solongonews
Дундад, Оросын төрийн тэргүүнүүд харилцан баярын цахилгаан илгээв
2014-12-31 20:10
БНДАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар 12 дугаар сарын 31-нд шинэ оны баярын цахилгаан харилцан илгээлээ.

        Ши Жиньпин цахилгаандаа: -2015 он айлчлан ирж буйг тохиолдуулан миний бие  Дундад Улсын засгийн газар, ард түмэн болон өөрийн нэрийн өмнөөс эрхэм танд болон Оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байна. 2014 онд бид олон удаа уулзаж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож буй асуудлуудаар саналаа гүнзгий солилцсон. Энэ нь Дундад Улс, Оросын иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийн харилцаа өндөр төвшинд хүрснийг харуулсан билээ. Бидний хооронд тохиролцсон дээд хэмжээний төлөвлөлт, стратегийн удирдлага хоёр орны олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаанд тасралтгүй чухал амжилт, ахиц гаргаж, Дундад Улс, Оросын харилцааг хөгжлийн шинэ шатанд хүргэх болно. Миний бие үүнд сэтгэл ханамжтай байна гэж  тэмдэглэжээ.

Ши Жиньпин цааш тэмдэглэхдээ: -Дундад улс, Оросын иж бүрэн стратегийн харилцан ажиллааны түншлэлийн харилцааг тасралтгүй бэхжүүлэн эрчимжүүлэх нь хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл болон цаг үеийн хөгжлийн урсгалтай ч нийцэж байна. Мөн олон улсын аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах чухал хүчин зүйл болно. Шинэ онд тантай хамтран хоёр талын хамтын ажиллагааны хүрээг өргөтгөж, хэр хэмжээг гүнзгийрүүлэн, хурдыг нь түргэтгэх, ялангуяа Дэлхийн Хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа болон Хүүхэд залуусын найрсаг солилцооны жилийн ажиллагааг сайтар зохион байгуулж, хоёр орны харилцааг дээд төвшинд хадгалж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмэр оруулан, хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэхийн төлөө ажиллах болно гэжээ.

        Путин баярын цахилгаандаа: -2015 он болон Дундад Улсын уламжлалт Цагаан сарыг тохиолдуулан танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.Дундад улсын бүх ард түмний амар амгаланг айлтгаж байна. Өнгөрөн одож буй 2014 онд Орос, Дундад улсын харилцаа бүх салбарт идэвхтэй сайхан хөгжлөө. Бид таныг Сочигийн олимпын наадмын нээлтэнд оролцох үеэр, мөн Шанхай болон Бээжин зэрэг хотноо болсон олон улсын олон талт ажиллагааны үеэр уулзаж, Орос Дундад улсын иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлсэн билээ. 2015 онд Орос, Дундад улсын олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинэ боломж бий болно гэдэгт би итгэж байна. Хоёр талын стратегийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж, бүс нутаг, олон улсын халуун цэгийн асуудлаар тантай хамтран баялаг үр дүнтэй ажиллана гэдэгт би итгэж байна гэжээ.

Дундад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Оросын ерөнхий сайд Медведев ч харилцан баярын цахилгаан илгээжээ. Талууд Дундад улс, Оросын иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийн харилцааны үр дүнг өндрөөр үнэлж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглаж, хоёр талын хамтын ажиллагааг илүү өндөр төвшин, илүү гүн давхаргад хүргэн, Дундад улс, Оросын харилцааны хөгжлийн үр өгөөжийг хоёр орны ард түмэнд хүртээх болно гэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл