ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 01-р сарын 08-ны өдөр Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон Тхонглун Сисулит-д цахилгаан илгээж, тус хариуцлагатай албан тушаалд дахин сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа Лаосын Ардын Хувьсгалт Намын XI их хурлаас хойш Лаосын АХН-ын Төв хороо ард түмнээ удирдан өөрийн орны онцлогт нийцсэн социалист хөгжлийн замыг тууштайгаар эрэлхийлж, намын байгуулалт, эдийн засгийн хөгжил, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх зэрэг чиглэлд чухал ололт амжилтуудад хүрснийг өндрөөр үнэлэв.
Тэрээр Лаосын АХН-ын XII их хурлыг амжилттай зохион байгуулсан нь Лаосын нам болон социалист үйлсийн хөгжилд түүхэн ач холбогдолтой үйл явдал болохыг онцлон тэмдэглээд, ерөнхий нарийн бичгийн дарга Тхонглун Сисулитээр ахлуулсан Намын Төв хорооны бат бөх удирдлага дор Лаосын нам, ард түмэн эв санааны нэгдлээр XII их хурлын зорилт, даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, социалист хөгжлийг шинэ шатанд гарган, 2055 онд нам байгуулагдсаны 100 жилийн ойн зорилтод итгэл төгс урагшлахыг хүсэн ерөөлөө.
Дарга Ши Жиньпин мөн: - Хятад, Лаос бол хаяа хаяагаа дэрлэсэн, социалист найрсаг хөрш орнууд болохыг онцолж, сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын чармайлтын үр дүнд хоёр улсын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ хүрч, стратегийн ач холбогдол бүхий Хятад–Лаосын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт улам гүнзгийрэн, бодит үр дүнд хүрснийг тэмдэглэлээ.
Тэрээр өнөөгийн олон улсын байдал гүнзгий өөрчлөгдөж буй нөхцөлд ерөнхий нарийн бичгийн дарга Тхонглун Сисулиттэй хамтран Хятад–Лаосын харилцааны хөгжлийг стратегийн түвшинд удирдан чиглүүлж, хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, нам, улсыг засаглах туршлага солилцож, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад–Лаосын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг өндөр стандарт, өндөр чанар, өндөр түвшинд ахиулах зорилгоор хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
