solongonews
Усаа хайрлан хамгаалдаг уламжлат ёс заншил, зан үйл
2014-12-23 10:42
Монголчууд эрт дээр үеээс ”Ус - Чандмань эрдэнэ”, ”Усыг нь уувал ёсыг нь даганн”, ” Уул савдагтай ус эзэнтэй” гэсэн ийм сайхан зүйр, цэцэн үгс хэлж усаа хайрлан хамгаалж хүндэтгэж ирсэн зан заншил, ёс уламжлалтай билээ.

Усыг амьдрал тэтгэгч ариун зүйлийн нэг гэж үзэж ихэд эрхэмлэнэ.
Гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм_ худгийн усанд сүү цагаан идээ, цус зэргийг хийх, дусаахыг хоргилно.
Сүү цагаан идээтэй шанага, халбагаар булаг, шанд, гол, горхи, худгийн уснаас хутган авдаггүй.
Булаг, шанд, рашааны тулах эхэнд айл буухыг хоргилно.
Рашаан булаг, шандны эхний мод, бутыг авах, гэмтээхийг цээрлэж хадаг яндар зүүн дархлана.
Аливаа усны эхийг ухаж төнхөхгүй.
Булаг шанд, рашааны эхэнд байгаа хад чулууг хөндөдгүй.
Гол ус, булаг шандны эхэнд болон ойр орчинд шээх, нус цэр хаяхыг цээрлэнэ.
Усны эхийг булингартуулахаас болгоомжилно.
Рашааны загас, жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хоргилно.
Голын ус, нуур цөөрөмд унаж үхсэн мал, амьтны сэг зэмийг заавал цэвэрлэнэ.
Голын ус булаг шанданд үнс нурам хийхийг цээрлэнэ.
Тогтмол усанд биеэ болон хувцасаа угаахыг цээрлэнэ.
Үнс, хог, угаадасыг гол булгын эхэнд асгадаггүй.
Ус гатлахдаа мориноосоо бууж духаа усаар шавшин гол гаталдаг.
Голын усыг гатлахдаа дух, бугуйгаа усаар норгож байж гол туулдаг.
Давс хужиртай, ус тогтдог тойромд хог хаядаггүй.
Тал хээр, говийн малчид малаа услахдаа худгийн усыг аль болхоор хямгатай зарцуулахад ихээхэн анхаардаг. Хүйтний улиралд онгоцондоо ус үлдээж хөлдөөхийг ч цээрлэнэ.  

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Монгол ёс заншлын тайлбар толь
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл