Үжян мөрний эрэг дагуух Биже хотын Чяньши хотын Шиньрэнь Мяо үндэстний цөөнхийн суурингийн Хуа-Ү тосгонд байрладаг Мяо үндэстний хатгамлын өв тээгч Ян Вэньлигийн "Соёлын биет бус өвийн цех"-д жуулчид цугларч, Мао үндэстний хатгамлын урлагийг сонирхож байлаа.
Хадан хясааны дор байрлах энэхүү тосгон нь Мяо үндэстний өвөрмөц газар нутаг, гүн гүнзгий соёлын өвд тулгуурлан хөдөө аж ахуй, гар урлал, аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна. 2024 онд Хуа-Ү тосгон 700 мянга гаруй жуулчид хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь 160 сая юаньд хүрсэн байна.
ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 03-р сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Гүйжөү мужид ажиллахдаа:
- Үндэстний цөөнхийн тосгонууд уламжлал болон түүх, соёлын төрхөө хадгалж, хувьсгалт дайны үеэс үлдсэн түүхэн дурсгалт газруудыг системтэй хамгаалж хөгжүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна.
Гүйжөү мужид нийт 1328 мужийн хэмжээний үндэстний цөөнхийн тосгон, 312 бусад үндэстний цөөнхийн тосгонтой гэдгээрээ Хятадад тэргүүлдэг. Гүйжөү муж нь ерөнхий нарийн бичгийн даргын зааварчилгааны дагуу үндэстний цөөнхийн тосгоныг бүх үндэстний солилцоо, нэгдлийн чухал цонх болгон байгуулж, үндэстний цөөнхийн соёлыг хамгаалах, тосгон, аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэх шинэ арга замыг судалсаар иржээ.
Эртний барилга, уламжлалт тосгонууд хүмүүст улам их таашаагдах боллоо
Тунрэнь хотын Сунтао өөртөө засах шяний Жай-Ин эртний суурин бол тус шяний хамгийн сайн хадгалагдан үлдсэн цөөнхийн эртний суурин юм. Энд дөрвөлжин хашаа, гурвалсан хашааны байшин, Мао үндэстний модон байшин зэрэг орон сууцны барилгууд бий.
- Эртний хот сууринг хамгаалан хөгжүүлэхийн тулд бид түүхэн барилгуудыг сэргээн, ашиглахыг чухалчилж, Ваньшөү ордон, Фүшөү ордон, Юигүйтуншан ордон гэх зэрэг эртний 52 барилгыг засварлан сэргээжээ. Сүүлийн жилүүдэд Фаньжин уулыг тойрсон аялал жуулчлалын тойрогт түшиглэн Жай-Ин эртний суурин нь эртний хотын соёлыг гүнзгий судалж, соёл, аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлж, түүхийн онцлог, оршин суугчдын амьдралын хэрэгцээг харгалзсан байна гэж Жай-Ин суурингийн дэд дарга Жөү Жөү танилцууллаа.
Үндэстний цөөнхийн тосгоны өвөрмөц архитектур нь олон жилийн түүхтэй бөгөөд Хятадын шилдэг уламжлалт соёлын өвийг сурталчлах амьд жишээ юм. Сүүлийн жилүүдэд Гүйжөү муж "Гүйжөү мужийн хөдөө тосгоны аялал жуулчлал, уламжлалт тосгон, үндэстний цөөнхийн тосгоны гүн гүнзгий уялдаа холбоо, хөгжлийг ахиулан хэрэгжүүлэх төлөвлөгөө", "Гүйжөү мужийн 14-р таван жилийн хугацаан дахь үндэстний цөөнхийн тосгоныг хамгаалан хөгжүүлэх төлөвлөлт төлөвлөгөө" зэрэг баримт бичгүүдийг нийтлэн, үндэстний цөөнхийн тосгонуудыг хамгаалах тал дээр хичээн ажилласан. Үүнд: Жаошин хотын Дүн үндэстний тосгон, Шижян Чяньхү Мяо үндэстний тосгон зэрэг нь жуулчдад илүү таалагдсан байдаг.
Гүйжөү, Юньнань хоёр мужийн зааг дахь Шин-И хотын Үша суурингийн Пүти тосгон нь үндэстний цөөнхийн онцлогтой эртний хэрэм хана, түмэн газрын цайны зам, эртний алтан далдуу мод зэрэг долоон төрлийн эртний соёлыг хамгаалан хөгжүүлжээ.
- 2020 онд бидний тосгон сэргээн засварлах технологийг ашиглан 45 байшинг сэргээн засварлаж, үндсэн бүтцийг нь хэвээр үлдээж, уламжлалт байшингийн сэтгэл татам байдлыг хүмүүст харуулжээ. Бид мөн дэд бүтцийг идэвхтэй сайжруулж, Яньхун тоор тарих аж ахуй хөгжүүлж, залуучуудын тосгон байгуулах төлөвлөгөөг дэмжин, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалыг нэгтгэхэд тусалсан байна. 2024 онд Пүти эртний тосгоныг бүх сүлжээгээр 300 сая гаруй хүн үзэж сонирхон, 30 мянга гаруй хүн тухайн газарт нь жуулчилж, тосгоны аж ахуйн нэгжүүдийн аялал жуулчлалын орлого 600 мянга гаруй юаньд хүрсэн гэж Пүти тосгоны дэд дарга Ли Мэй танилцууллаа.
Соёлын өвийг үеийн үед уламжлан хөгжүүлсээр байна
Чянь Дүн Наний өөртөө засах жөүгийн Шяохуан тосгоныг "Дүн үндэстний дууны өлгий нутаг" гэж нэрлэдэг. Тус тосгонд 4000 гаруй иргэн амьдардаг бөгөөд 80-90 насны өндөр настнаас эхлээд 4-5 насны хүүхэд хүртэл хүн бүхэн дуу сайн дуулдаг.
- Хүүхэд гурван сартай болоход ээжийнхээ найрал дууны бүлгэмийн гишүүн болдог. Хүүхдийг гурван настай байхад нь тосгонд өвөрмөц ёслол хийхээр бөмбөрийн цамхаг руу аваачна. Ганц хоёр дуу дуулж чадах үед бүх тосгоныхны өмнө бие даасан дууны хамтлаг байгуулах болно. Үеийн үед уламжлагдан ирсэн энэхүү уламжлалын дагуу Шяохуан тосгоны 500 шахам залуу дуучид Гуанжөү, Шэньжэнь, Шанхай зэрэг том хотуудад Дүн үндэстний дуутай холбоотой ажил хийж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад энэхүү өвөрмөц онцлогтой дуу хуурыг сонирхуулж байна гэж Шяохуан тосгоны Намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Юэмин сэтгүүлчдэд энэхүү өвөрмөц заншлын талаар танилцуулав.
Үндэстний цөөнхийн тосгонууд биет бус соёлын олон өвийг хадгалсаар ирсэн. Гүйжөү муж нь биет бус соёлын өв ихтэй мужийн хувьд үндэстний дуурь, уламжлалт ур чадвар, ардын хувцас засал зэрэг олон салбарыг хамарсан биет бус соёлын өвийн төслийн тоогоор Хятадад тэргүүлдэг. Одоогоор Гүйжөү мужийн хэмжээнд үндэсний хэмжээний 99 биет бус соёлын өвийн 159 дурсгал, мужийн хэмжээнд 628 биет бус соёлын өвийн 1025 дурсгал байдаг.
Сүүлийн жилүүдэд Гүйжөү муж биет бус соёлын өвийн бүтэц, өв залгамжлагчийг тасралтгүй бэхжүүлж, биет бус соёлын өвийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, "Гүйжөүгийн биет бус соёлын өвийг хамгаалах журам", "Гүйжөүгийн үндэстний шилдэг соёлыг хөгжүүлэх, үндэсний өвийг хамгаалах тухай хууль" зэрэг баримт бичгүүдийг гаргажээ. Үүний зэрэгцээ Гүйжөү муж соёлын биет бус өвийн нөөцийн давуу талдаа тулгуурлан "Биет бус соёлын өв + спорт", "Биет бус соёлын өв + тайзны урлаг", "Биет бус соёлын өв + судалж сурах" зэрэг соёл, аялал жуулчлалын нэгдлийн шинэ загварыг бий болгосон байна.
Соёл, аялал жуулчлалын уялдаатай хөгжил нь тосгонд шинэ дүр төрхийг авчирчээ
Аньшүнь хотын Жэньнин өөртөө засах шяний мянган жилийн түүхтэй Гаодан тосгон нь Гүйжөү мужийн үндэстний цөөнхийн хамгийн сэтгэл татам 30 тосгоны нэг бөгөөд Гаодан тосгон нь экологийн байгаль, уламжлалт соёлдоо тулгуурлан соёл, аялал жуулчлалын уялдаа холбоотой хөгжлийг эрчимтэй сайжруулсан байна.
Гаодан тосгон нь газарзүйн өвөрмөц байршилтай Хуангүөшү хүрхрээ болон Аньшүнь луугийн ордны хооронд оршдог. Хуангүөшү хүрхрээ болон Аньшүнь луугийн ордон нь бүр 5А зэрэглэлийн үзэмжийн бүс бөгөөд энэхүү хоёр үзэмжийн бүсээс очсон жуулчдыг хүлээн авахын тулд тус тосгон аялал жуулчлалын байгууламжаа тасралтгүй сайжруулж, тосгоноо Бү-И үндэстний соёлын дурсгалт газар, газар тариалангийн соёлын үзэсгэлэнт газар болгон байгуулжээ. 2024 онд Гаодангийн үзэсгэлэнт газар 185 мянган жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеэс 250 хувиар нэмэгдэн, орлого нь 3.2 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 92.8 хувиар өссөн тоон үзүүлэлт гарчээ.
Сүүлийн жилүүдэд Гүйжөүгийн үндэстний цөөнхийн тосгонууд "Хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын нэгдэл"-ээр хөгжиж, аялал жуулчлал, эрүүл мэнд, экологи зэрэг үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, соёлын аялал жуулчлал, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн аялал жуулчлал зэрэг олон үндэстний соёлын аялал жуулчлалын шинэ газруудыг бий болгосон.
Жишээлбэл, Гүйян хотын Үдан дүүргийн Хуанлянь тосгон хувьсгалын соёлын нөөц баялгийн тусламжтайгаар хувьсгалын тухай сурч судлах маршрутыг зохион байгуулж, мужийн доторх болон гаднаас 10 мянга шахам жуулчдыг татжээ. Липин шяний Хуанган тосгон нь Дүн үндэстний дуу, Хэцан гэрийн зочид буудал болон Шянхэнүө будааны үйлдвэрлэлд анхаарлаа хандуулснаар 2024 онд 115 мянган жуулчин хүлээн авч, үйл ажиллагааны орлого нь 10 сая юаньд хүрчээ. Зүнь-И хотын Үчүань өөртөө засах шяний Дажү тосгон газарзүйн давуу талдаа тулгуурлан "Эртний тосгон Дажү, хүчилтөрөгчийн баар" амралт, зуны аялал жуулчлалын брэндийг бүтээхээр зорьсон байна.
Эртний тосгоныг хамгаалах, биет бус соёлын өвийг өвлүүлэхээс эхлээд соёл, аялал жуулчлалыг нэгдсэн байдлаар хөгжүүлэх хүртэл Гүйжөү муж цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, үндэстний цөөнхийн тосгоныг хамгаалан хөгжүүлснээр үндэстний цөөнхийн соёлын дотоод хөдөлгөгч хүчийг идэвхжүүлж, өөрийн онцлогтой хөгжлийн өвөрмөц замд орж, бүс нутгийн соёл, үндэстний хөгжилд шинэ эрч хүч авчирсан байна.
