ӨМӨЗО-ны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Батзориг тэргүүтэй албаны хүмүүс, аж ахуйн нэгжийн 50 гаруй хүний төлөөлөгчид Хөххотод айлчилсан юм. Тэгвэл арга хэмжээний хүрээнд Монгол, Дундад улсын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн ажил хэрэгч уулзалт 5 дугаар 19-ний өдөр Хөххотноо боллоо.

Энэхүү уулзалт Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн ордонд болсон ба гол зорилго нь Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Дундад улсад танилцуулах, хоёр орны мах, махан бүтээгдэхүүний аж ахуйн нэгжүүд хоорондын солилцоог дэмжихэд оршино.

Монгол Улсын талаас МХЕГ-ын Хил хорио цээрийн хяналтын газрын мэргэжилтэн Ц.Нямдорж “Монголын мал эмнэлгийн салбар, хорио цээр хяналтын тухай”, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжил зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар: Хамтын ажиллагааны нөөц боломж” сэдвээр тайлан хийлээ. ӨМӨЗО-ны Хил хорио цээрийн хяналтын газрын төлөөлөгчид “Хятадын импортын мах, махан бүтээгдэхүүний стандарт, шаардлага ба импортлох зөвшөөрөл авах байдал”-ын тухай танилцуулсан байна.
Уулзалт нь талуудын стратеги түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн салбар хоорондын хамтын ажиллагааг ахиулахад маш өндөр ач холбогдолтой.


