solongonews
Хятад, Оросын төрийн тэргүүний дипломат харилцаа хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээж байна
2026-05-19 10:54
Хятад, Оросын төрийн тэргүүний дипломат харилцаа хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 05-р сарын 19,20-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ. Энэ нь хоёр орны төрийн тэргүүн энэ онд анх удаа уулзаж байгаа болно. Мөн энэ жил нь Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байна.
Оросын олон нийт энэхүү дээд хэмжээний уулзалт нь Орос, Хятадын олон салбарын хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг дээд түвшинд гаргаж, шинэ эрин үеийн Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломж авчирч, дэлхийн стратегийн тогтвортой байдал, олон улсын шударга ёсыг хадгалахад хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

“Жинхэнэ иж бүрэн стратегийн түншийн харилцаа”

2013 оноос хойш, дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч В.Путин нар 40 гаруй удаа уулзаж, Хятад, Оросын харилцааг удирдан чиглүүлсэн юм. Оросын иргэд хоёр улсын удирдагчдын нягт харилцаа, өндөр түвшний харилцан итгэлцэл нь Орос, Хятадын харилцааг өндөр түвшинд үргэлжлүүлэх үндсэн баталгаа гэж үзсэн байна.

- Оросын олон нийт хоёр орны төрийн тэргүүний удахгүй болох уулзалтыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд энэ уулзалт хоёр орны харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмж, Орос, Хятадын харилцааг шинэ түвшинд хүргэнэ гэж Оросын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Андрей Островский хэллээ.

“ Орос, Хятадын төрийн тэргүүний найрсаг харилцаа нь хоёр орны харилцааны бүх салбарын хөгжилд хүчтэй түлхэц болсон. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн энэхүү уулзалт нь Орос, Хятадын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны баялаг агуулгыг дэлхий нийтэд харуулах болно гэж Оросын ТАСС агентлагийн дэд захирал Марат Абулхакин өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм.

Гучин жилийн өмнө Хятад, Орос улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. 2019 онд дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Путин нар хоёр талын харилцааг шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлсэн. Хорин таван жилийн өмнө “Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан бөгөөд 2021 онд хоёр улсын төрийн тэргүүнүүд уг гэрээг сунгах тухай албан ёсоор зарласан ажээ.

Оросын иргэд энэхүү онцгой жилд хоёр улсын төрийн тэргүүний анхны уулзалт нь өнгөрсөн үеийн ололт амжилтаа бататгаж, шинэ хэтийн төлөвийг нээхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.

"Энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг авчрах болно"

Тавдугаар сард Хятад, Оросын хоорондох хуурай замын хамгийн том боомт болох Манжуур-Забайкальскийн хилийн боомт хөл хөдөлгөөн ихтэй байв. Хятад-Европын чиглэлийн галт тэрэг өдөр бүр арав гаруй удаа үүгээр дамжин өнгөрдөг бөгөөд энэ оны эхнээс хойш галт тэрэгний тоо өнгөрсөн оны мөн үеэс 20 гаруй хувь өссөн байна.

Оросын Забайкальскийн хязгаарын захирагч Александр Осипов Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн удахгүй болох уулзалт болон хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар өндөр хүлээлт тавьж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ “Хоёр улсын тэргүүний стратегийн удирдлага дор Орос, Хятад хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан ашигтай үр дүнд хүрч, хамтдаа хожих бөгөөд энэхүү уулзалт хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжуудыг авчирна” гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор Хятад, Оросын практик хамтын ажиллагаа уян хатан чанар, эрч хүчээ харуулж, олон давхаргат хамтын ажиллагааны цогц хүрээг бий болгосон. Хоёр талын худалдааны хэмжээ гурван жил дараалан 200 тэрбум ам.доллароос давсан. Эрчим хүч, холболт зэрэг уламжлалт салбаруудын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ бизнесийн загваруудын хамтын ажиллагааны боломжийг идэвхтэй судалж, хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгосон.

Бүх талын прагматик хамтын ажиллагаа гүнзгийрсээр байгаа бөгөөд хоёр орны соёлын солилцоо ч улам бүр ойртож, нягт болж байна. Хоёр орны төрийн тэргүүн хэд хэдэн үндэсний сэдэвчилсэн арга хэмжээг зохион байгуулахыг биечлэн дэмжиж, энэ жилийн "Хятад, Оросын боловсролын жил" нь Хятад, Оросын иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлд шинэ эрч хүч нэмж байна.

- Орос, Хятад хоёр тал иргэд хоорондын томоохон солилцооны арга хэмжээг тогтсон хугацаанд хийх сайхан уламжлалыг бий болгосон. "Орос, Хятадын боловсролын жил"-ийг зохион байгуулснаар хоёр орны хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагаа илүү гүнзгий түвшинд хүрэх болно гэж Оросын Боловсролын яамны Олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал Сергей Малышев хэлэв.

"Дэлхийн шударга ёсыг сахин хамгаалахад хувь нэмэр оруулж байна"

“Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Тяньжинь дэх дээд хэмжээний уулзалтын үеэр дарга Ши Жиньпин дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд уг уулзалтад оролцсон Ерөнхийлөгч Путин үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өнгөрсөн жилийн "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+" уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүний харилцаа надад маш гүн сэтгэгдэл өгсөн. Энэхүү удаагийн уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн дэлхийн засаглалын салбар дахь хамтын ажиллагаагаа нэн цаашид урагшлуулж чадна. Энэ нь Орос, Хятадын харилцаа болон өнөөгийн дэлхий ертөнцөд маш чухал ач холбогдолтой юм гэж Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн Владимир Петровск хэлсэн байлаа.

Хятад, Орос дэлхийн томоохон гүрнүүд болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд олон жилийн турш НҮБ, ШХАБ, БРИКС, G20 зэрэг олон талт тавцан дээр үр бүтээлтэй хамтран ажиллаж, дайны дараах дэг журмыг хадгалахад "Хятад, Оросын хувь нэмэр" оруулсаар ирсэн.

Оросын Гадаад хэргийн яамны Дипломат академийн шинжээч Владимир Нежданов өнөөгийн олон улсын тогтворгүй нөхцөл байдалд Орос, Хятадын тогтвортой, прагматик харилцаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд түлхэц өгч, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хадгалахад орлуулшгүй үүрэг гүйцэтгэж буй гэж үзэж байна.

- Орос, Хятад хоёулаа олон талт байдлыг дэмжиж, бүх хэлбэрийн гегемонизм болон хүчирхийллийн улс төрийг эрс эсэргүүцдэг. Бид хоёр улсын төрийн тэргүүний хооронд олон улсын нөхцөл байдлын талаар дахин гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэх, дэлхийн шударга ёсыг сахиулахад хувь нэмэр оруулахын тулд хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна гэж Оросын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн Павел Трошинсик хэлэв.

 

Зохиогч: ЖАО ЯНЬ,ЛУАНЬ ХАЙ, ЛЮЙ КАЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл