ХКН-ын Төв Хороо, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо, Төрийн Зөвлөл, Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо, Төв Хорооны Цэргийн Зөвлөл хамтран Ардын Их Хурлын ордонд агуу марксист, агуу пролетар хувьсгалч, төрийн зүтгэлтэн, цэргийн стратегич, дипломатч, Хятадын онцлогтой социализмын агуу үйлсийн гарамгай удирдагч нөхөр Жян Зэминий мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх хурал өнөөдөр буюу 8-р сарын 17-ны үдээс өмнө болсон байна.

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв Хорооны Цэргийн Зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлэв. Тэрээр нөхөр Жян Зэминий түүхэн гавьяа зүтгэлийг дурсан тэмдэглэж, түүний эрхэмсэг зан чанараас сурахыг онцлон тэмдэглэж, бүх нам бүх улс бүх үндэстний ард түмнийг Хятадын онцлогтой социализмын үйлсийг тасралтгүй урагшлуулахад хичээн зүтгэхийг уриаллаа.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүд Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши нар болон Хятад улсын дэд дарга Хан Жэн нар хуралд оролцов.
Ши Жиньпин:
- Нөхөр Жян Зэминь насан туршид тэмцэн байж, гэрэл цацрангуй амжилтыг бүтээж, үндэстний тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, мөн үндэсний хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөөх тэмцэлд бүхэл бүтэн амьдралаа зориулсан гэдгийг онцоллоо.

Тэрээр социалист материаллаг, улс төр, оюун санааны соёл иргэншлийг бүтээх, мөн намын байгуулалтад ахиц дэвшил гаргахыг удирдаж, дэмжиж ажилласан. Тэрээр Хятадын онцлогтой социализмын агуу үйлсийг баталгаажуулах, цогц шинэчлэл, нээлттэй байдлын шинэ боломжийг нээх, дунд зэргийн чинээлэг нийгмийг бий болгох, Хятадын онцлогтой социализмыг 21-р зуунд амжилттай урагшлуулахад балрашгүй хувь нэмэр оруулсан. Бүх нам, бүх цэргийнхэн, улс орон, үндэстнүүдийн ард түмний чин сэтгэлийн хүндэтгэлийг хүлээж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээтэй сайшаалыг хүртсэн байна.
70 гаруй жилийн хувьсгалт тэмцлийн үйл явцад, ялангуяа ХКН-ын 13 дахь удаагийн Төв Хорооны 4-р бүгд хурлаас хойш нам, төрийн үйл хэргийг асар их амжилтад хүргэх практикийн үеэр нөхөр Жян Зэминь марксист төрийн зүтгэлтний алсын хараа, гол үүрэг, манлайллын авьяас чадварыг бүрэн харуулсан гэж Ши Жиньпин онцлоод, тэрээр бидний үлгэр дууриал авах эрхэмсэг зан чанарыг бий болгож, биднийг урагшлахад байнгын урам зориг өгдөг гэж хэллээ.
Ши Жиньпин дарга урт хугацааны хүчин чармайлтын дүнд нам, төрийн үйл хэрэг цэцэглэн хөгжиж, улс орон тогтвортой, эв найртай байж, ард түмний амьдрал тасралтгүй сайжран, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын хэтийн төлөв гэрэл гэгээтэй байж, үе үеийн тууштай тэмцэж ирсэн мөрөөдөл алхам алхмаар бодит биеллээ олж байгааг онцоллоо. Бүх нам, бүх цэргийнхэн, улс орны бүх үндэстний ард түмэн намын төв хорооны эргэн тойронд улам нягтран нэгдэж, Хятадын онцлогтой социализмын агуу тугийг өндөрт өргөж, итгэл найдвараа бэхжүүлэн, шийдэмгий урагшлах ёстой. Бид Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс байгуулж, үндэстний сэргэн мандалтыг бий болгохын төлөө тууштай хичээн зүтгэж, Хятадын ард түмний амьдралыг тасралтгүй сайжруулж, Хятадын үндэстнүүдийн гайхамшигтай хуудсыг бичих ёстой гэсэн байна.

Нам, засгийн газар, цэрэг, олон нийтийн байгууллага болон Бээжин хотын захиргааны удирдах албан тушаалтан, бусад улс төрийн намуудын төв хорооны удирдагчид, Бүх Хятадын Үйлдвэр, Худалдааны Холбоо, намын харьяалалгүй хүмүүсийн төлөөлөгчид, нөхөр Жян Зэминий хамаатан садан, хуучин ажилтнууд болон төрсөн нутгийн төлөөлөгчид, нийслэлийн олон салбарын төлөөлөгчид, офицер дайчдын төлөөлөл нарын нийт 6000 шахам хүн оролцлоо.
Хурлын өмнө дарга Ши Жиньпин болон бусад удирдагчид нөхөр Жян Зэминий хамаатан садантай халуун дотноор уулзаж, хамтдаа зураг авахуулав.
