solongonews
Хятад, Оросын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
2026-05-20 16:49
Хятад, Оросын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв.

Өнөөдөр буюу 05-р сарын 20-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн “Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацааг үргэлжлүүлэн сунгахаар санал нэгджээ.

Ши Жиньпин хэлэхдээ " Энэ жил нь Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, Хятад, Оросын хооронд сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байна. Хоёр улс энэхүү гэрээг байгуулснаар урт хугацааны сайн хөршийн найрамдал, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны институцийн үндсийг хууль эрх зүйн хэлбэрээр баталгаажуулж, Хятад, Оросын харилцаа үсрэнгүй хөгжсөн" гэжээ.

Ши Жиньпин Хятад, Оросын харилцаа өнөөгийн өндөр түвшинд хүрсэн нь улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн хамтын ажиллагааг тууштай гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, олон улсын шударга ёсыг хамгаалан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахыг тууштай дэмжсэний үр дүн гэж мэдэгджээ.

Тэрээр " Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн томоохон орнуудын хувьд Хятад, Орос хоёр урт хугацааны стратегийн өнцгөөс харж, илүү өндөр чанартай иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаар хоёр улсын хөгжил, сэргэлтийг дэмжиж, дэлхийн засаглалын илүү шударга, зохистой тогтолцоог байгуулах ёстой"-г онцоллоо.

Ши Жиньпин мөн Хятад, Орос хоёр тэгш харилцах, харилцан хүндэтгэх, итгэлцэх, хамтдаа ашиг хүртэх зарчмын үндсэн дээр шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа хөгжүүлж ирснийг тэмдэглээд, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, орон нутгийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин, хоёр ард түмний ойлголцол улам батжиж байгааг дурдлаа.

Мөн хоёр тал хөгжлийн зорилгодоо төвлөрч, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр, технологийн шинэчлэл зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг ахиулан, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчээр өсөлтийн шинэ хөдөлгүүр бий болгох ёстойг хэллээ.

Түүнчлэн боловсрол, соёл, кино, аялал жуулчлал, спортын салбарын хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, НҮБ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага, БРИКС, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт тавцанд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг онцолжээ.

Путин хэлэхдээ " Хоёр талын хамтын хүчин чармайлтын дүнд Орос, Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Дээд түвшний харилцаа нягт, улс төрийн харилцан итгэлцэл бат бөх байж, хоёр талын худалдаа тогтвортой өсөж, эрчим хүч, тээвэр, ложистик, технологийн салбарын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна" гэлээ.

Мөн “Орос, Хятадын соёлын жил”-ийг амжилттай зохион байгуулсны дараа “Орос, Хятадын боловсролын жил” эхлэх гэж байгааг дурдав.

Путин “Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ” нь хоёр улсын харилцааны бат бөх хууль эрх зүйн үндэс болсон бөгөөд өнөөгийн нөхцөлд улам чухал ач холбогдолтой болж байгааг онцолжээ.

Тэрээр Оросын тал гэрээний үзэл санааг тууштай баримталж, стратегийн уялдаа холбоо болон бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн Ойрх Дорнодын нөхцөл байдал зэрэг олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал солилцжээ.

Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн “БНХАУ болон ОХУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны 20 баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

Мөн хоёр тал “Дэлхийн олон туйлт байдлыг дэмжих болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааны тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл” нийтэлж, бусад салбарын хамтын ажиллагааны 20 баримт бичигт мөн тохиролцоонд хүрчээ.

Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн хамтдаа сэтгүүлчидтэй уулзсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл