«Чю Шы» сэтгүүлийн 2026 оны 15 дугаарт ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпиний «Эрүүл Хятад улсыг байгуулах ажлыг түргэтгэх нь» хэмээх чухал өгүүлэл нийтлэв.
Өгүүлэлд 2035 он гэхэд Эрүүл Хятад улсыг байгуулах нь Төвөөс гаргасан стратегийн шийдвэр болохыг онцлон тэмдэглэв. «15-р таван жилийн төлөвлөгөө»-ний үе бол энэхүү зорилтыг хэрэгжүүлэх чухал үе шат бөгөөд нэгдсэн төлөвлөлт хийж, ажлыг эрчимтэй урагшлуулан, шийдвэрлэх ач холбогдолтой ахиц дэвшил гаргах ёстой.
Өгүүлэлд Хятад улсын эрүүл мэнд, эрүүл ахуйн үйл хэргийг улс орны бодит нөхцөл байдалд тулгуурлан хөгжүүлэхийг баримтлах ёстой гэж тэмдэглэв. Хятад улс бол социалист улс бөгөөд хүн амын цар хүрээ асар их, хот хөдөөгийн болон бүс нутгуудын хөгжлийн ялгаа харьцангуй их хэвээр байгаа хөгжиж буй орон юм. Энэ нь эрүүл мэнд, эрүүл ахуйн ажилд намын удирдлагыг тууштай баримтлах, ард түмнийг нэн тэргүүнд, хүний амь насыг нэн тэргүүнд тавих, эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх, суурь эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний нийтийн ашиг тусын шинжийг хадгалах, Хятадын онцлогтой эрүүл мэнд, эрүүл ахуйн хөгжлийн замаар замнахыг шаардаж байна. 2016 онд Төвөөс шинэ эрин үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйн ажлын чиглэлийг тодорхой дэвшүүлжээ. Үүнд анхан шатны түвшнийг голлох, шинэчлэл ба инновацыг хөдөлгөгч хүч болгох, урьдчилан сэргийлэхийг тэргүүнд тавих, уламжлалт хятад анагаах ухаан болон барууны анагаах ухааныг адил ач холбогдолтойгоор хөгжүүлэх, эрүүл мэндийг бүх бодлогод тусгах, ард түмэн хамтран бүтээж, хамтдаа хүртэх явдал болно. Шинэ эрин үеэс хойш Хятадын эрүүл мэнд, эрүүл ахуйн салбарын хөгжилд гарсан түүхэн ололт амжилтууд нь эдгээр шаардлага Хятадын бодит нөхцөл байдалд нийцэж, бүрэн зөв болохыг хангалттай нотлов. Өгүүлэлд Эрүүл Хятад улсыг байгуулах ажлыг голлох чиглэлүүдэд төвлөрөн урагшлуулах ёстой гэж тэмдэглэв. Эрүүл Хятад улсыг байгуулах нь системийн цогц төсөл юм. Ард түмний өсөн нэмэгдэж буй олон талт эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагын өмнө хамрах хүрээ өргөн, нэг талын өөрчлөлт нь бүхэлд нь нөлөөлөх, нийт эрүүл мэнд, эрүүл ахуйн үйл хэрэгт ихээхэн ач холбогдолтой ажлуудыг нягт барьж, хүч болон нөөцийг төвлөрүүлэн урагшлуулж, шинэ үр дүнд тасралтгүй хүрэх хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгож, нийгмийн хамтын засаглалыг гүнзгийрүүлэн, өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх ажлын уялдаа холбоо, интеграцыг бэхжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тандалт ба эрт сэрэмжлүүлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ, онцгой байдлын хариу арга хэмжээ, материалын хангамж, хяналт удирдлагыг бэхжүүлэх ёстой. Чанартай, үр ашигтай эмнэлгийн үйлчилгээний тогтолцоог байгуулж, эмнэлгийн эрүүл мэндийн суурь чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж, уламжлалт хятад анагаах ухаан болон барууны анагаах ухааныг хослуулан хөгжүүлж, нөхөн сэргээх сувилгаа, амьдралын төгсгөлийн үеийн асаргаа зэрэг үйлчилгээний хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрүүл, соёлтой амьдралын хэв маягийг сурталчилж, нийт иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг цаашид дээшлүүлэх шаардлагатай.
Өгүүлэлд Эрүүл Хятад улсыг байгуулах ажилд хүчтэй баталгаа хангах ёстой гэж тэмдэглэв. Намын хороод нэгдсэн удирдлагаар хангаж, нам болон засгийн газар хамтран хариуцдаг ажлын тогтолцоог боловсронгуй болгож, эрүүл мэндийг дэмжих бодлого, тогтолцооны системийг сайжруулан, эрүүл мэндийн үзэл санааг төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх бүх үйл явцад тусгах хэрэгтэй. Төрийн өмчит эмнэлгийн шинэчлэл болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийн арга хэлбэрийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, эмнэлгийн үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал, эм бэлдмэлийн уялдаа холбоотой хөгжил, засаглалын механизмыг боловсронгуй болгох ёстой. Шинжлэх ухаан, технологийн инновацын үр дүнг эрүүл мэнд, эрүүл ахуйн салбарт шилжүүлэн хэрэглэхийг дэмжиж, нийт иргэдийн эрүүл мэндийн дижитал, ухаалаг хөгжлийг ахиулах хэрэгтэй. Эрүүл мэнд, эрүүл ахуйн салбар дахь намын байгуулалтын ажлыг бэхжүүлж, эмнэлгийн ажилтнуудын идэвх санаачилга, бүтээлч байдлыг дайчлан, эмчийн мэргэжлийн ёс зүй, сайн уламжлалыг эрхэмлэж, салбарын цэвэр, шударга, эрүүл орчныг бүрдүүлэхэд бүх хүчээ зориулах шаардлагатай.
