Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймгийн төв Улаанхотын Тавдугаар сарын нэгний гудамжинд цэнхэр тоосгоор барьсан нэгэн барилга байдаг. 1947 оны 5-р сарын 1-нд Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газар энд байгуулагдсан нь Хятадын анхны мужийн түвшний үндэстний цөөнхийн өөртөө засах засгийн газар болсон байна.

Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 6-р сард Өвөр Монголд ажиллах үедээ:
- Хятадын үндэстний олон нийтийн ухамсрыг бий болгох нь шинэ эрин үеийн Намын үндэстний асуудлаарх ажлын гол сэдэв бөгөөд үндэстний цөөнхийн бүс нутгийн бүх ажлын гол сэдэв юм гэж онцолсон байдаг.
Улаанхот гэдэг нь “Улаан өнгөтэй хот” гэсэн утгатай. Энэхүү хотын бүх үндэстний хүмүүс нэгдэн нийлж, Хятадын үндэстний олон нийтийн ухамсрыг гол сэдэв болгон авч, орон нутгийн хөгжлийг дэмжиж байна.
Улаан цахилгаан долгион-эрхэм зорилгын гэрэл
Улаанхот дахь Хятадын Коммунист Намын Өвөр Монголын Ажлын Хорооны хуучин байранд ороход телеграфын дуу сонсогдож байдаг.
- Эдгээр цахилгаан мэдээ Богд уулын толгодын хормойноос ирсэн юм. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газар байгуулагдах үед ХКН-ын Төв Хорооны дуу хоолой нь Өвөр Монголын бүх үндэстний ард түмнийг бүс нутгийн үндэстний өөртөө засах эрхийг бүрэн хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлж байв.
Үзэсгэлэнгийн танхимд ирсэн хүмүүс телеграф, кодлогдсон мессеж, телеграмм илгээх, хүлээн авах зэргээр түүхийн тэр үеийн тухай мэдээлэл авах боломжтой.
- Үзэсгэлэнгийн танхимд үзүүлсэн 31 цахилгаан мэдээг харахад би тэрхүү хувьсгалт эрин үед эргэн очсон юм шиг санагдсан. Ийм байдлаар хувьсгалын соёлын тухай ойлголт авах нь надад маш сонирхолтой туршлага байлаа гэж жуулчин Шэн Кай хэлэв.
Хятадын Коммунист Намын Өвөр Монголын Ажлын Хорооны хуучин оффисын байранд “Намын Төв Хорооны дуу хоолойг сонсох”, 5-р сарын 1-ний уулзалтын байранд “5-р сарын 1-ний их хуралд суух”, мөн Өвөр Монголын Үндэсний чөлөөлөлтийн дурсгалын танхимд “Түүхийн алдарт эрин үеийг мэдрэх” боломжтой. Өөрөөр хэлбэл, Улаанхотын янз бүрийн түүхэн дурсгалт газруудаас үзэсгэлэнгийн танхим болон сурах бичгээс гаднах түүхийн тухай гүн ойлголт авах боломжтой гэсэн үг.
Хянган аймгийн Соёл, аялал жуулчлал, спортын товчооны захирал Ван Тяньфэн:
- Үндэстний бүс нутгийн өөртөө засах бодлого энд үндэслэж, энд л соёолсон байдаг. ХКН байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан бид хувьсгалын судалгааны аяллын маршрутыг эхлүүлж, хувьсгалын дурсгалт газруудыг намын түүхийн хичээлийн танхим болгон хувиргаж, өсвөр насныхан болон залуучуудыг “Бяцхан хөтөч” болгон зохион байгуулж, хувьсгалын сэдэвтэй жүжиг тоглуулан, хувьсгалын түүхийг хамгийн бодит байдлаар ойлгож болох тод дурсамж болгон үлдээхээр хичээж байна гэж ярилаа.
Засаглалын эв нэгдлийн загвар
Улаанхот нь үндэстний цөөнхийн өөртөө засах бодлогыг хамгийн анх хэрэгжүүлсэн бүс нутаг тул үндэстний эв нэгдлийн гүн гүнзгий уламжлалтай. Сүүлийн жилүүдэд орон нутгийн засаг захиргаа үндэстний эв нэгдлийг дэмжих ажлыг орон нутгийн засаглал болон олон нийтийн үйлчилгээний бүхий л үйл явцад гүнзгий нэгтгэсэн.

Улаанхотын Теши дүүргийн Куанчуань хороололд “Эв нэгдлийн цэцэрлэг” гэж нэрлэгддэг хүнсний ногооны талбай бий. Хоёр жилийн өмнө энэ газар эзгүй байсан. Тус хорооллын Намын үүр иргэдийг дагуулж, энэхүү эзгүй газарт хүнсний ногоо тарьж, ногооруулсан байна. Куанчуань хорооллын Намын үүрийн нарийн бичгийн дарга Сүнь Жинь-Э:
- Ойролцоо суугаа хүмүүс Эв нэгдлийн цэцэрлэгт цай оочлонгоо яриа дэлгэн сууж, санал бодлоо солилцдог болсон. Ингэснээр хорооллын хүрээлэн буй орчныг илүү амьдрахад таатай болгож, амьдралын чанарыг тасралтгүй сайжруулсаар байна гэж хэллээ.
Куанчуань хорооллын орон нутгийн засаглалын практик нь орон нутгийн засаглалыг дэмжих, үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх орон нутгийн хүчин чармайлтын олон жишээний нэг юм. Улаанхот нь иргэдэд зориулсан 91 үйлчилгээний станц байгуулж, хөршийн соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг 100 гаруй арга хэмжээ зохион байгуулж, бүх үндэстний хүмүүсийг хамтдаа амьдрах, суралцах, бүтээн байгуулалт хийх, хуваалцах, ажиллах, амьдралаас таашаал авахад урамшуулсан байна.
Аж ахуй хөгжин, хамтдаа баяжиж байна
Буудай боловсрох улирлын дараахан Саньхэ тосгоны тутарга шилжүүлэн суулгах ажил ч дууссан цаг үе.
Саньхэ тосгон нь Улаанхотын Улаанхад сууринд байрладаг бөгөөд Хятад, Солонгос, Монгол үндэстнүүд амьдардаг олон үндэстний тосгон юм. Энэ тосгоны иргэд тутарга тариалснаар баян чинээлэг амьдралтай болсон байна.
- Энд уг нь зөвхөн Солонгос үндэстний иргэд л тутарга тарьдаг байсан. Хожим нь эдгээр туршлагатай Солонгос үндэстний тосгоныхон тариалалтын арга барилаа бусдад дамжуулж, тосгоны тутарга тариалах талбай тогтвортой өргөжиж, одоо 660 гаруй га талбайтай болсон гэж Саньхэ тосгоны Намын үүрийн нарийн бичгийн дарга Ү Жяньхүй танилцууллаа.
Тосгоныхон тутарга тариалахаас гадна тутарганы талбайгаар аялах, уламжлалт ардын зан заншлыг ашиглан хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн. Саньхэ тосгон нь хоосон хашаа байшингуудыг зочид буудал, соёлын төв болгон бүтээн байгуулж, “Загас агнах баяр”, “Ургац хураалтын баяр” зэрэг өвөрмөц арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байдаг. 2025 онд Саньхэ тосгон 150 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 1 сая юаниас давсан байна.

Эдийн засгийг хөгжүүлж, ард түмний сайн сайхан байдлыг сайжруулах нь олон нийтийн дэмжлэгээр үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх үндэс суурь болдог. Улаанхот орон нутгийн нөөц бололцоогоо ашиглан өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүх үндэстний хүмүүст шинэчлэл, хөгжлийн үр шимийг хүртээсэн байна. “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Улаанхот 5730 га өндөр стандартын тариалангийн газрыг шинээр бий болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогц хүчин чадлыг шинэ түвшинд гаргасан. 100 сая юаниас дээш хөрөнгө оруулалттай 151 төсөл хэрэгжиж, эдийн засгийн хөгжил бүх талаар хурдассан. Хот, хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого нь “13-р таван жил”-ийн төлөвлөгөөний төгсгөлийн түвшнээс тус тус 1.4 дахин, 1.5 дахин өссөн байна.
Улаанхотын бүх үндэстний иргэд эвлэлдэн нэгдэж, хамтдаа гэр орноо бүтээн байгуулж, үндэстний эв нэгдлийн “Аз жаргалын цэцэг”-ийг дэлгэрүүлж байна.
