
Урадын хойд хошууны Цогт-Өндөр балгасын Харчулуу гацааны малчин Саруулынд хүрэхэд бага үд болсон байв. Тэднийхэн яг төлөө тавьж байлаа. "Ажилч айлын аргал нь хар" гэдэгчлэн Саруулынх сүүлийн жилүүдэд харагдахаа больсон хөрзөн хороогоо жигдрүүлэн барьсан байлаа .
Сэтгүүлч биднийг хүрсэн тэр өдөр маш хүйтэн. Бид тэр сайхан монгол амьдралыг камертаа буулгах гэж аппратаа барихад гар даараад тэсгэл алдарч байхад малчин бүсгүй Саруул харин нялх төлөө хөхүүлнэ гэж яарна. Зовхинд нь наалдсан хог тоос нүдийг нь даган царцчихсан байлаа. Тэрээр хурга ишгээ ялгаж дууссаны дараа эх малд өвс өгч, хашаа хороондоо хийсч орсон гялгар уут цаасыг түүж цэвэрлэнэ. Дараа нь эх малдаа наран хуарын хальс бас өгч байлаа. Наран хуврын хальсаар мал тэжээж байгааг анх харсан бид: “Энэ чинь шим тэжээлтэй юм уу?” гэж асуухад Саруул: “Ямар ч шим тэжээл байхгүй, зөвхөн өл дарах төдий. Энэ нь хямдхан, зах дээр нэг уут нь арван юань. Ойрын хоёр жилүүдэд өвс тэжээл улам үнэтэй болж байгаа. 35kg жинтэй нэг боолт өвс 40-50 юань, 50kg жинтэй уут тэжээл бордоо 120 юаний үнэтэй. Гэвч үнэтэй гээд яахав, өвөл эх мал үр төлөө эсэн мэнд онд мэнд оруулах нь чухал" гэж биднийг дотор хашаандаа дагуулан орж Үзэмчингээс оруулсан өвс, хошуун төвөөс оруулсан бордоо гээд өвлийн бэлтгэлээ гайгүй бэлтгэсэн байдлаа танилцуулж байлаа. Өвсний цаана гүйлдэх арваад тахиагаа заагаад “Миний тахиа саяхан өндөглөсөн байна, өндөг нь бүлээн байна” гэж алган дээрээ хэдэн өндөг барьчихсан яг л чихэр олоод баярласан хүүхэд шиг инээнэ.
Бид Саруултай хамт төл тавих, мал тэжээх бүх ажилд нь тусалж дуусаад сурвалжлаагаа үргэлжлүүлэхээр гэрт оров. Саруул ажилдаа гарахаас өмнө тулган дахь галаа сайн нэмсэн бололтой гэр дотор дулаахан байж, цонх дагуулан борцолсон мах нар салхинд сайхан хатчихса харагдана.
Саруул гэртээ гурвуул, нөхөр нь Ай Мин гэдэг. Хүү Зана нь Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн гуравдугаар ангийн оюутан. Саруулынх 300 гаруй га газартай. 400 гаруй хоньтой, арваад үхэр, хориод адуутай нутаг усандаа нэлээд сайн амьдралтай айлдаа тооцогдоно.
Бид Саруулыг сурвалжилж байхад тэрээр байн байн гадагш ширтэж “Энэ өдрийн тэнгэр сүрхий хүйтэн байна. Энэ тэнгэрийн байдлаар мал гаргахын аргагүй хашаандаа тэжээх л хэрэгтэй. Энэ өвөл зуд болох юм бол хэцүүдэнэ. Мал тарга муутай, хүйтнээс болж төлөө сайн тосож чадахгүй хээл хаях юм бол яаж хичээсэн ч урам хугарна. Хүү минь сайн сураад, сайн ажилтай болоосой л гэж хүснэ. Хүү минь сургуулийн амралтаар ирэх бүрд нь "Аав, ээж энэ байдлаар мал маллаад өөдлөхгүй, орчин үеийн техник технологийг ашиглан мал хариулахыг сурах хэрэгтэй, хоршин ажиллах буюу нийгэмлэг байгуулах хэрэгтэй" гээд яриад байдаг. Бодоход хүүгийн минь ярих зүйтэй, техник мэргэжил хөгжсөн орчин цагт амьдарч байж, ингэж тэнгэрийн царай харж мал маллах цаг биш. Ямар байсан ч хөдөө орон нутагтаа амьдарнаа. Тэргээд сайн малчин болохоор хичээнээ. Хөдөө нутагт мал маллах хүнгүй бол нутаг маань эзгүйрнэ. Ер нь малчин хүн малтайгаа байхад баян, монгол нутаг малтайгаа байхад тансаг байдаг юм" олон жил бодож байсан зүйлээ бидэнтэй хуваалцлаа.
