Нэг. Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав
Ши Жиньпин даргын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 11 дүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын хугацаанд хоёр улсын тэргүүлэгчид хэлэлцээр хийж, Хятад, Монгол хоёр талын хамтын ажиллагааны нийт 11 санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Үүний 10 санамж бичиг нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны томоохон төсөлтэй холбоотой эдийн засаг, техник технологи, хүнсний аюулгүй байдал, дэд бүтэц, агаарын тээвэр, эрчим хүч, банк санхүү зэрэг салбаруудыг хамарсан байна.
Хоёр. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт урагштай ахисан байна
Ши Жиньпин дарга 7 дугаар сарын 9-нд Оросын Уфа хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай Хятад, Монгол, Орос гурван орны төрийн тэргүүн нарын II уулзалт хийлээ. Энэ үеэр гурван орны төрийн тэргүүлэгчид Хятад, Монгол, Оросын хөгжлийн гурван талын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зургийг батлан зөвшөөрч, гурван орны холбогдох салбарууд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөрийн ойлголцлын санамж бичиг зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Гурван талын хамтран гаргасан Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөрийн ерөнхий загвар, гол агуулгыг тодорхойлсон юм.
Гурав. Хятад, Монголын анхдугаар экспо амжилттай боллоо
Хятад, Монголын анхдугаар экспо Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотод аравдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд амжилттай болсон. Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар экспод хандан баярын захидал илгээсэн. Дэд Ерөнхий сайд Лю Яньдүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар нар нээлтийн ёслолд оролцож, хоёр орны төрийн тэргүүн нарын баярын захидлыг тунхаглан уншиж, мөн үг хэллээ. Экспо Тал нутаг, Торгоны зам, Эдийн засгийн хонгилыг хамтран хөгжүүлэх уриан дор болж, хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, хурал форум, үзэсгэлэн худалдаа, соёлын солилцоо зэрэг томоохон агуулгуудыг хамарсан.
Дөрөв. Хятадын Худалдааны Яамны төлөөлөгчид Монгол Улсад айлчлав
Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Гао Яниар ахлуулсан эдийн засаг худалдааны төлөөлөгчид 8 дугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Айлчлалын хугацаанд орлогч сайд Гао Янь Монгол Улсын Шадар сайд асан У.Хүрэлсүхтэй уулзаж, Монгол Улсын Сангийн сайд, Гадаад хэргийн орлогч сайд, Аж үйлдвэрийн орлогч сайд нартай хэлэлцээр хийв. Улмаар Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх, хоёр талын сонирхож буй Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй тусламж зэргийн хэрэгжилт, Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон юм.
Тав. Хятад, Монголын Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын амжилттай гараа
Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх зорилгоор Хятад, Монгол хоёр тал энэ оны эхнээс тусгай ажлын хэсэг гарган ажиллуулж, Эрээн-Замын-Үүдийн Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бүтээн байгуулах талаар хамтран судалгаа хийв. Энэ жилдээ багтаан хоёр талын ажлын хэсэг анхны зөвшилцөл хийж, Монголын талынхныг Хятад, Казахстаны хилийн Хоргос боомтын олон улсын хилийн хамтын ажиллагааны бүсийн ажил байдалтай танилцуулж, ирэх оны ажлаа төлөвлөсөн байна.
Зургаа. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн төсөл ахицтай хэрэгжлээ
Хятадын Засгийн газар урт хугацааны буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монголын эдийн засаг, нийгэмд тус дэм болж, ялангуяа ард иргэдийн амьдрал хөгжилд туслалцаа үзүүлэв. Улмаар Хятад, Монгол хоорондын ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэхийг зорьсоор ирсэн юм. 2014 оны 8 дугаар сард Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах хугацаандаа Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай дурдсан. Дараагийн шатанд Хятадын тал Монгол Улсад үзүүлэх тусламжаа ард түмний амьдрал руу түлхүү хандуулж, сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан төсөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн төсөл, Бээжингийн гудамжны төсөл зэргийг дэмжиж, Монголын ард түмэнд үр ашиг хүртээх болно.
Долоо. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн төсөлд ахиц гарлаа
Буцалтгүй тусламжаас гадна Хятадын Засгийн газар Монголын талд олон төрлийн хөнгөлөлттэй зээл олгож, Монгол Улсын зам харилцаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, харилцаа холбоо, хилийн хяналт шалгалт зэрэг олон салбарын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн байна. 2014 оны 8 дугаар сард Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах хугацаандаа Монгол Улсын талд шинээр хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгджээ. Одоогоор Хятад, Монгол хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, холбогдох зээлийн хэрэгжилтийг боловсролын салбар хийгээд хөдөө аж ахуйн том оврын машин механик, Улаанбаатарын нисэх онгоцны буудлын хурдны зам зэрэг төслүүд хэрэгжүүлсэн байна.
Найм. Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал төслүүд хэрэгжив
Хятад, Монгол хоёр улс хилээрээ холбогдон оршихын зэрэгцээ эдийн засгийн тал дээр харилцан бие биенээ нөхөхөд маш өргөн боломжтой. Сүүлийн жилүүдэд Хятад улсын олон аж ахуйн нэгж Монгол Улсад хөрөнгө оруулан аж ахуй эрхэлж байна. 2014 оны эцсийн байдлаар Монгол Улсад бүртгүүлсэн Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 6500 гаруйд хүрчээ. 2015 онд Амгалангийн дулааны станц, Мэншинь Баянгал цементийн үйлдвэр, Багануурын цахилгаан станц зэрэг хоёр орны худалдаа, эдийн засгийн чухал төслүүд хэрэгжиж, Монголын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Ес. Монгол Улс "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-ны анхны гишүүний хувиар хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол Улс "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслол 6 дугаар сарын 29-нд Бээжин хотноо болсон. Ши Жиньпин дарга гарын үсэг зурах ёслолд оролцож, хэлэлцээрийг үүсгэн байгуулах санамж бичиг дэвшүүлэгч гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзсан юм. Монгол Улсын сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын өмнөөс тус хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Арав. Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монголд хуулийн дагуу аж ахуй эрхлэн, нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлж байна
Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулахдаа эдийн засгийн үр ашгийг буй болгохоор хичээн ажиллаж, хуулийг чандлан мөрдөж нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлж байна. Улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нааштай хувь нэмэр оруулан, Хятадын аж ахуйн нэгжүүдийн сайн дүр төрхийг буй болгож чадлаа. 2015 онд Хятадын Худалдааны нийгэмлэгийн ерөнхий холбоо, орон нутгуудын Худалдааны нийгэмлэгүүд Монгол Улсад Хятадын аж ахуйн нэгжүүдийн "Нэг бүс нэг зам"-ын дээд чуулга уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, худалдааны хамтын ажиллагаа хийх, мэдээлэл солилцох, харилцан тэтгэхээс гадна гадаад харилцааны зам суваг бүрдүүлж, эв нэгдлийг бэхжүүлсэн юм.
