БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 01-р сарын 05-ны өдрийн үдээс өмнө Бээжин дэх Ардын Их Хурлын ордонд айлчлан ирсэн Ирландын ерөнхий сайд М.Мартинг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Ирланд хоёр улс энх тайвныг эрхэмлэдэг, нээлттэй, багтаамжтай, өөртөө тулгуурлан хөгжих үзэл баримтлалтай бөгөөд хоёр орны ард түмэн шаргуу тэмцлээрээ улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг олж авч, хэд хэдэн үеийнхний тасралтгүй хичээл зүтгэлээр орчин үеийн хөгжилд хүрсэн. 2012 онд хоёр улс харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр талын худалдааны эргэлт дөрөв дахин өсөж, харилцан хөрөнгө оруулалт тэнцвэртэй хөгжсөн төдийгүй, хоёр орны ард түмнийс солилцоо идэвхжиж, хөгжлийг харилцан дэмжиж ирсэн юм. Харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцах, харилцан ашиг хүртэх нь Хятад–Ирландын харилцаа урт хугацаанд тогтвортой хөгжих үнэт туршлага юм. Үүнийг хамтдаа уламжлан хөгжүүлэх ёстой. Хятадын тал Ирландтай стратегийн харилцаа холбоог бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлийг гүнзгийрүүлэн, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны ард түмний сайн сайхны төлөө, мөн Хятад–Европын харилцаанд шинэ эрч хүч нэмэхэд бэлэн байна гэж хэллээ.
Тэрээр цааш үргэлжлүүлэн:
- Хятад, Ирланд хоёр тал олон түвшин, олон салбарын найрсаг харилцааг хадгалж, харилцан ойлголцол, итгэлийг тасралтгүй нэмэгдүүлж, бие биеийнхээ гол ашиг сонирхол, чухал анхаарлыг хүндэтгэн үзэж, хоёр талын харилцааны улс төрийн суурийг бэхжүүлэх ёстойг онцлов. Энэ он Хятадын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил болж буйг дурдаад, ирэх таван жилд Хятад улс өндөр чанартай хөгжлийг үргэлжлүүлж, гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдлаа тэлнэ. Хятадын тал Ирландтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, эм эмнэлэг, эрүүл мэнд зэрэг салбарт хөгжлийн стратегиа уялдуулан, харилцан хөрөнгө оруулалтыг дэмжиж, давуу талаараа харилцан нөхөж, боломжоо хуваалцан, хамтдаа хөгжихөд бэлэн байна. Мөн боловсрол, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, Ирландын илүү олон залуусыг Хятадад ирж суралцуулах, солилцоонд хамрагдахыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Дарга Ши Жиньпин өнөөгийн дэлхий ертөнц ээдрээтэй, тогтворгүй болж, ганц талт дээрэнгүй үйлдлүүд олон улсын дэг журмыг ноцтойгоор донсолгож байгааг онцлоод, бүх улс орон, ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, олон улсын хууль болон НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг сахих ёстой, ялангуяа их гүрнүүд үлгэр жишээ үзүүлэх ёстойг тэмдэглэв. Хятад, Ирланд хоёр улс олон талт үзлийг дэмжиж, олон улсын шударга ёсыг эрхэмлэдэг тул олон улсын асуудалд зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, НҮБ-ын эрх мэдлийг хамтдаа хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, зохистой чиглэлд хөгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Мөн Хятад, Европын Холбоо урт хугацааны ашиг сонирхлыг харгалзан түншлэлийн байр сууриа баримталж, санал зөрөлдөөнд бодитой, ухаалгаар хандаж, хамтын ажиллагаа-хожлын зарчмыг баримтлах ёстойг дурдлаа. Ирланд улс энэ оны дор хагаст Европын Холбооны ээлжит дарга улсаар ажиллах тул Хятад–Европын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
М.Мартин:
- "Ирланд, Хятад хоёр улс гүн гүнзгий, урт удаан найрамдалтай бөгөөд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж, хүмүүнлэгийн солилцоо улам ойртож байна. 2012 онд Ши Жиньпин дарга Ирландад амжилттай айлчилсан нь сүүлийн жилүүдэд Ирланд–Хятадын харилцан ашигтай стратегийн түншлэлийг хөгжүүлэх бат бөх суурь болсон. Хятад улс урт хугацааны хөгжлийн стратегиа үр дүнтэй боловсруулж, хэрэгжүүлснээр томоохон амжилтад хүрсэн нь бахархмаар юм. Ирланд улс “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж, хоёр орны харилцан ашигтай стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, биофармацевтик, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна.
Тэрээр цааш нь:
- Хятад улс олон улсын тавцанд орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын эрх мэдлийг хамгаалах, дэлхийн энх тайвныг дэмжихэд идэвхтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв. Олон улсын аливаа маргааныг заавал олон улсын хуулийн дагуу шийдвэрлэх ёстой бөгөөд Ирланд улс Хятадтай нягт харилцаа холбоо, зохицуулалтыг хадгалж, олон улсын хуулийг хамгаалж, чөлөөт, нээлттэй худалдааг дэмжин, дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Европ–Хятадын харилцаа тогтвортой хөгжих нь онцгой чухал бөгөөд Ирланд энэ чиглэлд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
