ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И 01-р сарын 04-нд Бээжинд Пакистаны шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайд Ишак Дартай Хятад–Пакистаны гадаад харилцааны сайд нарын стратегийн яриа хэлэлцээний долоо дахь удаагийн уулзалт хийв. Ван И:
- БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистаны удирдлагатай өндөр түвшний харилцаа холбоог тогтмол хадгалж, хоёр орны харилцаанд стратегийн чиг баримжаа өгч ирсэн гэдгийг онцлоод, Хятадын тал Пакистантай хамтран хоёр орны төрийн тэргүүнүүдийн хүрсэн нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлж, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт зохицуулалтыг чангатган, Хятад–Пакистаны хувь заяаны илүү нягт хамтын нийгэмлэгийг байгуулах үйл явцыг түргэсгэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Ван И цааш нь үргэлжлүүлэн:
- Өнөөгийн олон улсын нөхцөл байдал улам бүр ээдрээтэй, тогтворгүй болж, ганц талт дээрэнгүй үйлдэл гарч байгааг тэмдэглэв. Венесуэл дэх нөхцөл байдлын огцом өөрчлөлт олон улсын анхаарлыг татаж буйг дурдан, аль нэг улс өөрийгөө "олон улсын цагдаа" гэж үзэх ёсгүй, мөн аль нэг улс өөрийгөө "олон улсын шүүгч" хэмээн өргөмжлөхийг Хятад улс хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой хэлэв. Түүнчлэн улс орон бүрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал олон улсын эрх зүйгээр бүрэн хамгаалагдах ёстой. Хятад улс олон улсын харилцаанд хүч хэрэглэх, эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлэхийг тууштай эсэргүүцдэг, мөн нэг улсын хүсэл зоригийг нөгөөд нь тулган хүлээлгэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Хятадын тал Пакистаныг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран НҮБ-ын дүрмийг тууштай хамгаалахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Ишак Дар Пакистаны удирдлагуудын зүгээс Хятадын удирдагчдад илгээсэн халуун дотно мэндчилгээг дамжуулж, Хятад улс орчин үеийн шинэчлэлд амжилттай хүрч буй нь дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг хамгаалахад чухал хүч болж байна гэж онцлов. Пакистаны тал "нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж, Хятадын гол ашиг сонирхолтой холбоотой бүх асуудлаар цаашид ч Хятадыг хатуу дэмжинэ гэдгээ дахин нотлов. Мөн Хятадын тал олон талт үзлийг баримталж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн дөрвөн том санаачилгыг дэмжиж буйд өндөр үнэлгээ өглөө.
Хоёр тал стратегийн харилцаа холбоо, үйл ажиллагааны зохицуулалтыг гүнзгийрүүлж, Хятад–Пакистаны хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Хятад–Пакистаны эдийн засгийн коридорын “шинэчилсэн хувилбар-2.0”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах, мөн хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар нийтлэг ойлголтод хүрэв. Үүний зэрэгцээ НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг чандлан сахиж, бусад улсын тусгаар тогтнолд халдсан дээрэнгүй үйлдлийг хамтдаа эсэргүүцэх байр сууриа дахин нотоллоо.
