solongonews
Зах зээлийг олж мөнгө хормойлсон малчин залуу
2015-05-14 10:48
Зах зээлийг олж мөнгө хормойлсон малчин залуу

        Зуны бүгчим халуунд зүүн Үзэмчин хошууны Улиастай суурины Долоод гудамны айрагны баар хүнээр дүүрч, айраг цэгээ, хүйтэн ундаа уухаар ирэх хүмүүс ар араасаа цувалдана. Энэ бол зүүн Үзэмчин хошууны малчин залуу Баатарын энэ жилийн эхээр байгуулсан “Айрагны баар” юм.
        Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Баянцагаан гацаанд нутагтай Баатар ахлах сургуулиа төгссөний дараа нутагтаа харьж малчин заяа түшжээ. Эднийх 330 гаруй га бэлчээртэй бод бог нийлсэн 200 гаруй мал маллаж, жилдээ 10 мянга гаруй юаний орлоготой төвхнүүн амьдралтай малчин айл. Гэвч тархи сэргэлэн, шинэ зүйлийг сэдэн хийх дуртай малчин Баатар мал маллахын хажуугаар хоёр гурван аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхээр зорьж явна. Анх зүүн Үзэмчин хошуу болон баруун Үзэмчин хошууны хооронд орон нутгийн хүн тээвэр хийж байгаад аялал жуулчлалын хөгжлийг дагаад нутаг орны өвөрмөц онцлогтой улаан цагаан идээ зарж борлуулан хэрэглэгчдийн итгэлийг олж, зах зээл, эрэлт хэрэгцээтэй борлуулагдахыг нь олж харсан байна. Ингээд 2011 онд зүүн Үзэмчин хошууны төв Улиастай суурины Долоод гудамнаас 70 кв.м байрыг нэг жилийн 20 мянган юаниар түрээслэж, “Шар монгол үхрийн борцны дэлгүүр”-ээ нээсэн байна. Дэлгүүртээ голлон өөрөө хатаасан борцоо борлуулахаас гадна цагаан идээ, чихэр зэрэг олон төрлийн нутаг орны онцлогтой идээ ундааг борлуулдаг.
         “Борц болон хурууд, бяслаг, шар тос зэрэг улаан цагаан идээгээр голлож, жил болгон ес эхлэхээр хөдөө үхэр нядлаад байгалийн салхинд хатааж борцолдог. Жилд 10 гаруй үхэр нядлан борцолдог. Амьдаар зарж борлуулахтай харьцуулбал нэг үхрээс 3000 гаруй юань илүү олдог юм. Цагаан идээгээ ч хөдөө гэртээ уламжлалт аргаар хийж байна” гэж Баатар итгэлтэй ярьж байлаа.
        Өнгөрсөн жил Тао Бао цахим худалдааныхан Баатарын хөдөөний гэрт очиж, хатаасан өрөм хийж байгааг нь бичиж аваад цахим худалдаанд оруулж, 1000 хатаасан өрөм захиалгаар борлуулжээ. “Анх цахим худалдаанд итгэхгүй байсан. Харин сүүлд нь туршиж үзье гэж бодоод Тао Бао цахим худалдаатай нутгийн гаралт бүтээгдэхүүн борлуулах гэрээ тогтжээ. 1000 хатаасан өрмийг Тао Бао цахим худалдаанд бараг өдрийн талд борлуулж дуусгасан юм” гэж бахархан ярина. Арилжаа наймаа замдаа орж, ашиг орлого нь сайн болсон ч Баатар гуай амжилтандаа хойргошиж суусангүй, харин засгийн газраас зохион байгуулан явуулж байгаа аж ахуй эрхлэх багт орж, зах зээлийн аж ахуйн хөгжлийн хандаш, арилжаа наймаа хэрхэн хийх тухай суралцахын зэрэгцээ засгийн газраас 50 мянган юаний хүүгүй баталгаат зээл авч, энэ жилийн 5 сард “Шар монгол үхрийн борцны дэлгүүр”-ийнхээ суурин дээр зах зээлийн хандаш хөгжилд зохицуулан “Айрагны баар” нээсэн билээ.

-Хүмүүсийн амьдралын боломж дээшилж орчин тойрны тохилог сайхан айрагны баар олны таашаалд хүрч байна. Ялангуяа манай энд зуны халуунд цаг заваараа суучихмаар тохитой газар цөөн юм. Иймээс “Айрагны баар” нээж, орлого ч зүгээр байна” гэж Баатар арилжаа наймаагаа танилцуулна.
Малчин залуу минь өөрийн сэцэн ухаан, шаргуу хөдөлмөрөөр үйлсийн замдаа зоригтой урагшилж, жилийн 40-50 мянган юаний цэвэр орлогоор амьдрал үйлсээ өөд татаж явна.

 
 
 

Зохиогч: Уянга
Эх сурвалж : \" Солонго\" сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл