solongonews
“Нэг бүс нэг зам” бодлого Эрээн хотод нөлөөлөхүй
2016-01-19 09:40
Эрээн хотын захиргаа Ши Жиньпин даргын Өвөр Монголд ажиллах үеэрээ Эрээн хот Монгол Улс болон ОХУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэрэгтэй гэсэн зааварчилгааг хянамгай хэрэгжүүлж байна.

Улмаар өвөрмөц төлөвлөлтийн давуу талаа ашиглан Монгол, Орос улстай эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэн, БНХАУ-ын хэмжээнд нийт Өвөр Монгол орны умардад нээлттэй бодлогыг өргөжүүлэхэд идэвхтэй нөхцөл боломж бүрдүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны гол зам шугамын үүргээ гүйцэтгэж байна.

Экспортын зам сувгийг шулуутгана

Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, зах зээлийн хөгжил нь төдийлөн төгөлдөр бус, бараа бүтээгдэхүүн нь хараахан хангалтгүй бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний ихэнхийг нь Эрээн хотоос худалдан авдаг. Эрээн хот экспорт, импортын шилдэг бараа бүтээгдэхүүний бүтцэд тасралтгүй зохицуулалт хийж, Хятадын аж ахуйн нэгж Монгол Улс, ОХУ-д барилгын материал, цахилгаан механик, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэргийг борлуулах салбар борлуулалтын төв, борлуулалтын цахим хуудас байгуулахыг дэмжиж, экспортын бараа бүтээгдэхүүний цар хүрээгээ өргөжүүлж байна. Түүнчлэн Хил дамнасан цахим худалдааг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Монгол Улс руу экспортлох цахим худалдааны тавцан нь Монгол Улсад хамгийн их хандалт ихтэй худалдан авалтын цахим хуудас болжээ. Эрээн хотын жилд экспортолж байгаа барилгын материал хоёр сая тонн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 300 мянган тонн, цахилгаан механикийн бүтээгдэхүүн 200 мянган тоннд хүрсэн үзүүлэлттэй байна. Эрээн хотоор экспортолж буй цахилгаан механикийн бүтээгдэхүүн Монгол Улсын зах зээлд 50-иас дээш хувийг эзэлж, цемент, ган, төмөр зэрэг барилгын материал, мөн хүнсний ногоо, тос зэрэг өргөн хэрэглээний бараа Монгол Улсын зах зээлийн 80 орчим хувийг эзэлж байдаг. Монгол Улсын Засгийн газрын албан тушаалтнуудын үзэж буйгаар:

 - Хэрвээ Эрээн хотын боомтыг нэг сарын хугацаатай хаавал Монгол Улсын барааны үнэ наад зах нь 1/4-иар өснө гэсэн байна. 2015 онд Эрээн боомтын экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 4.4 сая тоннд хүрч, Хятадын хэмжээнд эх хуурайн боомтын тэргүүн эгнээнд жагсав.

 

Хятад, Монголын ашигт малтмалын хамтын ажиллагаагаар гүүр болгоно

Монгол Улс, ОХУ-ын зүүн Сибирийн бүс нутгууд нөөц баялаг ихтэй, “XXI зууны хүн төрөлхтний байгалийн нөөцийн эрдэнийн сан” гэгддэг. Эрээн хот аж ахуйн нэгжийн гадагш гарах бодлогыг идэвхтэй дэмжиж, аж ахуйн нэгжүүд Монгол, Оросын нөөц баялгийг нээн хөгжүүлэх ажилд оролцохыг дэмжин ажиллаж байгаа юм. Монгол Улс, ОХУ-д хилийн гаднах байнгын түүхий эд, материалын бааз байгуулахыг дэмжиж байна. Одоогоор нийт 22 аж ахуйн нэгж Монгол, Оросын 18 газрын ашигт малтмалын бүтээгдэхүүн, нүүрс зэрэг нөөц баялгийн хайгуулын эрх аваад байна. Ашигт малтмалын хайгуулын эрх авсан газрын төмрийн хүдрийн нөөцийн хэмжээ 1.5 тэрбум тонн, нүүрсний нөөц нь 140 сая тонн, цайр 20 сая тонн, цагаан тугалга 160 мянган тонн байв. Монгол Улс хоорондын санхүүгийн хамтын ажиллагааг улам сайжруулахын тулд бүс нутаг хоорондын гадаадад нээлттэй төлбөр тооцооны төв байгуулахыг дэмжиж байна. Бэлэн мөнгөний тооцооны төв байгуулах ажил ӨМӨЗО-ны Хятадын Ардын банкны төлөвлөгөөний төсөлд нэгэнтээ хамрагджээ.

Далай ба төмөр замын хамтарсан тээвэр “Нэг бүс нэг зам”-д хамрагдлаа

“Нэг бүс нэг зам”-ын стратегийг сайжруулахын зэрэгцээ Эрээн хот Тянь Жин гарам хоорондын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, төмөр зам, авто замын тээврийг нэвтрүүлэхээр дамжин төмөр зам, далайн замаар хамтран тээвэрлэх шинэ хэв маягийг бий болгосон байна.

Бээжингийн Же Чяо логистикийн хязгаарлагдмал хувьцаат компани бол нарийн тоног төхөөрөмж тээвэрлэх ачаа тээврийн компани. Тус компани Японоос худалдан авсан экспортын авто машины сэлбэгүүдийг Монгол Улсад импортлох шаардлагатай болж, тус бүтээгдэхүүнүүдээ Тянь Жин гарамд хүргэн дахин Эрээн боомт руу тээвэрлэж, Эрээн боомтын хилийн үүдээр гарган Монгол Улсад экспортлов. Энэхүү далайн тээвэр, төмөр замын тээврийг хамтатгасан тээврийн арга хэлбэр нь аж ахуйн нэгжүүдэд олон улсын бараа бүтээгдэхүүн экспортолж, импортлох таатай нөхцөл боломж бүрдүүлж өгч байгаа юм. Япон, Солонгос зэрэг улсаас импортолсон бараа бүтээгдэхүүнийг дахин Европ, Орос, Монгол руу экспортолж, олон улс хооронд нэвтэрсэн хурдны зам шугамыг бий болгосон байна. 2015 оноос хойш Бээжингийн Же Чяо логистикийн хязгаарлагдмал хувьцаат компанийн сар бүрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэмжээ 500 чингэлэгт хүрч байв.

Же Чяо логистикийн хязгаарлагдмал хувьцаат компанийн захирал Чяо Вэньтао:

 - Тянь Жин гармаар дамжин Эрээн боомтоор Монгол Улс руу экспортлоход маш хялбар, аж ахуйн нэгжүүд бүгд далай болон төмөр замын хамтарсан тээврийг сонгодог. Энэ зам шугам нь саад багатай, хялбар шулуухан байдаг. “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлого хэрэгжихийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүд улсын дотоодын хэрэглэгчдэд маш сайн үйлчлэх болно гэлээ.

Эрээн хот нь Хятадын эх хуурайгаас Европ руу нэвтрэх хамгийн дөт зам төдийгүй Монгол Улстай нэвтрэх хамгийн том эх хуурайн боомт юм. Тянь Жин гармаас Эрээн хот хүртэлх зай 800 км байдаг. Хоёр газрын далай, төмөр замын хамтарсан тээвэрлэлтийн зам шугам нь Монгол Улс, ОХУ, Беларусь, Польш, Герман, Нидерландаар дамжин Европт хүрч, ирж очих бараа бүтээгдэхүүнийг нэгтгэн дахин дамжуулж тээвэрлэхэд хөнгөн хялбар нөхцөл бүрдүүлж өгсөн байдаг. Үүний зэрэгцээ Тянь Жин гармаас Эрээн хот хүрэх олон улсын галт тэрэг мөн хил дамжсан тээвэрлэлтийг хэрэгжүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын гол судас болсон байна.

Гадаадад нээлттэй эдийн засгийн хөгжлийн шинэ хэлбэр

“Нэг бүс нэг зам”-ын хөгжлийн боломжоор 2015 оноос хойш Эрээн хотын хилийн гаднах хөрөнгө оруулалтын 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн маш олон хилийн гаднах аж ахуйн нэгжүүд Хятадад ирж хөрөнгө оруулалтыг татаад байгаа юм. Ийнхүү гадагш гарч хөрөнгө оруулах болон гаднах бизнесийн байгууллага нэгжүүд Хятадад ирж хөрөнгө оруулах бодлого ба бүс нутгууд хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн ахиулахын зэрэгцээ боомтын эдийн засаг нь хөгжлийн шинэ аз тохиол авчирсан байна.

2015 онд хилийн гаднах хөрөнгө оруулалтын компаниар зөвшөөрөгдсөн Жя Рүй худалдааны ХХК бол хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо экспортолдог аж ахуйн нэгж. Тус компанийн экспортолдог бэлэн гоймон, Шань Дүн мужийн Линь И-д ургадаг газрын самар зэрэг бүтээгдэхүүнүүд Монгол Улсад борлуулалт сайтай. Түүнчлэн “татваргүй”, “экологийн” гэсэн тодотголоороо борлуулалтын хэмжээ нь Монгол Улсын ижил салбаруудын тэргүүнд жагсав. Тус компани энэ онд Улаанбаатар хотын хувьд 6.7 га талбайтай хүлэмж байгуулж, тухайн орны хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахаар төлөвлөж байна. Жя Рүй худалдааны ХХК-ний захирал Шин Хуа:

- Бид цаашид төрийн дэмжлэгтэйгээр хүлэмжийн талбайгаа 80 га орчим хэмжээтэй өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ярилаа.

Эрээн хотын 2015 онд шинээр нэмэгдсэн хилийн гаднах хөрөнгө оруулалтын таван аж ахуйн нэгж ихэвчлэн Монгол Улс, ОХУ-ын зах зээлийг зорьж, хөрөнгө оруулалтын салбар нь голдуу ашигт малтмалын бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тарьж ургуулах хамтын ажиллагаа, машин механизмын бүтээгдэхүүний борлуулалт ба энэ онд шинээр нэмэгдсэн хил дамнасан цахим худалдааны шинээр гарсан аж ахуйн нэгжийн төслийн хөрөнгө оруулалт зэрэг салбарууд хамрагдсан байна. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хонгилын төслийг идэвхтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ Орос, Монгол Улс Хятадын гадаадад шууд хөрөнгө оруулах чухал улс орон болсон байна.

Эрээн хот ”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулахын хамт умардад нээлттэй байлгах стратегийг хэрэгжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааны хонгилын бүтээн байгуулалтыг түргэсгэв. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятад, Монгол, Оросын удирдлагуудын харилцан айлчлалууд нэмэгдэж, нөөц баялгийг нээн хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарт хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрчээ. Ингэснээр боомтын нээлттэй хөгжилд боломж бололцоогоор ханган өгч, маш олон аж ахуй нэгжүүд Монгол Улс, ОХУ-д хөрөнгө оруулан үйлдвэрлэл эрхэлж байна. Эрээн хотын талаас эдгээр аж ахуйн нэгжүүдийг гадаадад хөрөнгө оруулалт хийхийг идэвхтэй дэмжиж, хөнгөлөлттэй төрийн бодлого, мөнгөөр дэмжих зэрэг тал дээр томоохон дэмжлэг үзүүлж байна. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хонгилын бүтээн байгуулалт, мөн Хятад, Монгол, Оросын найрсаг харилцааны хөгжлийн дагуу маш олон аж ахуйн нэгжүүд Монгол, Орост хүрч хөрөнгө оруулалт хийх болсон. Энэ байдал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн харилцааг улам нягтруулах нь дамжиггүй.

ХКН-ын Шилийнгол аймгийн хорооны гишүүн, Эрээн хотын хорооны наийн бичгийн дарга Мэ Юньбө:

- Одоо ба цаашдын ирээдүйд Эрээн хот Ши Жиньпин даргын Өвөр Монголд ажиллах үеэрээ хэлсэн чухал үг, ХКН-ын Төв Хороо, ӨМӨЗО-ны бүх чиглэлийн төрийн бодлогын төлөвлөлтийн зорилго чиглэлийг тууштай гүнзгийрүүлнэ. Түүнчлэн эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд санаачилгаараа дасан зохицож, “8337” хөгжлийн хөтөлбөрөөр удирдлага болгон шинэ хөгжил, хамтын ажиллагааны хөгжил, эв нэгдэлтэй хөгжлийн чадавхаа дээшлүүлэн, умардад нээлттэй орноо улам үзэсгэлэнтэй болгон хөгжүүлнэ гэж ярьсан байна. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл