Орон нутгийн цагаар 10-р сарын 31-ний үдээс өмнө БНСУ-ын Кёнжү хотын Хёп-Бэк /HICO/ хурлын төвд Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны удирдагчдын 32 дахь албан бус уулзалтын эхний үе шатны хуралдаан боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин уулзалтад оролцож, чухал үг хэлэв. Тэрээр таван санал санаачилга дэвшүүлж байна.

Нэг. Олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалах. Бид жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн худалдааны байгууллагаар төв болгосон олон талт худалдааны тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх ёстой. Мөн дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийг зөв чиглэлд хөтөлж, хамгийн таатай нөхцөл байдалтай орны дэглэм, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг сахин хамгаалж, олон улсын худалдаа, эдийн засгийн дүрмийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэх замаар хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах ёстой.
Хоёр. Бүс нутгийн нээлттэй эдийн засгийн орчныг хамтран байгуулах. Худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт, хялбарчилсан орчныг үргэлжлүүлэн бий болгож, санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцыг тогтвортой ахиулах. “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (RCEP)-ийн өндөр чанартай хэрэгжилт болон “Номхон далай дамнасан түншлэлийн харилцааны хэлэлцээр”-ийг өргөжүүлэхээр боломж болгон харилцан уялдаа холбоогоо бэхжүүлж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулахад хүчээ нэгтгэх ёстой.
Гурав. Үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй байдлыг хамтдаа хамгаалах. “Гараа татах” биш харин “гараа сунгаж”, "тусгаарлаж салах” биш харин “хамтарч нэгдэх” зарчмыг тууштай баримталж, илүү олон ашиг сонирхлын нийтлэг талыг эрэлхийлж, ханган нийлүүлэлтийн сүлжээний нээлттэй хөгжлийг дэмжих ёстой. “АПЕК-ийн дэд бүтцээр харилцан холболдох зураг төлөвлөгөө” хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан хатуу болон зөөлөн дэд бүтцийн холболт, сэтгэлийн холбоог улам бэхжүүлж, улмаар Ази, Номхон далайн бүс нутгийн нээлттэй хөгжлийн үндэс суурийг бататгах ёстой.
Дөрөв. Худалдааг дижиталжуулах, ногоон болгохыг хамтран дэмжих. Хил дамнасан худалдааг дэмжихэд дижитал технологийн үүргийг бүрэн дүүрэн ашиглаж, цахим худалдааг ахиулах, ухаалаг гааль зэрэг салбарт практик хамтын ажиллагааг хөгжүүлэх. Төрөл бүрийн саад бэрхшээлийг арилгаж, ногоон үйлдвэрлэл, цэвэр эрчим хүч, ногоон ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх. Хятад улсын АПЕК-д санаачилсан Ази, Номхон далайн бүсийн цахим боомтын жишээ үзүүлэх сүлжээ болон ногоон ханган нийлүүлэлтийн сүлжээ нь бүс нутгийн худалдааг дижиталжуулах, ногоон болгох хамтын ажиллагааны чухал тавцан болсон юм.
Тав. Хүртээмжтэй хөгжлийг хамтдаа дэмжих. Хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, тэнцвэргүй хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлж, бүс нутгийн ард иргэдэд илүү хүртээмжтэй, илүү тогтвортой, илүү ашигтай эдийн засгийн даяаршлыг ахиулах. "Бүс ба Зам"-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг дэмжиж, хөгжиж буй орнуудыг орчин үеийн болгоход нь дэмжиж, дэлхийн хөгжлийн шинэ орон зайг нээхийн тулд Хятад улс талуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, Хятад улстай дипломат харилцаатай хөгжлөөр тааруухан орнуудын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн тэг тарифын дэглэм тогтоосон. Мөн зөвшилцөөр эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээнд гарын үсэг зурж,дипломат харилцаатай Африкийн орнуудын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн тэг тарифын бодлого хэрэгжүүлэхэд бэлэн байна бөгөөд бүх улс оронтой хамтдаа хөгжиж, хамтын хөгжлөө хуваалцахыг зорьж байна.
