Айлчлалын хугацаанд Хятад, Монголын тал 30 гаруй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүнд эдийн засаг, уул уурхай, цахилгаан эрчим хүч, зам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүү зэрэг олон салбарыг хамруулсан. Түүнчлэн талууд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулах тухай шийдвэр гаргажээ.
Хамтарсан тунхагийн дагуу эдийн засгийн салбарт Хятад, Монгол Улс ашигт малтмал, нөөц баялгийг нээн хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүү зэргийг нэгтгэсэн зарчмын дагуу харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Талууд ирээдүйд Хятад, Монголын уул уурхай, нөөц баялаг болон дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны хороо, бусад механизмын бүтэц дотор Хятад, Монголын төмөр зам, авто зам, боомт, төмрийн болон зэсийн уурхай, цайр, уран, нүүрсний уурхай, цахилгаан эрчим хүч, химийн үйлдвэр, авто машины үйлдвэр, хөнгөн аж үйлдвэр болон орон сууцны барилга зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт, ашигт малтмал, нөөц баялгийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллана.
Дарга Ши Жиньпин Монгол Улсад хийсэн айлчлалын хугацаандаа өөрийн нэрээр нийтэлсэн нийтлэлдээ:
- Хятадын тал Хятад, Монголын төмөр зам, авто замын дэд бүтцээр холбогдох бүтээн байгуулалт, ашигт малтмалыг нээн хөгжүүлэх болон гүн боловсруулах зэрэг төслийн хамтын ажиллагааг түлхүү дэмжихийг хүсэж байна. Улмаар хамтын ажиллагааны үр ашгийг эдийн засгийн үр ашиг болгож, хоёр улсын ард түмэнд ашиг хүртээнэ гэжээ.

Монгол Улсын хамгийн том арилжааны түнш
“Тунхаг”-т дурдсанаар, талууд эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц, хүч, боломжийг ашиглан арилжаа худалдааг дэмжинэ. Үүний зэрэгцээ Зүүн хойд Азийн экспо, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт ярилцлага, Хятад, Монголын экспо зэргийг зохион байгуулахаар дамжуулан хоёр улсын арилжаа худалдааны хэмжээг нэмэгдүүлж, 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх болно. Энэ хэмжээ нь Монгол Улсын өнөөгийн гадаад худалдааны ерөнхий хэмжээний 80 хувийг эзэлж байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2014 оны эхний хагас жилд 5.3 хувиар нэмэгдсэн нь 2010 оноос хойших хамгийн бага өсөлттэй хугацаа байв. Өмнө нь 2012, 2013 онуудад 12.4 болон 11.7 хувьд хүрсэн бөгөөд өмнө нь 17.5 хувийн өсөлтөд хүрсэн удаа ч бий.
Чинхуа Их Сургуулийн эдийн засгийн гадаад харилцааны судалгааны төвийн эрхлэгч Хэ Маочүнь сурвалжлагчид ярихдаа:
- Хятад, Монголын хоорондын худалдаа арилжааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал хөгжлийн урьдчилсан хэмжээнд хүрээгүй бөгөөд 10 тэрбум ам.долларын хэмжээнд хүргэх боломж байгаа. Түүнчлэн хөгжлийн орон зай, хэрэгцээ шаардлага их байна. Зөвхөн худалдааны салбарт ч биш, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хот тохижилт зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа юм. Энэ нь давуу талаа харилцан ашиглахад ашигтай гэжээ.
Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Орос, Монгол судалгааны газрын дэд дарга Фань Жюньли:
- Дарга Ши Жиньпин айлчлалын хугацаандаа арилжаа худалдаа ба хөрөнгө оруулалтын салбарт тодорхой тайлбар өгсөн байна. Монгол Улсын хүн амын өсөлтийн хурд болон хүлээн авах чадавхийн талаар 10 тэрбум ам.долларын хэмжээнд хүргэх боломж байгаа. Гэхдээ Хятадын талаас экспорт, импортын хэмжээг тэнцвэртэй байлгахад анхаарах шаардлагатай байна гэжээ.
Гаалийн Ерөнхий Газрын бүртгэлээр, 2014 оны 1-ээс 7 долдугаар сар хүртэл Хятад, Монголын худалдаа арилжааны хэмжээ 3.45 тэрбум ам.долларт хүрсэн. Түүнчлэн өнгөрөгч оныхоос 11.9 хувиар нэмэгдэж, Хятад улс арав гаруй жил үргэлжлэн Монгол Улсын арилжаа худалдааны хамгийн том түнш болжээ.

Хятад, Монгол, Оросын чөлөөт худалдааны бүс
“Тунхаг”-т дурдсанаар, Хятад, Монгол Улс уул уурхай, нөөц баялаг болон дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны хороо, мөн талуудын бусад механизмын бүтцэд Хятад, Монголын төмөр зам, авто зам, боомт, төмрийн болон зэс, цайр, уран, нүүрсний уурхай, цахилгаан эрчим хүч, химийн үйлдвэр, авто машины үйлдвэр, хөнгөн аж үйлдвэр болон орон сууцны барилга зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт, ашигт малтмал, нөөц баялгийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллана.
Хятадын Өвөр Монголын Рашаан боомтоос Монголын Чойбалсан хот хүрэх төмөр замын барилга олны анхаарлын төвд ороод байна. Үүнээс өмнө Улсын Өөрчлөлт шинэчлэлтийн хорооноос “Зүүн хойд бүс нутгийг хөгжүүлэх “12 дугаар 5 жил”-ийн төлөвлөлт”-д Хятад, Монгол, Оросын хоорондын зам сүлжээний холболтыг төмөр замын барилгын чухал төсөл болгосон.
Фань Лижюнь:
- Тус төмөр зам нь Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний далайд гарах зайг багасгах бөгөөд Зүүн хойд Азийн чухал гарцуудыг холбож, Монгол Улс Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсэд хамрагдахад ашигтай.
Банк санхүүгийн өөрчлөлт шинэчлэлтийн талаар валют солилцооны цар хүрээг өргөжүүлж, өөр өөрийн валютаар тооцоо хийхийг дэмжинэ. Мөн арилжаа худалдааны зээл, төслийн хөрөнгө оруулалт зэргийг сайжруулж, дунд, бага аж үйлдвэрийн арилжаа худалдааны хөгжилд давуу тал буй болгоно.
Тэрээр нэмж хэлэхдээ:
- Хятад, Монгол Улсын ирээдүйн хамтын ажиллагааны хөгжил боломжийн орон зайтай гэсэн юм.
Харин Хэ Маочүнь:
- Хятад, Орос, Монголын хооронд арилжаа худалдааны чөлөөт бүс байгуулах чиг хандлага нь тодорхой болсон бөгөөд Монгол Улс Хятадын “Нэг бүс нэг зам”-ын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж хэллээ.
