйл ажиллагаанд Дундад улсаас 25 сурагч, 5 багш оролцох болсон. Мөн 7 дугаар сардаа Дорнод аймгийн Чойбалсан хотод Хөлөнбуйрын соёлын өдрүүд зохион байгуулагдахаар боллоо.
9 дүгээр сарын 15-аар Хөлөнбуйрын орон нутгаар аялан явж үзсэн иргэн бүхэн оролцож болох онцлогтой “Сэтгэлд дотно Хөлөнбуйр” зохиол, яруу найргийн уралдааны дүнг гаргаж шагнах ёслолоо ШББХ-нд тусгай гала тоглолттой зохион байгуулахаар болсон. Энэ мэтчилэн Дундад, Монгол хоёр улсын ШББХ, Дорнод хоёр газар орны хамтын ажиллагааны эрчмээ чангаруулсан ажлууд ар араасаа золгох болж эхэлсэн нь манай хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжин тэлж, хамтдаа урагшилж, хамтдаа хөгжих чиглэл нь тод байгаа нь илэрхий байна. Хоёр улсын минь хөгжил цэцэглэлт хамтдаа дэлгэрэх болтугай.





