2014 онд хоёр орны гадаад харилцаа тогтоосон 65 жилийн ой болон нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан 20 жилийн ой тохиож, Монгол Улсын засгийн газраас энэ оныг Дундад, Монголын соёл урлагийн солилцооны жил хэмээн нэрийдсэн билээ. Түүнчлэн хоёр орны бүх салбаруудын хооронд олон сайхан үйл ажиллагаа зохиогдов. Түүний дундаас соёл урлагийн солилцооны арга хэмжээг энд онцлон дурдах ёстой.
Иргэдээ зүрх сэтгэлээр нь холбосон урлагийн концертууд
2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот дахь Дундад улсын Соёлын ордон болон Монгол Улсын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлаас хамтран зохион байгуулсан найрал хөгжмийн тоглолт Улаанбаатар хотноо болов. Тоглолтоор Дундад, Монгол хоёр орны уран бүтээлчид хамтдаа Дундадын нэрт хөгжим “Лян жү ( Хос эрвээхий )” болон Монгол Улсын “Хэнтийн өндөр ууланд” хэмээх хөгжмүүдийг үзэгч түмнийхээ сэтгэлд хүртэл яруу сайхан хөгжимдөж олны сэтгэлд хүргэсэн. Үүний дараахан буюу 1 дүгээр сарын 26-нд Өвөр Монголын Гадаадтай Соёлоор Харилцах Нийгэмлэгээс зохион байгуулсан “Энх мэндийн хадаг- 2014 Дундад, Монголын залуучуудын концерт” мөн Улаанбаатар хотод болов. Тус тоглолт хурсан олны сэтгэлийн гүнд мөнхөрч үлдсэн бас нэгэн сайхан арга хэмжээ болсон юм.
Концертын үеэр ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын хэвлэл мэдээллийн албаны байцаан судлаач н.Баянжаргал: -Шинэ оны босгон дээр явагдсан энэхүү концертод оролцсон уран бүтээлүүд Өвөр Монголын цагаан сарын үдэшлэгт оруулахаар шалгаруулсан шилдэг бүтээл байж, хоёр орны иргэдэд барьсан сар шинийн бэлэг болох төдийгүй тус онд явагдах бүхий л соёл урлагийн солилцооны ажиллагааны хөшгийг сөхөж буй явдал юм” хэмээн танилцуулж байлаа.

Үүний дагуу жил бүр тасралтгүй явагдаад ирсэн хоёр орны хошин урлагийн оддын хамтарсан сар шинийн бас нэгэн бэлэг болох “Инээдтэй үдэш” хошин шогийн үдэшлэгийг энд бас дурдах ёстой. Сар шинэд зориулсан утга урлагийн тоглолтуудын дараахан даруй 2 дугаар сарын 19-ний Эрээн хот дахь хоёр орны соёл урлагийн солилцооны уран сайхны үдэшлэг, 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөлөнбуйрын Шинэ Барга баруун хошуун дахь хоёр орны хүүхдийн уран сайхны үдэшлэгүүд удаа дараалан явагдсан.

Мөн өнгөрсөн оны 8 дугаар сард Дундад улсын тэргүүлэгч Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг нэн өндөр түвшинд хүргэсэн билээ. Тухайн сард Дундад улсын соёлын долоо хоногийн арга хэмжээ Улаанбаатар хотод болж, уламжлалт тоглолтууд явагдав. Мөн энэ үеэр Өвөр Монголын Радио телевиз хороо болон Монгол Улсын Үндсэний олон нийтийн радио телевиз хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, 10 дугаар сард Монгол Улсад “Хятад дууг хэн сайхан дуулах вэ” нэртэй уралдааныг амжилттай зохион байгуулсан юм. Улмаар 12 дугаар сард Өвөр Монголын Хөххотод “Монгол Улсын дууг хэн сайхан дуулах вэ” уралдааныг зохион байгууллаа. 12 дугаар сард Монгол Улсын Үндэстний Дуу Бүжгийн Чуулгынхан Шандүн мужийн Жинань хотод айлчилж, уран сайхны тоглолтоо сонирхуулав.

Үүнээс гадна Монгол Улсын Хурд, Харанга, Чингис хаан, Шинэ үе, Гурван охин, Iсетор, ВХ зэрэг хамтлаг, дуучдын бие даасан тоглолт Хөххот, Ордос, Шилийн хот зэрэг газруудад болж, хоёр орны иргэдийг урлагийн гайхамшигт гүүрээр холбож, сэтгэл зүрхээр нь нэгтгэн нөхөрлөлийг улам зузааруулсан билээ.
Нүд хужирлаж ухаан тэлсэн зургийн үзэсгэлэнгүүд
2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дундад, Монгол хоёр орны хамтарсан “Адуун соёл” уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн Эрээн хотод нээлтээ хийв. Үзэсгэлэнгээр хоёр орны нэрт уран бүтээлчид хуран цугларч адуугаар сэдэвлэсэн арьсан болон бэхэн зураг, тосон будгийн зураг болон уран бичлэг, шуумал зэрэг бүтээлээ дэлгэн үзүүлсний дээр адуун соёлын судлан ярилцах хурлыг хамтад нь зохион байгуулжээ. Гурван өдрийн турш явагдсан энэхүү үзэсгэлэнгээр цөөн бус бүтээл худалдаалагдаж, орсон орлогоор нь Эрээн хотод амьдарч, суралцдаг хоёр орны хэсэг бүлэг ядуу буурай амьдралтай сурагчддад тусламж болгон хүргэсэн юм.


6 дугаар сарын 26-нд Өвөр Монголын засгийн газар болон Дундад улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулсан хоёр орны соёл урлагийн харилцааны цуврал арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод болов. Энэ үеэр Дундад улсын монгол ном, сэтгүүлийн үзэсгэлэн ч нээлтээ хийж, 20 гаруй Хэвлэлийн хороо болон Сэтгүүлийн хорооноос дэвшүүлсэн 2000 гаруй төрлийн ном, сэтгүүл Монгол Улсын уншигчдын гар дээр хүрсэн. Үзэсгэлэнгийн дараа Монгол Улсын ГХЯ-ны олон улсын асуудлын зөвлөх Я.Ганбаатар: -Дундад улсын монгол ном, сэтгүүлийн үзэсгэлэн Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан нь хоёр орны утга урлагийн солилцоо хийгээд уламжлалт нөхөрлөлийг улам бататгаж, хамтын хөгжилд идэвхтэй хүчин зүтгэл гаргасан явдал боллоо гэж өндөр үнэлэлт өгч байсан билээ.



Түүнчлэн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын цаасан сийлмэл урлаач н.Баатарцогийн бэхэн зураг, тосон будгийн зураг, цаасан сийлмэлийн бүтээлийн үзэсгэлэн Хөххотод нээлтээ хийж, хагас сарын хугацаатайгаар явагдав. Мөн тухайн сарын 18-23-ны өдрүүдэд “Муни уулын хадан зургийн үзэсгэлэн” Улаанбаатар хотноо болж хүмүүсийн анхааралд хүрсэн юм.

Даруй жилийн эцсээр буюу 12 дугаар сарын 6-14-ний өдрүүдэд “Монгол Улсын гэрэл зургийн үзэсгэлэн” Бээжин хотноо нээгдэж, Монгол Улсын гэрэл зурагчдын зургийн хальсанд буусан монгол орны ахуй амьдралын сэдэвт 100 гаруй бүтээл бүх Дундад улсын өмнө дэлгэгдсэн байна.
Хөх морин жилд тохиосон Дундад, Монгол хоёр орны соёлын жил ийнхүү ганзага дүүрэн байлаа. Харилцаа, хамтын ажиллаагааг ахиц дэвшлийн бас нэгэн түвшинд хүргэсэн хоёр орны ард түмэн сэтгэл зүрхээрээ ижилсэн, хөхөгчин хонин жилээ итгэл дүүрэн угтлаа.
