solongonews
Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 105 жилийн ойг тэмдэглэх хуралд чухал үг хэлэв
2026-07-01 16:31
Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 105 жилийн ойг тэмдэглэх хуралд чухал үг хэлэв.

Өнөөдөр үдээс өмнө ХКН байгуулагдсаны 105 жилийн ойг тэмдэглэх хурал Ардын их хурлын ордонд ёслол төгөлдөр болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин "07-р сарын 01-ний одон"-г хүртсэн хүмүүст шагналын одон гардуулсан бөгөөд чухал үг хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Би Хятадын Коммунист Намын Төв хорооны нэрийн өмнөөс намын нийт гишүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Мөн ‘Долдугаар сарын 1-ний одон’ хүртэгсэд, Үндэсний хэмжээнд шалгарсан намын шилдэг гишүүд, намын шилдэг ажилтнууд болон тэргүүний анхан шатны намын байгууллагуудад халуун баяр хүргэе” гэв.

Ши Жиньпин хэлэхдээ 105 жилийн туршид ХКН нь Хятадын ард түмний аз жаргалын төлөө зүтгэж, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөөх анхны зорилт эрхэм зорилгыг үргэлж ямагт баримталж, дэлхий дахины хөгжлийн их чиг хандлагыг гүнзгий танин мэдэж, түүхийн янз бүрийн үе шат дахь нийгмийн гол зөрчлийн өөрчлөлтийг үнэн зөвөөр ойлгон тодорхойлж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгтэй нэгтгэн удирдан чиглүүлж, шинэ ардчилсан хувьсгал, социалист хувьсгал болон бүтээн байгуулалт, өөрчлөлт хийж нээлттэй байлгах, социалист орчин үеийн бүтээн байгуулалт, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын аугаа ололт амжилтыг бүтээж, Хятадын үндэстний хэдэн мянган жилийн түүхэн дэх хамгийн агуу сүр жавхлант түүхэн туульсыг туурвин бүтээсэн юм. 

105 жилийн цуцалтгүй тэмцэл нь Хятадын ард түмний хувь заяа ирээдүйг үндэснээс нь өөрчилсөн юм. 

105 жилийн цуцалтгүй тэмцэл нь Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх зөв замыг нээсэн юм. 

105 жилийн цуцалтгүй тэмцэл нь Марксизмын хүчирхэг амьдрах чадварыг харуулсан юм. 

105 жилийн цуцалтгүй тэмцэл нь дэлхийн түүхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. 

105 жилийн цуцалтгүй тэмцэл нь ХКН-ыг улам хүчирхэг болгон төлөвшүүлсэн юм гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Өнгөрсөн 105 жилийн хугацаанд бидний бүтээсэн бүхий л ололт амжилт нь Хятадын ард түмнийг эв нэгтэй удирдсан Хятадын коммунистуудын үе үеийн цуцашгүй хүчин чармайлтын үр дүн юм. Мао Зэдун, Дэн Сяопин, Жян Зэминь, Ху Жиньтао нараар гол төлөөлөл болгосон үе үеийн Хятадын коммунистууд Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө асар их хувь нэмэр оруулж, түүхэнд мөнхрөх гавьяа байгуулсан юм. Бид тэдэнд дээд зэргийн хүндэтгэл илэрхийлж байна.

Энэ мөчид бид Мао Зэдун, Жөү Эньлай, Лю Шаочи, Жү Дэ, Дэн Шяопин, Чэнь Юнь зэрэг ахмад үеийн хувьсгалчид болон нөхөр Жян Зэминь нарыг гүнээ дурсан хүндэтгэж байна. Мөн үндэсний тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, улс орны хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргалын төлөө амь биеэ зориулсан хувьсгалын баатрууд, эх орончдод гүн хүндэтгэл илэрхийлж байна. Тэдний улс орон, үндэстнийхээ төлөө оруулсан агуу их хувь нэмэр түүхэнд үүрд мөнхөрнө. Тэдний эрхэм дээд үзэл санаа олон зуун сая хүний зүрх сэтгэлд мөнхөд хадгалагдан үлдэх болно” гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Ард түмэн бол түүхийг бүтээгчид, жинхэнэ баатрууд юм. Хятадын Коммунист Намын Төв хорооны нэрийн өмнөөс улс орны бүхий л салбарт ажиллаж буй ард түмэн болон нийгмийн бүх давхаргын төлөөлөлд гүн хүндэтгэл илэрхийлье. Мөн Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Тайванийн ахан дүүс болон хилийн чанадад оршин суугаа хятад иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Хятадын ард түмэнтэй найрсаг харилцаатай байж, Хятадын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлийн үйл хэргийг анхааран дэмжиж ирсэн дэлхийн улс орнуудын ард түмэн, анд нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Хятадын Коммунист Нам 105 жилийн тэмцлийн замналдаа тасралтгүй агуу их ололт амжилт бүтээж ирсэн. Түүх болон ард түмэн Хятадын Коммунист Намыг сонгосны гол шалтгаан нь манай нам бусад улс төрийн нам, улс төрийн хүчинтэй зүйрлэшгүй давуу чанартай байдагт оршино” гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Аугаа их ололт амжилт эрхэм дээд хүсэл тэмүүллээс эхтэй. Асар их үйл хэрэг цуцалтгүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтдэг. Шинэ эриний шинэ аянд намын эрхэм зорилго, үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Хятадын Коммунист Намын нийт гишүүн өөртөө итгэлтэй байж, цуцалтгүй хичээн зүтгэж, цаг үе болон ард түмний итгэлийг хөсөрдүүлэхгүй шинэ амжилтыг тасралтгүй бүтээх ёстой” гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Улс орноо хүчирхэгжүүлэхийн тулд армиа зайлшгүй хүчирхэгжүүлэх ёстой. Хүчирхэг арми л улс орны аюулгүй, амгалан байдлын баталгаа болно. Шинэ аянд шинэ эриний намын армиа хүчирхэгжүүлэх үзэл санаа болон шинэ эриний цэргийн стратегийн чиг шугамыг бүх талаар тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Нам ардын армийг үнэмлэхүй удирдах зарчмыг чанд баримталж, Хятадын онцлогтой армиа хүчирхэгжүүлэх замаар тууштай замнах ёстой. Улс төрөөр армиа бүтээн байгуулах, өөрчлөлт шинэчлэлээр армиа хүчирхэгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшлээр армиа хүчирхэгжүүлэх, мэргэшсэн боловсон хүчнээр армиа чадавхжуулах, хуулийн дагуу армиа засахыг бүх талаар урагш ахиулж, үндэсний батлан хамгаалалт болон зэвсэгт хүчний орчин үеийн шинэчлэлийг өндөр чанартай хэрэгжүүлж, арми байгуулагдсаны 100 жилийн ойн зорилтыг товлосон хугацаанд нь биелүүлж, ардын армийг дэлхийн тэргүүний арми болгон бүтээн байгуулахыг түргэтгэж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалан, дэлхийн энх тайван, хөгжилд улам их хувь нэмэр оруулах ёстой” гэв.

Ши Жиньпин онцлохдоо, “Хонконг, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангах нь Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн зайлшгүй шаардлага юм. Шинэ нөхцөлд байдалд “Нэг улс хоёр систем” бодлогыг тууштай баримталж, “Хонконгийг хонконгчууд удирдах”, “Макаог макаочууд удирдах” болон өндөр түвшний өөртөө засах зарчмыг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн “Эх орончид Хонконгийг удирдах”, “Эх орончид Макаог удирдах” зарчмыг чанд мөрдөж, Хонконг, Макаог хуулийн дагуу засаглах тогтолцоог улам боловсронгуй болгоно. Мөн хоёр бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, улс орны хөгжлийн ерөнхий үйл явцад улам гүнзгий уялдан нэгдэх, идэвхтэй оролцохыг дэмжинэ” гэв.

Ши Жиньпин хэлэхдээ “Тайванийн асуудлыг шийдвэрлэж, эх орноо бүрэн нэгтгэх нь манай намын тууштай баримталж ирсэн түүхэн эрхэм зорилго төдийгүй Хятадын нийт ард түмний хамтын хүсэл эрмэлзэл юм. Бид шинэ эриний Тайванийн асуудлыг шийдвэрлэх намын ерөнхий бодлогыг бүрэн хэрэгжүүлж, ‘Нэг Хятад’ зарчим болон 1992 оны нийтлэг ойлголтыг тууштай баримталж, Тайванийн элэг нэгтнүүдтэйгээ эв найрамдалтай байж, Тайванийн хоолойн хоёр эргийн солилцоо, хамтын ажиллагаа, цогу хөгжлийг улам гүнзгийрүүлж, “Тайванийг тусгаар тогтнуулах” салан тусгаарлах хүчний эсрэг тууштай тэмцэж, гаднын хүчний хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцэн, эх орноо нэгтгэх аугаа үйл хэргийг тууштай урагшлуулна” гэв.

Ши Жиньпин онцлохдоо, залуучууд бол Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх гол хүч мөн. Намын бүх шатны байгууллага залуучуудад анхаарал халамж тавьж, тэднийг дэмжин, өсөж хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэв.

Тэрээр хэлэхдээ “Шинэ эриний Хятадын залуус эрхэм дээд хүсэл зорилготой байж, цаг үеийн хариуцлагыг зоригтойгоор үүрэх хэрэгтэй. Хувийн хүсэл тэмүүллээ нам, улс орны үйл хэрэгтэй нягт уялдуулж, шинэ замналд түүхэн буухиаг нэр төртэй үргэлжлүүлэн, залуу насны эрч хүчээр урагшлах замаа нээж, хүсэл мөрөөдлөөрөө ирээдүйгээ гэрэлтүүлэх ёстой” гэв.

Ши Жиньпин хэлэхдээ “Хятадын Коммунист Намын 105 жилийн түүх бол бахдам ололт амжилт бүтээсэн түүх юм. Гэвч бид хэзээ ч одоогийн амжилтад сэтгэл ханаж, ололтдоо тайвширч болохгүй. Энэ зууны дунд үе гэхэд орчин үеийн хүчирхэг социалист улсыг бүх талаар бүтээн байгуулж, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтоо биелүүлэх ёстой. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Түүх ч мөн хэнийг ч хүлээхгүй. Намын нийт гишүүд анхны зорилгоо үл умартан, эрхэм үүргээ ухамсарлаж, даруу хичээнгүй, шаргуу хөдөлмөрлөн, тэмцэх зориг, тэмцэлд ялах чадвараа улам бэхжүүлэх хэрэгтэй. Бид улс орны бүх үндэстнүүдийн ард түмнийг эв нэгтэй удирдан чиглүүлж, шинэ аянд зоригтой урагшлан, шинэ эринд шинэ амжилт бүтээж, түүхийн шинэ алдар сууг цогцлоохын төлөө цуцалтгүй тэмцэх ёстой” гэв.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл