solongonews
Шинэ Баргачуудын мал муулах ёс
2015-03-16 15:51
Манай шинэ Баргачууд малыг муулахдаа шууд 《Ална》гэдэггүй. 《Алах》 гэсэн үгийг цээрлэж, 《Мал гаргах , муухай наашлах, цаашин харуулах, мал төхөөрөх》 зэргээр тойруулан халгуу хэлдэг заншилтай билээ.

Дээр үед, мал гаргахдаа бурхандаа мөргөн даатгаж адис аваад сая гаргадаг заншилтай байжээ.

 Нэг. Бод малыг нядлахад нугаслах ба зүрхлэх гэж хоёр зүйл байдаг.

Адуу, үхрийг зогсоогоор нь нугаслах.
Адуу, үхрийг сөгдүүлж манаргаад унахаар нь зүрхлэх, эсвэл нугаслах.
Үхрийг унган хүлж байгаад зүрхлэх (бас оморголох гэдэг).
Адууг чөдөрлөн башилдаж, нармайн дээгүүр нь нарийн сур, хуйв мэтийн юмаар чангаруулан татаж бүтээн унагаж зүрхлэх.
Тэмээг хэвтүүлэн богтолж, хүзүүг нь урагш нь сунган гадаслаад нугасалдаг.

Хоёр. Бог малыг өрцийг нь цоолж голыг нь таслан нядалдаг. Өрцийг нь цоолохдоо тэр газар нь өвсийг нь хөндлөн тавин 《Чамайг нядлах гэж байгаа биш, өвсийг огтолж байна》гэж хэлээд өрцийг нь цоолдог.

 Гурав. Малыг нядлахад цусыг нь саванд тосон авч, ээдэхээс нь өмнө мод юмаар хутган шингэрүүлж авдаг. Тэгээд шингэн цусандаа давс, гурил, сонгино гэх мэтийн идээнд амт оруулдаг зүйл хутгаж, ходоод, чацархай, олгой, гэдэс зэрэгт нь цутгаж чанаж иддэг. Адууны цусыг өвөл хөлдөөж хадгалан, цаг чанга болоход мал ядарч турах үед нь дорой малдаа усанд хийж өгвөл сайн байдаг. Адууны гэдсэнд цутгасан цусыг шавай гэж хэлдэг. Ерөнхийдөө адууны цусыг бараг иддэггүй. Малын цусан дахь нөж буюу ээдсэн цусыг нь хотны нохойн хоолонд нь хутгаж өгөхөөр хөлдөөж хадгалдаг билээ.

Дөрөв. Малын арьсыг өвчих ёс

Малын арьсыг өвчихдөө арьсыг огтолж сандраахаас хичээнэ. Ихэнхийг нь нудрагдаж өвчдөг бөгөөд хутга хэрэглэхгүй бол болохгүй хэсэгт нь хутга хэрэглэдэг. Бог малыг нядлахад өөр нэг хүн хойд хоёр хөлөөс нь татаж арьсыг нь тэнийлгэн өгдөг. Ингэвэл нудрагдаж өвчихөд арис нь амархан урагдаж тасрахгүй байдаг.

Бод болон бог малын арьсыг өвчихдөө дөрвөн мөчөөс нь ирж дэлгэн өвчдөг.

① Адууны арьсыг сайхан өвчиж аваад шулж сур хийдэг. Мөн элдэж хувцас хунар, цүнх, малгай зэргийн нарийн хэрэгсэл болгодог.

②  Үхрийн арьсыг бас сайн шулж элдээд давхар ба дан суран хазаар, давхар ба дан ногт, чөдөр ба тушаа, мушгиа ба задгай (сун) татлага, мушгиа ба задгай хуйв, суран жолоо зэргийг хийдэг. Мөн нарийн элдэж дээл, өмд, малгай, цүнх, гутал зэргийг ч хийдэг.

③ Тэмээний арьсыг элдээгүйгээр нь үдээр хийж, хана үдэж тооно холбоход хэрэглэдэг. Бас шулан элдэж сур болгодог буй.

④  Хонь ямааны арьсыг шулж элдээд дээл, малгай, гутал, бээлий, цүнх, уут зэрэг элдэв зүйлийн хэрэгсэл хийдэг. Ямаан арьсаар нумын хөвчин хуйв хийдэг .

  2. Хонь ямааны арьсыг туламлан өвчих

Өөрөөр хэлбэл туламлан юм хийх сав болгодог.

3. Хонин арьсыг бас хүйлэрүүлэн өвчих гэж байдаг. Энэ нь цорой дээр нь хүйсийг тойруулан өвчүүтэй хамт үлдээн өвчихийг хэлж байна. Тарган эр хонийг ингэж өвчөөд өвчүүтэй нь хамт хуйхлан идхэд тун амттай байдаг .

4. Тэмээг өвчихдөө даллан өвчдөг. Учир нь тэмээг хэвтүүлж нядалдаг болохоор зоогийг нь дагуулан хоёр бөхийн үзүүрээр ярж хоёр дал өөд нь даллан өвчдөг. Өвчиж бараад хоёр бөх, хоёр хумыг авч барсан хойно сая хажуугаар нь харуулж бусад ясыг нь эвддэг ба гэдэс дотрыг нь аван арилгадаг .

Тав.Үхэр адууны шөрмөсийг авах ёсон

Арьсыг нь өвчиж дуусаад дөрвөн мөчнийх нь шөрмөсийг модоор эрхдэн сугалж авдаг. Энэ авсан шөрмөсөө салхинд хатаагаад шөрмөс томож шөрмөсөн утас болгоод юм уяхад тун бөх байдаг.

Зургаа. Бог малын ясыг таваглах ба идэх ёс

Бог малын ясны махыг шулах, гүймэг шулах, шулахгүй байх зэргээр эд болгоод чанаж гаргах үедээ таваглахад зөв тавих ба идэхэд бүр ёстой байдаг.

Дал–далыг толгойн талаар хүн өөд харуулан тавьж, идэхдээ урьдаар мөгөөрсийг огтлон авч хүүхдэд өгдөг. Тэгээд толгойн талаас нь барин дагуулан огтолж иднэ. Далны махыг олон хүнтэй хуваан иддэг ёстой. Далны битүү махыг хүүхдэд идүүлдэггүй. Мөлжиж дуусвал хутга буюу өөр юмаар далны хотыг сэтэлдэг. Энэ нь хотныхоо амыг нээж маш олон хонийг хаших гэсэн зөгнөлтэй байх. Бас зарим хүн далны ясаар мэргэлдэг билээ. Зээ хүү нагацынхаа дэргэд дал иддэггүй.
Атгаал–атгаалын нарийн талаар нь таваглан хүн өөд хандуулан тэр талаас нь барьж иддэг. Идэж дуусаад мөлжсөний дараа хутга буюу бусад юмаар хуга ташиж чөмгийг нь иддэг. Гэвч хүүхдэд чөмгийг идүүлдэггүй. Битүү ясны чөмгийг идвэл ой билиг нь муудна гэж үздэгээс болжээ.
Богтос–богтосын залгаагүй талаар нь хүн өөд хандуулан таваглан тэр талаас нь барин дагуулан огтолж иддэг. Хөндлөн огтлохыг цээрлэдэг, хөндлөн огтолбол гэдсийг хагалж байна гэж үздэг. Хамгийн сүүлд нь залгааг идээд мөлждөг. Хол аяанд явж байвал эр хүний хань яс гэж хадгалж авч явдаг. Гэртээ бол нохой бас идэж чадахгүй болохоор шатаадаг. Зарим хүн богтосын тавнан ясыг гоё засаж аваад шүдний чигчлүүр хийдэг. Бас зарим хүн богтосыг засаж аваад хэдэн шагайг утсаар холбон дархийн түлхүүр шиг оюуныг шалгах зүйл хийдэг байна.
Шагайт–шагайтыг зөв талаар нь хүн өөд харуулан таваглан тэр талаас нь барьж иддэг. Хамгийн эхлээд борви шагайг булгалж аваад идэж мөлжөөд дагуулан огтолж иддэг. Мөлжиж дуусаад сүх буюу бусад юмаар хаг цохиж чөмгийг иддэг. Хүүхэд түүгээр нь нохой гэж нааддаг.
Гуяа–гуяыг тойнгүй талаар нь хүн өөд харуулан таваглан тэр талаас нь барьж тойныг авч тавиад огтолж иднэ. Хүүхдүүд тойноор нь хүн гэж нааддаг. Мөлжиж дуусаад хутгаар хуга ташиж чөмгийн иднэ.
Сүүж–сүүжний нарийн талаар нь хүн өөд хандуулан өөд нь харуулж таваглан тэр талаас нь барьж иддэг. Мөлжөөд нүхийг нь малтвал нохойд хаях буюу галд өргөнө. Хэрэв идэж дуусаад нүхийг нь малтсан сүүжийг гэрт байлгадаггүй, нүхээр нь чөтгөр шагайна гэдэг. Мөн гэртээ хонуулдаггүй. Зээ хүүгийнхээ дэргэд нагац нь сүүж мөлждөггүй, зээдээ өгдөг.
Хавирга– хавиргын толгойгоор нь өөд нь харуулан таваглан, хавиргын толгой талаас нь барьж иддэг. Хүүхэд дэргэд чинь байвал хүүхдэд хавирга авч өгдөг. Энэ нь хүүхдийн нүд хараана гэх буюу хүүхэд идэхэд амархан яс болохоор авч өгч байгаа юм.
Нуруу ба сээр – нуруу ба сээрийг таваглахдаа махгүй үе талыг хүн өөд хандуулан таваглан, тэр талаас нь барьж үе үеийг нь булгалан идэж мөлждөг. Хүүхэд хүнд нугасыг нь идүүлдэггүй, нусхай болно гэдэг.
Өвчүү–өвчүүг өөд нь харуулан, бүдэрхий талаар нь хүн өөд хандуулан таваглан бүдэрхий талаас барьж дагуулан огтолж иддэг. Идэж дуусвал бүр үелэн мөлжиж тавих хэрэгтэй. Дутуу сэрийлгэн орхиж болохгүй. Хүүхэд өвчүүний аймхай иддэггүй. Өвчүүний бүдэрхийг мөлжихгүйгээр галд өргөдөг.
Ууц–ууцыг ясан талыг доор оруулж нурууны үе талыг хүн өөд хандуулан таваглан, тэр талаас нь барьж дагуулан огтолж иддэг. Бас ууцыг сүвээний хавиргатай нь ууцны хайдастай нь сүүлтэй бүхэл чанаж бурхан, уул овоо тахихад даллага болгодог. Ноёд дарга, ахмад хүнд хүндэтгэж ууц хайх гэж байдаг.
Малын толгойг уул овоонд өргөх ба идэх ёс
① Адуу, тэмээний толгой шийрийг иддэггүй, өндөр уул толгойн орой дээр дөрвөн шийрийнх нь улыг уул өөд харуулан зэрэгцүүлэн тавиад дээр нь толгойг мөн уул өөд харуулан тавьдаг. Адууны тархийг нугасных нь нүхээр малтан авч махтай хэрчин хутгаад гэдсэнд нь хийж иддэг. Тун сайхан, бууз шиг байдаг.

② Үхрийн толгой шийрийг иддэг. Толгойнх нь арьс нь зузаан болохоор тун бөх байдаг, өвчин аваад модон тэрэгний мүхрийн амыг боодог. Толгойн ясыг нь голоор нь хоёр тал болгоод, нэг талыг нь гурван хэсэг болгож, даруй чихний хэсэг, нүдний хэсэг, хамрын хэсэг гэж нэг талын гурван хэсэг, хоёр талын зургаан хэсэг болгодог. Тархийг нь авч иддэг.

Хонь ямааны толгой шийрийг хуйхлаад бүхлээр нь чанаж иддэг. Хонь ямааны тагнайг авч хүүхэн хүүхдэд “Хуниас сайн хуниж уран болоорой” гээд өгдөг. Хонь ямааны гал магнайн хуйхыг иддэггүй. Баатар хуйх болохоор муу юмтай тааран гээд их цээрлэдэг. Хүүхэд “Өрөөсөн нүд бүү ид, өрөөсөн нүдтэй болно” гээд идүүлдэггүй. Хонины шийрийн тагалцагын ясны чөмгийг хагалж аваад сүм хийдийн маанийн хүрдийн тэнхлэгийг тосолдог. Хонины толгой хүндэт хоолонд орж, бурхан уул овооны даллагад хэрэглэдэг. Бас ноёд дарга, ахмад хүнийг хүндлэхэд хэрэглэдэг. Харин ямааны толгойд ямбанд оруулдаггүй.

12. Малын гэдэс- Малын гэдэс дотрыг цэвэрлэж аваад олон янзын хоол хийж иддэг. Олгойн бууз, эрээлж гэх мэтийн амтат хоол хийдэг. Адуунд гүзээ гэж байдаггүй. Умстай. Тэмээнд гүзээ гэж байдаггүй. Жаран сүнгэрээ гэж байдаг. Үхэр, хонь, ямаанд гүзээтэй болохоор өөрийн гүзээндээ яс мах нь бүр багтдаг. Үхрийн гүзээнд толгой шийрээс нь бусдыг нь хийгээд үүц болгон хадгалдаг. Хонь ямааны ясыг гүзээнд нь бүгдийг нь хийгээд хадгалдаг. Хавар үүц задлах үед гарган авч үзэхэд яг хэвээрээ хонь ямаа шинэ гаргаж байгаа юм шиг байдаг. Олонх малчид малаа гүзээлдэг билээ.

Дээрх манай таван хошуу малаа нядалж, хэрхэн эд болгох, идэх ёс учрын тухай өөрийн ойлголтоороо бичлээ. Та бүхэн хянан үзэж буруу газар буюу орхигдуулсан газрыг нь нөхвөрлөн засаж захиж өгөхийг түмэнтээ найдаж байна.

Манай таван хошуу малаас хаягдах хэрэгцээгүй зүйл гэж үгүй. Баас шээсийг нь ч газартаа шингээн бордоо болгож өвс ургамлыг дахин сэргээж ургуулдаг. Иймээс шинжлэх ухаанч арга маягаар таван хошуу малаа хамгаалан, малынхаа ашиг шимийг улам сайн ашиглан хүртэж, их амжилтаараа бэхжүүлж явцгаая. 

/ Эмхтгэсэн:  Шинэ Барга баруун хошууны Мал аж ахуйн товчооны Хүйчиллэг А.Борхүү/  

Найруулагч: Цэнгэл
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл