
Тухайн орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 22-ны 9 цаг 30-ын үед Дундад улсын дарга Ши Жиньпин Америкийн Вашингтон мужийн хамтын том хот Сиэтлд очиж, Америкт хийх төрийн айлчлалаа албан ёсоор эхлүүллээ.
Ши Жиньпин Америкийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин: - Дундад улс болон АНУ бүгд агуу их гүрэн. Дундад улсын ард түмэн болон Америкийн ард түмэн бүгдээр агуу их ард түмэн юм. Дундад, Америк дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилд хоёр орны харилцаа салхи бороотой замналыг туулж, хичээнгүйлэн урагшилж, хоёр орны ард түмэн болон дэлхийн ард түмэнд асар их үр өгөөжийг бүтээсэн юм. Өдгөө Дундад, Америк хоёр орны ашиг тусын уялдаа улам нягтарч, хамтын ажиллагааны үндэс суурь улам бэхжиж, хоёр орны олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт улам бүр нэмэгдсээр байна. Дундад, Америк шинэлэг том гүрний харилцаа байгуулж, хоёр тал сөргөлдөхгүй, мөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх явдал нь хоёр орны ард түмэн, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэл бөгөөд цаг үеийн урсгалд нийцсэн зөв сонголт юм. Хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, Дундад, Америкийн шинэлэг том гүрний харилцааны бүтээн байгуулалт улам илүү хөгжилд хүрэхийг урагшлуулах нь миний энэ удаагийн Америк дахь айлчлалын зорилт билээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт хоёр талт харилцаа, олон улсын нөхцөл байдлын талаар гүнзгий санал солилцож, Америкийн олон салбарын хүмүүстэй уулзаж, Дундад, Америкийн харилцааг цаашид улам бүр хөгжүүлэх их төлөвлөлтийн талаар хамтаар зөвшилцөхийг миний бие хүсэн хүлээж байна гэж тэмдэглэжээ.

Сиэтл бол Ши Жиньпиний Америк дахь айлчлалын эхний гараа юм. Дараа нь Ши Жиньпин Вашингтонд очиж айлчлалаа үргэлжлүүлэх болно. Түүнчлэн Ню-Йорк дахь НҮБ-ын төв байранд очиж НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн дээд хэмжээний уулзалтуудад оролцох юм.
