
Сүүлийн жилүүдэд зуун буудалд даамны улсын тэмцээн, цаашилбал олон улсын тэмцээнд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Алтанхуар, Сая эгч дүү хоёр үргэлж харагдах болжээ. Тал нутгийн эгч дүүс олон жилийн шаргуу оюуны хөдөлмөрөөр дэлхийн зуун буудалт даамны дэвжээнд нэрээ өргөж явна.
2007 оноос зуун буудалт даам нь Дундад улсад өргөнөөр түгэн дэлгэрч, энэхүү төрлийн тэмцээнд оролцох хүмүүс нэмэгдсээр ирсэн байна.
5 дугаар сарын 12-ны өдрөөс 23-ны өдөр болтол 2015 оны дэлхийн зуун буудалт даамны эмэгтэй аварга шалгаруулах тэмцээн Хубэй мужийн Үхан хотод зохион байгуулагджээ. Дундад улсын багийг төлөөлөн тэмцээнд оролцсон Алтанхуар олон улсын мастер шатарчидтай ур ухаанаа сорьсон аж. “Энэ удаагийн тэмцээнд Алтанхуар тийм ч сайн тоглож чадаагүй, арван хоёрт жагсаж, оноо нь түүний өнгөрсөн удаад зургаад жагссан оноогоо ахиулж чадаагүй. Харин буурсан байна. Гэхдээ олон улсын хэдэн аваргатай тэнцэж чадсанаас уралдаанд бас бага бус ололттой” гэж Алтанхуарын аав мөн түүний дасгалжуулагч А.Гансүх ярьж байлаа. Уг тэмцээнд А.Гансүх Баруун Үзэмчин хошууны хөл бөмбөгийн шигшээ багийнхаа ажлыг хөөцөлдөөд охиныхоо тоглохыг харж чадсангүй. Би өөрөө дасгалжуулагчийн хувиар очиж чадсангүй нь Алтанхуарын тэмцээний оноонд нөлөөлсөн бас нэгэн шалтгаан болсон байж магадгүй” гэж тэрбээр хэлж байлаа. Мөн Дундад улсын зуун буудалт шатрын багт байгаа А.Гансүхийн отгон охин Сая ч энэ удаагийн тэмцээнд эгчдээ бараа болсноос биш оролцоогүй. Харин тэрээр 5 дугаар сарын 6-ны өдөр Узбекистанд өндөрлөсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаа төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэн байна. Нэн баярлууштай нь уг тэмцээнээр тэрээр зуун буудалт даамны олон улсын мастерын цолыг хүртжээ. 16 настай тэрбээр улсын дотоодод уг цолыг хүртсэн хамгийн залуу шатарчин болжээ. Тал нутгийн өрцөд өсөж томоожсон эгч дүүс дэлхийд монгол нэрээ өргөж байхад аав болон дасгалжуулагчийн хоёр хариуцлага үүрч яваа А.Гансүх маш олзуурхан: “Хоёр охиноо дэлхийн аварга болгохоор үргэлжлэн бэлдэнэ.” гэж итгэл дүүрэн хэлж билээ.

1993 онд төрсөн Алтанхуар 6 настайгаасаа эхлэн монгол шатар тоглож, 17 настайдаа зуун буудалт даамны Азийн аварга болж, 21 настайдаа Дундад улсын хамгийн анхны зуун буудалт даамны их мастераар үнэлэгджээ.
1999 онд төрсөн Сая 8 наснаасаа эхлэн зуун буудалт даам сурч, 2008 онд зуун буудалт даамны Улсын багачуулын багт оржээ. 2011 онд болсон Дундад улсын залуучуудын зуун буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнд манлайлсан. Мөн тус онд болсон Азийн манлай шалгаруулах тэмцээнд тавд жагссан байна. Одоогийн байдлаар эгч дүүс улсын шигшээ багийн шатарчин болж, тун удахгүй 7 дугаар сард болох зуун буудалт даамны Улсын шилдгүүдийн тэмцээн болон 9 дүгээр сард болох гурав дахь удаагийн Улсын оюуны тамирын чуулганд оролцох болно.
