
Орон нутгийн цагаар 11-р сарын 18-ны үдээс хойш Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Москва хотод Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатартай уулзлаа.
Ли Чян хэлэхдээ, энэ оны 9-р сард Ши Жиньпин дарга Бээжинд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, Хятад, Монголын харилцааг гүнзгийрүүлэх чиглэлийг цаашид тодорхойлж, төсөл төлөвлөгөөг гаргасан юм. Монгол улс бол ойр хөршийн дипломат харилцааны чухал чиглэл хэмээн Хятад улс үзсээр ирсэн бөгөөд бие биенийхээ гол ашиг сонирхол, харилцан анхаарал хандуулж буй томоохон асуудлыг хүндэтгэн, харгалзан үзэж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд Монголтой хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Ли Чян цааш нь онцлохдоо, Хятад, Монголын эдийн засаг харилцан нөхөх давуу талтай, Монгол улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, худалдааг цаашид тэлэн өргөжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хятад, Монголын хөрш зэргэлдээ аймаг, бүс нутгийн нягт харилцаа холбоог дэмжиж, хамтын ажиллагааны боломжийг ашиглан, Алтай уулын дэд бүс нутагт олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэхийг Хятад улс дэмжиж байна. Хоёр тал улс төрийн нам, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн, залуучууд хоорондын солилцоог цаашид ахиулж, харилцан ойлголцлыг тасралтгүй гүнзгийрүүлэн, харилцан итгэлцэсэн, найрамдлыг бэхжүүлэх ёстой. Бүс нутгийн асуудлаар Монгол улстай харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орон болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаа хамгаалахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Г.Занданшатар хэлэхдээ, ХКН-ын Төв Хорооны 20 дэх сонгуулийн дөрөвдүгээр бүгд хурлыг амжилттай хуралдуулж, "15-р таван жилийн төлөвлөгөө"-г баталсанд баяр хүргэж байна. Хятадтай найрсаг хамтын ажиллагаагаа хадгалах нь Монгол улсын дипломат бодлогын үндсэн чиг хандлага юм. Монгол улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд Тайвань, Хонконг, Шиньжян, Төвөд нь Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдгийг баримталсаар ирсэн. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж буй Хятадын урт хугацааны үнэ цэнэтэй тусламжид Монгол улс талархал илэрхийлж байгаа бөгөөд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, дэд бүтцийн холболт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уурхай, ногоон эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжүүлж, хамтын хөгжлийг бий болгохын тулд Хятадтай хамтран ажиллахад Монгол улс бэлэн байна. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт хүрээнд Хятадтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд илүү их хувь нэмэр оруулахад Монгол улс бэлэн байна гэжээ.
