БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 24-нд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптэй утсаар ярилаа.
Ши Жиньпин дарга:
- Өнгөрсөн сард бид БНСУ-ын Пусан хотод амжилттай уулзалт хийж, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Америкийн харилцааны тогтвортой хөгжлийн зүг чигийг тодорхойлон, хөдөлгөх хүчээр сэлбэж, дэлхий нийтэд эерэг дохио өгсөн. Пусаны уулзалтаас хойш Хятад, Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой, сайжирч, хоёр орон болон олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр сайшаан хүлээн авч байна. Энэ нь Хятад, Америкийн "Хамтын ажиллагаа хоёр талд ашигтай, сөргөлдөөн хоёр талд хор хөнөөл учруулна" гэсэн практикаар ахин дахин нотлогдсон нийтлэг ойлголтыг харуулсан бөгөөд Хятад, Америк бие биенээ "Амжилтад хүргэж, хамт цэцэглэн хөгжих" нь бодит байдал гэдгийг харуулж байна".
Мөн тэрээр:
- Хоёр тал энэ эрч хүчээ хадгалж, зөв чиглэлийг баримтлан эрх тэгш, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх байр сууриар,хамтын ажиллагааны салбарын жагсаалтыг өргөжүүлж, асуудлын жагсаалтыг цөөрүүлэн, илүү эерэг ахиц дэвшилд хүрэхийг эрмэлзэж, Хятад, Америкийн харилцаанд хамтын ажиллагааны шинэ орон зайг нээж, хоёр улсын ард түмэн болон дэлхийн ард түмэнд илүү их ашиг тусаа өгөх ёстой гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин Тайванийн асуудлаарх Хятадын зарчмын байр суурийг тодорхойлж, Тайвань Хятадад эргэн нэгдэх нь дайны дараах олон улсын дэг журмын чухал хэсэг гэдгийг онцолсон бөгөөд Хятад, Америк хоёр фашизм болон милитаризмын эсрэг мөр зэрэгцэн тэмцэж байсан. Одоо Дэлхийн 2-р дайны ялалтын ололт амжилтыг хамтран хамгаалах ёстой гэж илэрхийллээ.
Д.Трамп:
- Ши Жиньпин дарга бол агуу удирдагч. Миний бие Ши Жиньпин даргатай Пусанд маш баяртай уулзалт хийсэн. Хоёр орны харилцааны талаарх таны үзэл бодлыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хоёр тал Пусаны уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж байна. Хятад улс тухайн үеийн дэлхийн хоёрдугаар дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тайваний асуудал нь Хятад улсад авч хэлбэл маш чухал ач холбогдолтой гэдгийг Америк ойлгож байна гэж хэлэв.
Хоёр төрийн тэргүүн мөн Украины хямралын талаар хэлэлцэв. Ши Жиньпин дарга Хятад улс энх тайвны төлөөх бүх хүчин чармайлтыг дэмжиж байгаа бөгөөд бүх талууд санал зөрөлдөөнөө багасгаж, хямралыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд аль болох хурдан шударга, удаан үргэлжлэх, заавал биелүүлэх энхийн хэлэлцээр тохиролцоно гэдэгт найдаж байгааг онцоллоо.
