Хятад–Оросын хэвлэл мэдээллийн VI форум 16-нд Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Ли Шүлэй оролцож, үндсэн илтгэл тавьжээ.
Оролцогчид Ши Жиньпин дарга болон Владимир Путин Ерөнхийлөгчийн стратегийн удирдлага дор Хятад, Оросын харилцаа тогтвортой, эрүүл, өндөр түвшинд хөгжиж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болж буйг онцоллоо. Энэ оны 05-р сард хоёр улсын төрийн тэргүүнүүд Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг цаашид гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тодорхой тусгасан байна. Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголцлуудыг бүрэн хэрэгжүүлж, Хятад, Оросын найрамдлын ерөнхий чиглэлийг тууштай баримтлан, хоёр орны хамтын хөгжлийг дэмжих эерэг мэдээллийн орчныг бүрдүүлэх ёстой гэдгийг тэмдэглэв.
Мөн оролцогчид хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд Хятадын “15-р таван жил”-ийн төлөвлөгөө болон Оросын эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийг уялдуулах зэрэг чухал сэдвүүдэд төвлөрч, салбар бүрийн харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнг гүнзгий сурвалжлах; Ард иргэдийн сэтгэл зүрхийг холбосон гүүрийг бэхжүүлж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үйл явцыг ахиулах; Дижитал, оюунжсан өөрчлөлтийн сорилтуудад хамтран хариу өгч, мэдээлэл түгээх чадавх, нөлөөллийг хамтад нь дээшлүүлэх шаардлагатайг илэрхийллээ.
“Хятад–Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ ирээдүйг нээе: Зөвшилцөл ба үйл ажиллагаа”уриан дор болсон уг форумыг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлага дор Шиньхуа агентлаг болон ТАСС агентлаг хамтран зохион байгууллаа. Хоёр орны холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага зэрэг 140 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд арга хэмжээний үеэр Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
