БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8 дугаар сарын 18-ны үдээс хойш Бээжингийн Ардын Их Хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоатай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин дарга:
- Энэ жил Хятад, Эквадор хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран Хятадын тал Хятад, Эквадорын харилцааг стратегийн өндөрлөг, урт хугацааны өнцгөөс авч үзсээр ирсэн. Цаашид Эквадорын талтай хамтран хүчин чармайлт гаргаж, хоёр орны харилцааг шинэ шатанд тасралтгүй ахиулан, хоёр ард түмэнд илүү их үр өгөөж хүргэхэд бэлэн байна гэж хэлэв.
Дарга Ши Жиньпин:
- Хятад, Эквадор хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан бие биенийхээ үндсэн ашиг сонирхол болон чухал анхаарал хандуулж буй асуудлаар ойлголцол, дэмжлэгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Эквадорын тал өөрийн орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг сонгохыг Хятадын тал хүндэтгэн дэмжиж байна. Хоёр тал засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын хоорондын солилцоог эрчимжүүлж, төрийн засаглалын туршлага хуваалцах замаар тус тусын шинэчлэл, хөгжлийн үйл явцад хамтран урагшлах хэрэгтэй.

Хятад, Эквадорын харилцааны сүүлийн жилүүдийн ололт амжилт нь хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр өгөөж болон Хятадын асар том зах зээлийн боломжийг харуулж байна. Хоёр тал хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд хамтын ажиллагаагаа ахиулан, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг бодитой хэрэгжүүлэх ёстой. Мөн дижитал эдийн засаг, ногоон хөгжил, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн боломжийг бүрэн ашиглан, түүний үр өгөөжийг илүү олон аж ахуйн нэгж, хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй.
Хятадын тал Эквадорын талтай эрүүл мэнд, ядуурлыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Эквадорын хөгжлийг дэмжихэд бэлэн байна. Хоёр тал боловсрол, соёл, залуучууд, спорт болон орон нутгийн солилцоогоо нэмэгдүүлж, иргэд хоорондын харилцаа, ойлголцлыг бэхжүүлэн, хоёр орны найрамдлыг улам хөгжүүлэх ёстой.

Даниэль Нобоа:
- Хятад улс бол Эквадорын чухал түнш, найдвартай анд нөхөр бөгөөд Ши Жиньпин дарга бол агуу удирдагч юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд Эквадор, Хятадын харилцаа шинэ шатанд гарч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчирлаа. Эквадорын тал Хятадын талтай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж, Тайванийн асуудлаарх Хятадын байр суурийг хүндэтгэнэ.
Эквадорын тал Хятадтай хийж буй хамтын ажиллагаагаа дээд хэмжээнд чухалчилж байна. Цаашид эдийн засаг, худалдаа, санхүү, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, соёл зэрэг салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятадад экспортлох бүтээгдэхүүний хүрээг өргөжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүдийг Эквадорт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг урьж, Эквадорын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэдгээ илэрхийллээ.

