
“Ар Хорчин” нэрэмжит монгол бөхийн манлай шалгаруулах анхны барилдаан үзэсгэлэнт Ар Хорчин хошуунд 07-р сарын 22-нд эхэллээ.


Тус арга хэмжээг Ар Хорчин хошууны Засгийн газраас санаачлан, Ар Хочин хошууны Соёл, аялал жуулчлал, спортын товчоо хариуцан зохион байгуулж байгаа юм.

Арга хэмжээний нээлтийн ёслолын үеэр нутгийн уран бүтээлчид ая дуугаа өргөж наадамчин олны хийморийг сэргээж, наадамд өнгө нэмлээ.

Нийт 512 бөх “Ар Хорчин” цомын төлөө уран мэхийг уралдуулахаас гадна багачуудын бөхийн барилдаан, сур харваа, жороо морины уралдаан зэрэг баялаг агуулгыг багтаажээ.
Монгол Улсаас бөхчүүд ирж оролцож байгаа нь энэхүү наадмын онцлог болж байна. Нээлтийн үеэр Өвөр Монголын монгол бөхийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст гавьяаны тэмдэг олгож, алдар гавьяаг нь өндрөөр үнэллээ.

Өвөр Монголын зүүн бүсэд байрлах Ар Хорчин нутаг нь 14 сум, 245 баг 289 мянган хүн амтай. Лигдэн хааны нийслэл байсан Цагаан хот зэрэг 400 гаруй түүхэн дурсгалт газартай түүхт нутаг билээ. Мөн Хятад улсын “Өвсний хот” гэх хүндтэй алдар хүртсэн Улаанхад хотын Ар Хорчин хошууны нүүдлийн мал аж ахуйн систем нь НҮБ-д бүртгэгдсэн байдаг. 640 гаруй төрлийн өвс ургамал, уулархаг газар, ой мод, тал, нуга, гол мөрөн гээд экологийн системийг бүрэн бүтнээр нь бүрдүүлсэн баялаг нутаг устай.

Зургийг: Хархүү
