БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1-р сарын 28-ны өдөр Зимбабвегийн чөлөөлөх тэмцлийн ахмад дайчдад хариу захидал илгээв.
Ши Жиньпин захидалдаа, 2026 он бол Хятад, Африк дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой төдийгүй “Хятад-Африкийн иргэд хоорондын солилцооны жил” юм. Сүүлийн 70 жилийн хугацаанд Хятад улс Африкийн үндэсний эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн үйл хэрэгт тууштай дэмжлэг үзүүлж, сайн нөхөр, түнш байсаар ирсэн. Хятадын тал Хятад–Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, Африкийн талтай уламжлалт найрамдалт харилцаагаа улам бататган, Хятад–Африкийн харилцааны илүү гэрэл гэгээтэй ирээдүйг хамтдаа цогцлооход бэлэн байна. Мөн Африкийн илүү олон залуусыг Хятад–Зимбабве, Хятад–Африкийн найрамдлын үйл хэрэгт татан оролцуулахыг та бүхнээс хүсэж байна гэв.
БНХАУ байгуулагдсанаас хойш Хятад улс Африкийн орнуудын империализм, колоничлолын эсрэг тэмцэл болон үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг тууштай дэмжсээр ирсэн. Саяхан Зимбабвегийн чөлөөлөх тэмцлийн ахмад дайчид хамтран Ши Жиньпин даргад захидал илгээж, Зимбабвегийн үндэсний чөлөөлөх тэмцэлд Хятад улсын үзүүлсэн үнэтэй дэмжлэгт чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Тэд мөн Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын Коммунист Нам, Хятадын ард түмэн шинэ эрин үед онцгой амжилт гаргаж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийн замыг нээсэнд гүнээ биширч байгаагаа илэрхийлэн, энэхүү туршлага нь бусад хөгжиж буй орнуудад чухал жишиг болж байгааг тэмдэглэв. Захидалд Хятад–Зимбабвегийн бүх цаг үеийн хувь заяаны хамтын цогцын гишүүн байгаагаараа бахархаж, хоёр орны найрамдлын үйл хэргийг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана гэжээ.
