solongonews
Монголоос Дундадад мах экспортлох талаар ажил хэрэгч уулзалт болж байна
2015-04-23 16:59
Монгол Улс өнгөрсөн онд БНДАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ илэрхийлсэн байна.

Өнөөдөр Монгол улсаас БНДАУ-ын Бээжин хотод суугаа Элчин сайдын яамны байранд Монгол, Дундадын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн уулзалт, үзэсгэлэн болж байна. Уулзалтад Монгол Улсаас БНДАУ-д суугаа элчин сайд Ц.Сүхбаатар, ХХАА-н дэд сайд Б.Батзориг, БНДАУ-ын ХААЯ-ны төлөөлөгчид, Монголын махны холбоо, Монголоос Дундадад мах нийлүүлэх аж ахуйн нэгжээр шалгарсан компаниудын төлөөллүүд оролцож байна.

Уулзалтын үеэр Дундадын талаас Дундадын мах, махан бүтээгдэхүүн импортлох үеийн шаардлага, стандарт, импортын зөвшөөрөл, Дундадын мах, махан бүтээгдэхүүний худалдаа, Дундадын МЭҮГ-аас Монголын мал эмнэлгийн салбар, хорио цээрийн хяналтын талаар мэдээлэл хийсэн бол Монголын талаас махны экспортын талаар баримталж буй бодлого, экспортын нөөц боломж, Монголын Махны холбооны танилцуулга хийв.

Мөн Дундадын "Мэнг Юань" групп, Монголын органик мал аж ахуйн нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Үүний зэрэгцээ Монголын компаниудын мах махан бүтээгдэхүүний амталгаат үзэсгэлэн, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн бизнес уулзалт болж байна.Үүний дараа Монголын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл Бээжин хотод сурч буй Монгол улсын магистрант, докторантуудтай уулзалт хийнэ.

2014 онд БНДАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийх үедээ Монгол улс газар зүйн байршлын давуу талаа ашиглан үхэр, хонины махаа боловсруулсан нэмүү өртөг шингээн Дундад улсад экспортлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Энэ дагуу хоёр улсын ерөнхийлөгчийн тохиролцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудлыг ажил хэрэг болгохоор яам хоорондын ажлын хэсэг байгуулан тодорхой асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон нь ийнхүү биеллээ олж байгаа юм.

Монгол улс өнгөрсөн онд БНДАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ илэрхийлсэн байна. Хонины махыг 80 градуст 20 минут, үхрийн махыг 90 градуст 15 минут усанд чанах, ууранд болгох, утах гэх мэт бүхий л аргаар болгож боловсруулаад вакуумдахыг "Дулааны аргаар боловсруулах" хэмээн нэрлэдэг байна. Монгол улсаас илгээсэн хүсэлтийн дагуу 2014 онд БНДАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд Монгол улсад очиж мах нядалгаа, боловсруулах үйлдвэрүүдэд судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийсний үр дүнд Монгол улсын "Мах маркет", "Монгол эко мах", "Грийн грэйс лэнд", "Монгол эко мах", "Дархан меат фүүд" компани Дундадад махан бүтээгдэхүүн экспортлох эрх авсан байна.

Дашрамд дурдахад БНДАУ-ын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Дундадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ 2002 онд 2,47 кг, 2010 онд 3,01 кг, 2015 онд 3,23 кг болсон байна. Хонины махны импорт 2011 онд 82,7, 2012 онд 123,7, 2013 онд 254,0 мянган тонн болон өсч байгаа аж.

Маргааш Монгол улсын их хурлын гишүүн, Монголын махны холбооны ерөнхийлөгч Д.Батцогт Дундадын махны холбооны ерөнхийлөгч Ли Шуйлунтай уулзалт хийх юм байна.

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл