
БНХАУ байгуулагдсаны 66 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Дундад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Өвөр Монгол, Гуанси, Төвд, Нинся, Шиньжян зэрэг 5 өөртөө засах орны анхан шатны үндэстний эв нэгдлийн 13 шилдэг төлөөлөгчдийг Бээжинд ирж улсын баярын үйл ажиллагаанд оролцохыг онцгойлон урьсан юм. 30-ны үдээс хойш Ши Жиньпин Ардын их хурлын ордонд тэднийг дотноор хүлээн авч уулзан, дурсгалын зураг авуулсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ: - Та бүхэн манай улсын 5 өөртөө засах орноос ирсэн, адил бус үндэстний, адил бус ажил хөдөлмөртэй төлөөлөгчид билээ. Би та нарын өөрсдийн байдлаа танилцуулахыг сонсоод маш ихээр сэтгэл догдоллоо. Та бүхэн үндэстний эв нэгдлийн хөгжлийн үйлсэд хүчээ өргөсөн бөгөөд үйл хэргүүд маш сэтгэл хөдөлгөм, оруулсан хувь нэмэр их байгаа нь та бүхний нэгэн онцлог юм. Энэ боломжийг тохиолдуулан та нарт, мөн түүнчлэн та бүхнээр дамжуулж нутгийн тань хүмүүс, бүх улсын 56 үндэстний ахан дүүст баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсье гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: - Манай улс бол нэгдсэн олон үндэстэнтэй улс юм. Аливаа үндэстнүүд олон ургалч мөртөө нэгэн цогц байх нь өвөг дээдсээс бидэнд үлдээж өгсөн чухал өв. Мөн манай улсын чухал давуу тал юм. Манай улсын аливаа үндэстний ард түмэн хамтдаа БНХАУ-ыг цогцлоон байгуулсан бөгөөд Дундадын үндэстнүүдийн бүрдэл ба хөгжилд гарамгай хувь нэмрээ оруулав. Намын төв хороо түүхэн цаг үеэсээ үндэстний тухай ажил болон үндэстний бүс нутгийн хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж ирсэн юм. Намын 18 дугаар их хурлаас хойш бид өнөөгийн болон хойшдын хэсэг хугацааны үндэстний тухай ажлын гол бодлого болон стратегийн үүргийг тодорхой тогтоож, багц арга бодлогуудыг гаргасан байна. "Дундаж чинээлэг нийгэм болгон бүх талаар бүтээн байгуулахад аль ч үндэстнийг орхигдуулж болохгүй" гэдгийг би олонтаа онцолсон билээ. Намын төв хорооноос үндэстний тухай ажлыг ийнхүү чухалчилж, ядуурлыг бууруулах ажлыг нэн тэргүүнд тавьж байгаа явдал нь үндэстний бүс нутгийн эв нэгдэл тогтвортой байдлыг улам сайтар хамгаалж, үндэстний бүс нутгийн хөгжлийг улам түргэтгэж, аливаа үндэстнүүдийн оюун ухаан, хүчин чадлыг сайтар төвлөрүүлж, аливаа үндэстнүүд хамтаар Дундад улсын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын Дундад улсын хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө юм гэж онцолсон байна.
