
1970 оны 6-р сарын 4-ний өдөр Жирим аймгийн Хорчин зүүн газрын хойд хошууны эгэл жирийн тариачны гэрт төрж, аав ээжийнхээ хайранд өссөн. Тэр хар багаасаа багш ахынхаа нөлөөгөөр уран бичлэг, уран зурагт тун дуртай болж, хичээлдээ онц сурч, тариачдын ядуу хэцүү амьдралд нухлагдаж байсан хэдий ч бусдаас өндөр дүнгээр 1987 онд Өвөр Монголын Үндэстний Багшийн Сургуульд шалгуулан орж, уран бичлэгийн багш Баянхүү /одоогийн хичээнгүй бичлэг, гүйлгээн бичлэг, таталган бичлэг гурван бичлэгийн аварга/-гийн удирдлага, нөлөөн дор монгол уран бичлэгийн гайхамшигт ид шидийг гүн ойлгож, улам их урам зоригтой болж, уран бичлэгтэн болон нэрт бичээч нарын уран бүтээлийг сонирхон, хичээнгүйлэн суралцсаны дүнд тэр хүмүүсийн нүдийг баясгаж сэтгэлийг нь сэргээм хүдэр ганган, хэв намбаатай уран бичлэгээрээ Өвөр Монгол, Хөлөнбуйр, өөрийнхөө хошуу нутагтаа зохион байгуулсан уран бичлэгийн уралдаанд олон удаагийн шагнал хүртэж байсан түүхтэй.
Тэрээр 30-аад жилийн хугацаанд албаныхаа ажилд дарагдалгүй, монгол уран бичлэгийн сонирхолдоо хөтлөгдөн судлах, шинжлэх шургуу ажилд оюун ухаанаа шавхаж, тэсвэр хатуужилтай зүтгэсний эцэст 100 шахам уран бүтээл нь “Хөлөнбуйр” сэргүүл, “Хэрлэн” сэтгүүл, “Алтан үндэс” сэтгүүл, “Өвөр Монголын монгол уран бичлэгийн судлах сонин”, “Өвөр Монголын сурган хүмүүжил” зэрэг сэтгүүлүүдэд нийтлэгдэж уран бичлэгийн өргөн харгуйд билэг оюунаа сорьсоор ирлээ.

2003-2009 оны хооронд Үлинь хоёр удаа өөрийн монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргаж, үсэн бийрийн бичлэг, хулсан үзгийн бичлэг, хичээнгүй тиг, гүйлгээн тиг, таталган тиг, тамга урлал, гор сийлмэл, дүрсэт үсэг, эвхмэл үсэг мэт олон янз хэлбэрээр бичигдсэн “Дундадын хүслэн”, үсэн бийрийн бичлэг Сүн улсын “Тэргүүлэгч цэцгийн магтаал”, “Баргын тал” гэх шүлгийн эвхмэл бичлэг зэрэг бүтээлүүд нь ӨМӨЗО-ны ажилчны ерөнхий эвлэлээс эрхэлсэн бүх Өвөр Монголын хэмжээний ажилтан ажилчны “Тиэн Еэ хундагт” уран бичлэг, уран бүтээлийн уралдаан, Хөлөнбуйр хотын хэмжээний уран бичлэгийн уралдаан, Хөлөнбуйр хотын засгийн газрын урлагийн зохиол бүтээлийн хамгийн өндөр шагнал “Ажнай хөлөг шагнал” -г олон удаа хүртсэн бөгөөд бас олон бүтээлүүд нь “Дундад, Монгол хоёр улсын цагаан сарын үдэшлэг болон уран бичлэгийн үзэсгэлэн”, Хөлөнбуйр хотын жуулчлалын найрт сонгогдон дэлгэгдэж, “Хөх тэнгэрлэг нутаг” гэх шүлгийн үсэн бийрийн төв бичлэг нь “Өвөр Монголын өөртөө засах орны дунд, бага сургуулийн орон нутгийн уран бичлэгийн хичээлийн номонд” сонгогдон хэвлэгдсэн байна.
Үлиний бичдэг уран бичлэгийн хэв намбааны тухай хүмүүс: -Үсэг гойд сайхан, өргөлт даралт тодорхой, тиг нь хичээнгүй тиг хийгээд гүйлгээн тигийн дундуур, нарийн зүйлсийн зурлага дээр онцгой авьяаслаг, өөрийн гэх хэв намбаатай, хэн харсан ч сайхан байдаг гэж үнэлдэг.
Эдүгээ Үлинь ӨМӨЗО-ны монгол уран бичлэгтний нийгэмлэгийн орлогч хэрэг эрхлэгч, ШББХ-ын уран бичлэгийн нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч, ӨМ-ын монгол уран бичлэгийн судлах нийгэмлэгийн орлогч хэрэг эрхлэгч, Хөлөнбуйр хотын уран бичлэгтний нийгэмлэг болон монгол уран бичлэгтний нийгэмлэгийн гишүүн, ШББХ-ны ажилчны эвлэлд орлогч дарга зэрэг ажил албатай явж байна.
Түүний хүсэл бол “Монгол уран бичлэгийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлд нэмж оруулан хойч үе, үр хүүхдүүд монгол уран бичлэгээ дээдлэн уламжлан залгамжлахыг хүсэж, өөрөө ч гандан буурахгүй оюунаа шавхан, зүрх сэтгэлээ монгол үндэстнийхээ уран бичлэгийн төлөө зориулхаар цаг ямагт хүсэж, оргилж яваа...” нэгэн юм.

