Эдгээр үйл ажиллагаа нь энэ оны Дундад, Америкийн дээд түвшний стратегийн харилцаа бөгөөд 9 дүгээр сард болох дарга Ши Жиньпиний АНУ дахь айлчлалын бэлтгэл ажил юм.
Энэ сарын 19-нд "Дундад, Америкийн их гүрний шинэ хэлбэрийн харилцааг байгуулна" сэдэвт чуулга уулзалт Бээжинд болох үеэр дээрх ажиллагаанд оролцох Дундадын холбогдох албаны хүмүүс Дундад, Америкийн харилцаан дахь сүүлийн үеийн байдлыг танилцуулсан юм. Дундад улсад авах бодлогын талаар АНУ дотооддоо харилцан адилгүй байр суурьтай байгаа. Энэ байдалд холбогдуулан Дундадын ГХЯ-ны сайдын туслах Жэн Зэгуан ярихдаа, "Дундад, Америкийн харилцаа болон хоёр орны иргэдийн үзэл ойлголтыг Дундадын тал өндөр хэмжээнд чухалчилж байна. Америкийн талтай хамтран хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, буруу ойлголт үүсэхээс зайлсхийж, зөрөлдөөнтэй байгаа асуудлаа зүй зохистой хянаж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэжээ.
Дундад улсын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн тусгай төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Сангийн сайд Жакоб Ж Леу нар хамтран тус хэлэлцээг даргална. Стратегийн хэлэлцээний үеэр, хоёр тал, бүс нутаг, дэлхийн том асуудлуудыг авч хэлэлцэн, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Ази-Номхон далайн бүс дэх хамтын ажиллагааны харилцаагаа идэвхжүүлэн, маргаантай эмзэг асуудлыг зүй зохистой тогтоон барьж, бүс нутагт тулгарч буй байдал, дэлхийн өрсөлдөөн сорилтыг зохицуулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцоно. Сүүлийн үед анхаарал татаад байгаа тэнгисийн маргааны асуудлаар Жэн Зэгуан хэлэхдээ,
"Энэ асуудлаарх бидний байр суурь бол нэг, Дундадын ашиг сонирхлыг хамгаалах; хоёр, Америк, Дундадын итгэлцлийг нэмэгдүүлж, эргэлзээг арилган, бүтээлч арга барил ашиглана. Ийм тохиолдолд л Дундад, Америкийн харилцаа цаашид эрүүл тогтвортой хөгжиж чадна" гэлээ.
Дундад, Америкийн харилцааны талаар Америкийн дотоод дахь олон яриатай холбогдуулан Жэн Зэгуан хэлэхдээ: - Дундадын аюул заналын тухай үзэл, Дундадын сүйрлийн тухай үзэл зэрэг нь Дундад улсыг хязгаарлахад чиглэдэг. Эдгээр нь бүгд буруу үзэл юм" гэжээ.
Дундадын Сангийн яамны дэд сайд Жү Гуан-Яо мөн өдөр хэлэхдээ: - Хоёр тал Дундад, Америкийн эдийн засгийн харилцааны чухал асуудлаар стратегийн хэлэлцээ хийж, хоёр орны төрийн удирдагчдын уулзалтад бэлтгэж байгаа нь энэ удаагийн хэлэлцээний бүтээлч зүйл юм гэжээ.
Мөн Дундад, Америкийн эдийн засгийн харилцаа нь хоёр орны бүхий л харилцааны үндэс суурь, хөдөлгөх хүчин юм. Дундад, Америкийн эдийн засгийн харилцаа нь хоёр орны ард түмний ашиг сонирхлын нэгдлийн илрэл. Дундад, Америкийн их гүрний харилцааны эдийн засгийн гүнзгий агуулга болно гэж бид үзэж байна. Дундад, Америкийн эдийн засгийн хэлэлцээний гол үүрэг нь 9 дүгээр сард болох хоёр тэргүүний чухал уулзалтад салхийг хагалж, бүрэн хэмжээний бэлтгэл хийхийн төлөө юм гэв.
Энэ онд Дундад, Америкийн хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний хэлэлцээ болон Дундад, Америкийн стратеги, эдийн засгийн яриа хэлцлийг Америкт анх удаа давхцуулан зохион байгуулах болсон нь Дундад, Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаа олон талтайг харууллаа. БНДАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч, Дундадын ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн ба Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар даргална. Америкт айлчлах үеэр, Лю Яньдүн мөн хоёр орны залуусын инновацийн наадмын нээлтийн ёслолд оролцоно.
Мөн өдөр чуулга уулзалтад оролцсон Дундадын албаны гурван төлөөлөгч хэлэхдээ: - Энэхүү хэлэлцээ зөвшилцөл нь ерөнхийлөгч Обамагийн урилгаар 9 дүгээр сард Дундад улсын дарга Ши Жиньпиний Америкт хийх төрийн айлчлалд бэлтгэл болох юм. Хоёр тэргүүний уулзалт Дундад, Америкийн бүхий л харилцааг шинэ төвшинд хүргэж, ач холбогдол, үр нөлөө нь хоёр талт харилцааны хүрээнээс давж өргөжих болно гэв.
