Мөнхзааны шүүгдээгүй ухаан
Нийтлэлийг Д. Болд, Саруул, Үзэсгэлэн
Үзэмчин нутгийн экологийн амин судас болж байгаа Улгай гол эргээ дагасан хүн ардад ариун шимээ харамгүй хайрлаж, тэд бүхний баяр жаргал, гуниг зовлонг нь дуугүй чагнасаар алгуурхан урсана. Энэхүү баян тансаг нутгийнхаа ганган төрх болон өөртэй нь адил бардам эзэн нь болсон малчин түмнийхээ баяр жаргалын алд хормыг шингээн сүүдэрлэж мөнхлөн үлдээх нь Мөнхзааны сонирхол , хүсэл мөрөөдөл болно. 8 сарын дунд төөнөм халуун нэгэн өдөр бид Улгай голын өмнө дэнж дээр сууж байгаа зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Хөтөл-Овоо гацааны малчин Мөнхзаан гуайнд очлоо. 50 насны дөрөө шүргэж яваа наранд борлосон царайтай , намхан пагдгар биетэй , намбалаг лагшин дүртэй Мөнхзаантай уулзсан даруйдаа зураглаачийн ажилтай нь холбож чадахгүй байж билээ.
Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн бусдыг баясгаж яваа Мөнхзаан хичээл номыг нь үзэлгүйгүйгээр өөрийн сонирхол, хүсэл мөрөөдлөө даган зураглаач болсон. Түүний зураглаачийн ажил нь 1998 оноос эхэлсэн гэдэг. Мөн тэр жил Мөнхзаан зуу гаруй хонио худалдаж, Шэнянгаас 10800 юаний үнэтэй камер худалдан авчээ. Энэхүү камер нь тэр үедээ зүүн Үзэмчин хошууны анхдагч хувь хүний камер байсан.
Овооны найр, хүүхдийн даахь үргээх найр, ойн баяр, хурим гэх мэтийн 300 гаруй найр наадмын бичлэгийг он жилийн дарааллаар нь найр наадмын хөгжлийн түүхийн материал болгон нандигнан хадгалж байдаг. Тэр хурим найрт зураглаач хийхээс гадна бас бэлэн цэцэн үгтэй учир хөтлөгчийн ажлыг ч хийдэг. Мөн дуу өсгөгч түрээслүүлж, бичлэг хийсэн жилийн нийт орлого нь 40 мянган юаньд хүрдэг. Мөнхзаан зураглаачийн туршлага дээшлэхийг хирээр ашиглах камерын шаардлага нь ч дээшилсээр өнөөг хүрэхэд 4 камер сольсон байна.

Зүүн Үзэмчин хошууны аль ч найр наадмаас бараг хоцорч үзээгүй Мөнхзаан зараглаачийн ур чадвар, хөтлөх авъяас мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй болсон. Зөвхөн хошуу нутагтаа нэр гарсан төдийгүй ойрын жилээс Зарууд , Архорчин , Авга , Эрээн зэрэг хошуу нутгийн найр хуриманд ч зураглаач, хөтлөгч ( хэлмэрч ) –өөр уригдан ажилладаг.
Тэр хэдийгээр дунд боловсролтой боловч соёлоо гэсэн халуун сэтгэл зүтгэлээрээ соёл боловсролтой хүн болсон төдийгүй хошуу сумныхаа соёл урлагийн ажилд ч ихээхэн хувь нэмэр оруулсан аж. 1990 онд зохион байгуулах чадвартай Мөнхзаан малаасаа холдож, сумынхаа соёлын клубд 3 жил ажиллаж , хошуундаа ямар ч нэр нөлөөгүй байсан Хүрээтнуур сумын соёлын клубыг А зэрэглэлийн соёлын клуб болгон хөгжүүлсэн. Түүний бичсэн “Шүүгдээгүй ухаан ” жүжиг нь бүх хошууны Улаанмөчрийн тоглолтын уралдаанд нэгдүгээр байранд орсон.Тэрбээр мотоциклдоо кино гаргадаг төхөөрөмжөө тээн гацаа гацаагаар явж үнэ төлбөргүйгээр кино гаргаж байсан. Соёлын клубд өөрийн 100 гаруй номыг бэлэглэсэн, 1994 онд хошууныхаа соёл түүхийн албанд ажиллаж байхдаа сансарын антен худалдаж олсон орлогооссоо хошууныхаа ном хэвлүүлэхэд 42000 юань хандивласан байна.
Энэ бүхний дундаас “ Шүүгдээгүй ухаан ” зохиолынхоо тухай дурсан ярьхад дуртай байдаг. Тухайн үед хөдөө нутаг мал аж ахуйн оронд арьс ноос худалдан авах буюу малчдад өдөр тутамын хэрэглээний зүйлс борлуулж байсан захын наймаачин шинээр гарч байсан үе. Жүжигтээ тухайн байдлыг тусган, явуулын наймаачны бууны хэлбэртэй цахиур гэрлээр малчдыг хуурах оролдлого, ов мэхийг илчилсэн малчин хүний шүүгдээгүй ухааныг харуулжээ. Үүгээрээр дамжин малчид шинэ зүйл шинэ юмыг сохор балраар хүлээн авдаг биш, харин сонголттой мөртөө хянамгай хандахыг үзүүлэхийн зэрэгцээ малчдад хянамгай, сэргэг болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг анхааруулжээ.
Мөнхзаан үе тэнгийнхэн нь “ Манай хүн чинь соёл моёл гэж сүржин загнаж, мал хард аанайхан болсон ч юм уу ” гэж заримдаа шоглодог гэнэ. Тэр бол гарцаагүй нэгэн соёлын хүн, гэхдээ сайн малчин хүн бөгөөд соёлын ажилд шүүгдээгүй ухаанаараа гялалзаж явсан.
1985 оны их зуднаар Мөнхзааны ойр хавийн ихэнх айл Жирэм, Хянганы хэсэг хошуугаар оторлон нүүж өвөлжөөд , хавар нь буцаж ирэх замдаа улаан шуурганд дайрагдаж, 500 хонио алдсан өрх, 200 үхрээ алдсан өрх, хотоо харлуулсан өрх ч зөндөөн байжээ. Мөнхзаан харин 816 хонио нутгаасаа холдуулаагүй эргэн тойрныхоо 30-н газарт 13 удаа нүүж сууж бэлчээрээ зөв сонгон, өвлийн бэлтгэлийн ажлаа сайн хийж , зэгс хулстай шуурга авдаггүй газрыг сонгож бууснаас пин хороо муутай байсан ч өнчин ишиг ч алдалгүйгээр малаа онд мэнд оруулж, хошуу нутгийнхаа хөдөлмөрийн шагналаар энгэрээ мялаалгаж явжээ.
1996 онд мал маллах хөдөлмөр хүч дутаж хошууны соёл түүхийн албан газар дахь ажлаа орхин мал маллах болжээ. Мөнхзааных 4000 акр талбай нутаг дээр 400 гаруй хонь, 50 үхэр, 5 адуутай бөгөөд энэ жил 20 үнээ тугалжээ. Тэрээр: -Нээрэн ч соёлын ажил гэж зүтгэснээрээ мал хараа өсгөх ажлаа удаан орхисон. Манай бүсгүй л хөөрхий малаа гээд ганцаараа шахуу л зүдэрч явдаг. Энэ хоёр жилд үхрээ өсгөнө гэж бодож байна. Манай энэ нутаг үхэр маллахад илүү тохиромжтой гэж ярьж байлаа.

Сурвалжлагчийн зураг авч буйг харсан харсан Мөнхзаан: -Одоогийн интернет дээрх богино хэмээний киног ийм аппратаар зурагладаг болсон гэнэ шүү, болдог л эд байна даа. Манай энд интернет хэзээ нэвтэрдэг бол оо? гэснээ өнгийж ирээд харж, интернет хурдан нэвтрээсэй, интернеттэй болбол түүнийг ашиглаж илүү олон ажил хийх юмсан …

Энэ бол Мөнхзааны ирээдүйн хүсэл, түүний шүүгдээгүй ухаан. Бүх орон даяар арвыг хамруулах төслийг эрчимтэй явуулж, мал аж ахуй, газар тариалангийн орны үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг сайжруулж байгаа хүрээнд Мөнхзаанын хүсэл мөрөөдөл нь удахгүй биелэгдэх тэр цагт бид түүний шинээр хийсэн киног интернетээс үзнэ гэж найдаж байна.
