Хоёр орны удирдагч нар харилцан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, шинэ нэгэн жилд Дундад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг хамтдаа урагшлуулж, Дундад Америкийн их гүрний шинэ хэлбэрийн харилцааны бүтээн байгуулалтыг ахиулж, улам их амжилт олоход бэлэн буйгаа илэрхийлэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: -Ерөнхийлөгч Барак Обаматай стратегийн харилцаа солилцоогоо хэвээр өрнүүлэхийг хүсэж байна. Хоёр тал эдийн засаг худалдаа, цэрэг дайн, эрчим хүч, хүрээлэн буй орчны хамгаалалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хууль хэрэгжилт зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгэм соёлын солилцоог өргөтгөж, Дундад Америкийн харилцааны үндэс суурийг улам бэхжүүлэх ёстой. Дундад Америк хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг түргэтгэж, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны шинэ үзүүлэлтийг бий болгох ёстой, Дундадад чиглэсэн дээд технологийн бүтээгдэхүүний экспортыг улам чөлөөтэй болгож, Дундадын аж ахуйн нэгж Америкт хөрөнгө оруулалт хийхэд тус дөхөм үзүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг Америкийн талд хүсэж байна. Хоёр тал тус тусын ашиг сонирхолд нийцсэн, анхаарал хандуулдаг чухал асуудалд харилцан хүндэтгэн хандах ёстой, Тайвань, Түвд зэрэг асуудлаарх Дундадын талын анхаарлыг чухалчлан үзэж, Дундад Америкийн харилцаанд харш саад учруулахаас сэргийлэхийг Америкийн талд хүсэж байна гэжээ.
Барак Обама хэлэхдээ: -Дундадын ололт амжилт нь Америкийн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг миний бие олонтаа илэрхийлсэн билээ. Хоёр орон нэгэнт тохиролцсон нийтлэг ойлголтоо хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, НҮБ-ын Парисын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлыг үр дүнтэй болгох талаар хамтран ажиллахыг Америкийн тал хүсэж байна. Африк тивийн эбола вирустэй тэмцэх ажилд Дундад улс чухал хувь нэмэр оруулсан явдлыг Америкийн тал сайшааж, Дундадын талтай хамтран дэлхийн эрүүл хамгаалалын аюулгүй байдлыг ахиулахыг хүсэж байна. Хоёр орон болон дэлхийн эдийн засгийн хөгжлийг Америкийн тал ихэд анхаарч, Дундадын талтай уялдаа холбоогоо эрчимжүүлж, харилцан анхаарал хандуулж, хоёр талт хөрөнгө оруулалтын өндөр стандарттай гэрээ тохиролцох, мөн харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн хэрэглээний өргөжилтийг ахиулахын төлөө ажиллахад бэлэн байна гэжээ.
Барак Обама энэ оны 9-р сард НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцохдоо дарга Ши Жиньпинийг АНУ-ад төрийн айлчлал хийхийг хүссэн ба Ши Жиньпин урилгыг хүлээн авсан юм.
