Өнөөдөр буюу 05-р сарын 15-ны өглөө Хятад улсын дарга Ши Жиньпин Жүн Нань Хайд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамптай жижиг хүрээний уулзалт хийлээ.

Дональд Трампын энэ удаагийн айлчлал нь түүхэн ач холбогдолтой, бэлгэдлийн шинжтэй айлчлал болсон гэдгийг Ши Жиньпин дарга онцлов. Тэрээр:
- Хоёр тал Хятад-Америкийн “Стратегийн бүтээлч тогтвортой харилцаа”-ны шинэ байр суурийг хамтран тодорхойлж, эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой хадгалах, олон салбарын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан санаа зовниж буй асуудлуудыг зохистой шийдвэрлэх талаар чухал зөвшилцөлд хүрчээ гэж хэллээ.
Мөн олон улсын болон бүс нутгийн асуудлаар харилцаа холбоо, уялдаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцсон нь харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, итгэлцлийг гүнзгийрүүлэн, хоёр орны ард түмний сайн сайханд тустай болохыг онцолсон байна.

Ши Жиньпин дарга цааш үргэлжлүүлэн:
- Хятад, Америк хоёр харилцан хүндэтгэлийн үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэх зөв замыг олох нь хоёр орны ард түмний хүсэл төдийгүй дэлхийн улс орнуудын хүлээлт мөн" гэлээ.
Ши Жиньпин хоёр тал хүрсэн чухал зөвшилцлөө хэрэгжүүлж, өнөөгийн ховорхон бүрдсэн эерэг нөхцөлийг эрхэмлэн хадгалж, зөв чиглэлээ баримтлан, саад бэрхшээлийг арилгаж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Трамп Жүн Нань Хайд урьсанд гүн талархал илэрхийлээд:
- Энэ удаагийн Хятад дахь айлчлал нь маш амжилттай, дэлхий нийтийн анхаарлыг татсан, мартагдашгүй айлчлал болсон гэж мэдэгдэв.
Тэрээр хоёр тал олон чухал зөвшилцөлд хүрч, хэд хэдэн хэлэлцээр байгуулан, олон асуудлыг шийдвэрлэсэн нь хоёр орон төдийгүй дэлхий дахинд ч ашигтай болсон гэж онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мөн дарга Ши Жиньпинийг өөрийн хуучин анд хэмээн нэрлэж, түүнийг маш их хүндэтгэдгээ илэрхийлээд, хоёр тал сайн харилцаа тогтоосон бөгөөд Америк–Хятадын харилцаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр Ши Жиньпинтэй цаашид ч илэн далангүй, гүнзгий харилцаагаа үргэлжлүүлж, ирээдүйд Вашингтонд Ши Жиньпинийг хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр хоёр тал бүс нутгийн зарим халуун цэгийн асуудлаар мөн санал солилцлоо.
