solongonews
2026 оны эхний Хятадын төрийн тэргүүний дипломат харилцааны амжилт бүтээл
2026-02-28 19:01
2026 оны эхний Хятадын төрийн тэргүүний дипломат харилцааны амжилт бүтээл

Оны хүрдэн эргэж, жилийн өнгө солигдон Хятадын “Дипломат золголт”-ын завгүй мөч саяхан сүүл шувтарлаа. 

Шинэ он гармагц Ши Жиньпин дарга олон орны удирдагчидтай нягт харилцан, дотоод, гадаад хоорондын солилцооны арга хэмжээ, хамтын ажиллагааны төслүүдэд баярын мэндчилгээ илгээж, гаднын нөхөрсөг хүмүүстэй захидал солилцон, дэлхийтэйгээ найрсаг харилцах Хятадын түүхэн шинэ хуудсыг эхлүүлсэн. 

              Цагийн шуурга сөрөх их гүрний жавхаа    

Өөрчлөлт хувьсал ихтэй өнөө цагт “төрийн тэргүүний шинэ оны золголт” нь хүмүүст Хятадын дэлхий ертөнцтэй харилцах “тайван намба”, цагийн шуурга сөрөх их гүрний жавхааг харуулсан. 

“Хаврын урь” орж, хамаг бодис амилан төлжих бэлгэт цаг улирал эхэлсэн 02-р сарын 04-ний өдөр Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай видео уулзалт хийж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан үйл явдал нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. 

- Бэлгэ дэмбэрэлтэй энэ сайхан өдөр Хятад, Оросын харилцааны ирээдүйг эрхэм Ерөнхийлөгч Путинтай хамт төлөвлөж суугаадаа таатай байна хэмээн хүндэтгэн өгүүлэх Ши Жиньпин даргын хувьд “хариуцлагатай их гүрнүүд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд” болсон Хятад, Орос нь “илүү гүнзгий стратегийн түншлэл, илүү идэвхтэй үйл ажиллагаагаараа их гүрний үүрэг хариуцлагыг гүйцэтгэх ёстой” хэмээн уриалсан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай утсаар ярих үеэр Ши Жиньпин дарга Хятад, Америкийн харилцааг ахин “том хөлөг онгоц”-оор зүйрлэн, “Хятад, Америкийн харилцааны энэхүү том хөлөг онгоцыг давлагаа дундуур тогтуун урагшлуулж, илүү чухал, ашигтай үйлийг бүтээн, 2026 оныг Хятад, АНУ хэмээх хоёр их гүрэн харилцан хүндэтгэлтэй, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагааны жил байлгах” ёстой гэдгийг онцолжээ. 

Их Британийн Ерөнхий сайд Стармертай хийсэн уулзалтынхаа үеэр “Олон улсын хууль бүх улс орнууд түүнийг дагаж мөрдсөн үед л жинхэнэ үр дүнгээ өгдөг. Үүнийг их гүрнүүд хошуучлах ёстой. Эс тэгвээс бид ширэнгэн ойдоо буцах болно” гэж Ши Жиньпин дарга дурдсан. Финландын Ерөнхий сайд Орпотой уулзах үеэр “Тэгш байдал, хууль дээдлэх, хамтын ажиллагаа, шударга ёсыг сахихад их гүрнүүд тэргүүлэх ёстой” гэж онцолсон бол Ирландын Ерөнхий сайд Мартинтай уулзахдаа “Бүх улс орнууд бусад орны ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, Олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг дагаж мөрдөх ёстой. Үүнд их гүрнүүд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хэрэгтэй” гэж дурдсан байдаг.

Ши Жиньпин дарга шинэ эриний Хятад улсыг энх тайван хөгжлийн замаар тууштай удирдан чиглүүлж, бодит үйлдлээрээ тогтвортой байдал, эерэг энергийг дэлхий дахинд түгээж байна. 

“Олон улсын харилцаанд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэдэг”, “Олон талт үзэл бол дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлын суурь юм. Ши Жиньпин даргын дурдсан дэлхийн засаглалын санаачилгууд маш чухал ач холбогдолтой”, “НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт тавцан дээр Хятад улстай стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бид бэлэн байна” гэх мэтчилэн улам олон гадаадын удирдагчид дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, олон талт үзлийг дэмжихэд Хятад улсын гүйцэтгэж буй чухал үйл хэргийг хүлээн зөвшөөрөх боллоо. 

              Хөгжлийн том орон зайн дахь их гүрний сонголт

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён шинэ оны анхны гадаад айлчлалаараа Хятад орныг зорихоор төлөвлөсөн бол Ирландын Ерөнхий сайд 14 жилийн дараа, Их Британийн Ерөнхий сайд 8 жилийн дараа Хятадад дахин айлчилсан бөгөөд Канадын Ерөнхий сайд Карни, Уругвайн Ерөнхийлөгч Орси нар тушаал авснаас хойш Хятад дахь анхны айлчлалаа хийсэн. Гэх мэтчилэн Хятадтай түншлэх нь улам олон орны сонголт болж байна. 

Ши Жиньпин дарга гадаадын удирдагчидтай уулзаж, ярилцах үедээ “хамтын ажиллагаа”, “боломж тохиол” зэрэг үгсийг байнга дурддаг. Жишээ нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзах үеэр “Хятад, Өмнөд Солонгос нь нийтлэг ашиг сонирхлын хүрээг тэлж, хиймэл оюун ухаан, ногоон үйлдвэрлэл, “мөнгөн буурал эдийн засаг” зэрэг шинээр мандаж буй салбарт үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа” талаар санал бодлоо дурдсан бол Финландын Ерөнхий сайд Орпотой уулзах үеэрээ Финландын бизнес эрхлэгчдийг Хятадын зах зээлд нэгдэхийг уриалж буйгаа илэрхийлсэн байна. 

Хятад, Уругвай нь хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааны 19 гэрээнд гарын үсэг зурсан бол Хятад, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах 15 ёслолд хамтдаа оролцон, Хятад, Канад улс нь “Хятад, Канадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны замын зураглал”-д гарын үсэг зурсан. 

- Бид түүхийн зөв талд бат зогсон, хоёр улс болон “Дэлхийн Өмнөд”-ийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, НҮБ-ын гол байр суурь, олон улсын шударга ёсыг хамтдаа баримтлах ёстой. Хятад, Бразил нь “Дэлхийн Өмнөд”-ийн чухал гишүүдийн хувьд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн засаглалыг шинэчилж сайжруулахад хүчин зүтгэх ёстой гэж Ши Жиньпин дарга Бразилын Ерөнхийлөгч Лулатай утсаар ярих үеэрээ онцолсон байдаг. 

Дэлхийн засаглалын санаачилгыг “Хятад, Канадын удирдагчдын уулзалтын хамтарсан мэдэгдэл”-д хамруулсан бөгөөд талууд олон талт байдлыг дэмжих амлалтаа дахин нотолж, дэлхийн засаглалыг сайжруулахыг хамтдаа дэмжихээр тохиролцов. 

Одоогийн байдлаар дэлхийн улс орнуудын дөрөвний гурваас илүү хувь нь “Бүс ба зам” санаачилгад нэгдэж, дэлхийн дөрвөн томоохон санаачилга нь олон улсын зөвшилцлийг бий болгон, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулахад түлхэц үзүүлж байна. Түүхэн дэвшлийн логикоор урагшилж, цаг үеийн хөгжлийн чиг хандлагыг даган хөгжиж буй Хятад улс нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг дэмжих хүчин чадал хэвээр байх болно. 

              Найрсаг дотно харилцаатай их гүрний нөмөр

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Тянь Ань Мэний талбай, Ардын Их Хурлын танхимд төрийн дуулал байн байн эгшиглэж, Хятадын дипломат харилцааны ахиц дэвшлийг гэрчилсэн. Чин сэтгэлийн, ёслол төгөлдөр хүлээн авалтууд нь алс холоос зорин ирсэн зочдод найрсаг дотно мэдрэмж төрүүлсэн нь дамжиггүй.

Ши Жиньпин дарга 01-р сарын 16-ны өдөр Бээжин дэх Ардын Их Хурлын танхимд Хятадад суугаа 18 элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах үеэр “Зааныг тэмтэрсэн сохруудын үлгэр”-ээр ишлэн Хятадтай танилцах арга зүйг тайлбарлаж, шинээр томилогдсон элчин сайдууд “Хятад улстай жинхнээсээ танилцан, Хятад болон бусад орны хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах”-ыг хүсэн найдсан байна. 

Дорно дахины ард түмний оюун билгийн охь шимийг тодруулсан энэхүү илэрхийлэл нь тэр даруй түмний сэтгэлд нийцсэн. Их Британийн ерөнхий сайд Стармер Хятадад болсон нэгэн арга хэмжээнд оролцохдоо уг үлгэрээр иш татсан явдал үүнийг гэрчиллээ. Стармер хэлэхдээ: - “Зааныг тэмтэрсэн сохруудын үлгэр” нь барууны орнууд Хятадыг гүнзгий ойлгохын тулд илүү өргөн хүрээтэй харилцаа байгуулах хэрэгтэй гэдгийг бидэнд ухааруулсан гэжээ. 

Итгэл хүсэл бялхсан чин сэтгэлийн захидал, соёлын солилцооны үйл ажиллагаанууд нь дэлхий нийтэд ойлголцол, итгэлцэл, харилцан халамжлал төрүүлэх халуун дулаан урсгалыг бий болгосоор байна. 

Ши Жиньпин дарга боловсролын солилцооны журмаар Хятадад айлчилсан Америкийн залуучуудын багийн багш сурагчдын захидалд хариу өгч, Америкийн өсвөр насныхныг “хоёр улсын найрамдлын шинэ үеийн элчид болох”-ыг уриалсан бол 2026 оны “Хятад-Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн нээлтийн ёслолд баярын захидал илгээж, “Хятад, Африкийн 2.8 тэрбум гаруй ард түмэн харилцан ойлголцож, сэтгэлгээ нэгтгэн, хүчээ хамтатгах” ёстойг онцолсон байдаг. Зимбабвегийн чөлөөлөх тэмцлийн ахмад дайчдад хариу захидал илгээн, “Африкийн илүү олон залуусыг Хятад–Зимбабве, Хятад–Африкийн найрамдлын үйл хэрэгт дайчлан оролцуулах”-ыг тэдэнд хүсэн найдсан бол Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисулитийн захидалд хариу бичиж, 2026 оныг “Хятад-Лаосын найрамдлын жил” болгох жич цуврал баярын арга хэмжээ зохион байгуулахыг хамтдаа зарласан. 

Хаврын урьхан салхи хур бороо дагуулан саатаж, хамаг бодисыг амилуулан сэргээдэг жамтай. Дэлхийд чиглэсэн их гүрний дипломат харилцаа нь Хятадын итгэл үнэмшилтэй, хайрлалтай, хүндэтгэлтэй дүр төрхийг илүү үнэн бодитой дүрсжүүлж, энх тайвныг дээдлэн, хөгжлийн замыг эрэлхийлж, хамтын ажиллагааг дэмждэг Хятадын үзэл баримтлалыг мөн ард түмний зүрх сэтгэлд хүргэсээр байна.

- Мөрөөдлийн төлөөх хамтын хүчин чармайлт, сайн сайхан амьдралын төлөөх ижилхэн хүлээлт нь Америк, Хятадын ард түмний найрамдлын бат бөх үндэс суурь болдог гэж АНУ-ын Айова мужийн Маскатин хотын иргэн Гари Дворчек хэлсэн аж.

Ард түмний зүрх сэтгэл зөв шударга үйлд татагддаг. Шударга ёсыг зоригтойгоор мөрдөж, зөв замыг тууштай баримталдаг Хятад улс нь хүн төрөлхтний нийгэмд илүү их хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

Найруулагч: Б.СУРНАА
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл