Ли Кэчян: - Хятадын Засгийн газар Монгол Улстай харилцаа холбоогоо хөгжүүлэх явдлыг дээд хэмжээнд чухалчилан үзэж байна. 10-ны өдөр Ши Жиньпин дарга тантай баялаг үр дүнтэй хэлэлцээр хийсэн. Хятадын тал Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний хийсэн хөгжлийн замын сонголтыг хүндэтгэн, Монголын талтай өндөр дээд хэмжээний харилцаа холбоогоо хэвээр хадгалж, олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт эе зохицолтой хамтран ажиллана. Ирэх жилд Ази-Еврогийн тэргүүн нарын бага хурлыг танай оронд хуралдуулах гэж байна. Хятадын тал Монголын талтай эе зохицолтой хамтран ажиллаж, тэргүүн нарын бага хурал энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, эв санааны нэгдлийг эрчимжүүлэх, цэцэглэл хөгжлийг ахиулах талаар баялаг үр дүнд хүргэхэд бэлэн байна гэлээ.
Мөн цааш хэлэхдээ: - Одоо дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн байдал хэлбэлзэлтэй байгаа бөгөөд хөгжиж буй орнууд эдийн засгийн бууралтын дарамтыг тогтоон барихын төлөө хамтран хичээж байна. Хятадын тал Монголын талтай эдийн засгийн талаар харилцан нөхөх давуу талаа цаашид нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийн чадамжаа дорвитой өргөтгөн, Монголын тал нөөц баялгаа ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хөгжүүлэх, үйлдвэржилтийн ахицаа түргэтгэхэд нь тусалж, Хятад, Монголын хамтын ажиллагааны харилцан ашигтай, хамтран хожих бодлого хэрэгжүүлж, улс төрийн нэгдсэн ойлголтоо ажилч хэрэгч улам их ололт амжилт болгоно гэжээ.

Ц.Элбэгдорж: - Монгол, Хятад стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны харилцаа тогтоосноос хойш хоёр тал төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, олон салбар дахь хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлсэн юм. Монголын тал хоёр орны Засгийн газар хоорондын нэгдсэн комисс зэрэг хамтын ажиллагааны механизмыг цаашид сайтар ашиглан, Хятадын талтай эрчим хүчний нөөц, мал аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг салбарын худалдаагаа өргөтгөн, дулаан болон усан цахилгаан зэрэг том оврын төслүүдийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа ахиулан, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимтэй явуулж, чөлөөт худалдааны асуудлаарх хэлэлцээ хийх арга замыг хайж, хил дамнасан эдийн засгийн бүс болон зам тээврийн бүтээн байгуулалтыг сайтар зохион байгуулна гэжээ.
