solongonews
Борооноос дусалсан шүлэг
2015-07-08 11:01
М.Хасбаатарын шүлгээс

 

Усан болор мөхлөгүүд сэвхнэн бууна

Уусах хайртай адилхан байдаг нь ямар гоё вэ?

Ундран ирэх хэмжээлшгүй ивлэл мэтээр

Өвс зэгсний намаанаас эхлээд хаана ч нэвчинэ.

 

Өдрийн тунгалаг дуулиан шөнийн яралзсан одод нь

Усан дуслаар хэлхээрч зүрхэнд хөгжим чавхдана,

Үүлэн цацгаас садганаж ирсэн эдгээр ганган аяс

Эгшиг нотын урсгал юм шиг саарал сэтгэхүйг минь ундаална.

 

Өглөө эртийн шиврээ бороонд би өөрийгөө эрнэ

Үлгэр түүхийн он жилээр дүүлэн тэнэсэн болов уу?

Усан цэнхэр агаар алиахан бодлыг тэлмүүлж

Ариун сайхан энерги нь зоригийн жолоо ч билүү.

 

Хурдан хүлгийн цахилсан гүйдлээс ан шүүрч нижигнэсэн

Холдож гарсан залуу нас буцаж ирсэн ч юм уу?

Хөвөө захгүй сансар дээрээс асгарах бороон

Хүн байгалийн хумисан жигүүрийг сэрээн далланам.

 

Тэрхүү торгон шимт хурын шивнэл дотор

Тэнцүүрэл юм шиг уйтгар мэтхэн манан сэвэлзэнэ

Тэрхэн агшинд алхаа хурааж сэмхэн будилахад

Дэрвэн дэрвэх бодлын гогцоо үүлтэй хамсарч хуралднам.

 

Тэнгэр газар хүн гурав нэг цогц болж

Тэргэл зуны тансаг мөч миний зүг нүүнэ

Тэгээд цаашаа цагийн хүрд зог тусаж

Тэнхлэгт хөдөлгөөн удаан хүлээлт мэт нам жимийн дунд.

 

Гүн байгальд сунгаж тэмүүлсэн умдын бороон

Гүн сэтгэлийн дулаан хайрыг минь эгшиглэнхэн

Хөгсөх амирлахын холилдсон айзамт найрлаар

Хөх усныхаа дуслаар дотор уусхан согтном.

 

Тийм л сайхан сэрэгдэл удирдахуйн орон зай дотор

Тэнгэрлэг гоц содон аялгуу мэт уянгалан урсана,

Шилэн болор борооны дусал мөн л шивэрсээр

Сэтгэл дотроос олон хэлхээс дандаа цаашид чиглэнэ…

 

Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл