“Цайны зам бол Ази, Европын соёл иргэншлийн харилцааны түүхэн гэрч юм” гэж “Суралцах цаг /Study Times/” сэтгүүлд тэмдэглэсэн байдаг. XVII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэлх үеийн Евроазийг дамнасан олон улсын худалдааны чухал зам болох Цайны зам нь өнөөгийн Фүжянь, Жянши, Аньхүй, Хунань, Хүбэй, Хэнань, Шаньши, Хэбэй, Өвөр Монгол зэрэг Хятадын есөн муж /өөртөө засах орон/-аар дамжин өнгөрч, тухайн үеийн Хятад, Оросын хилийн Хиагт хотоор Орост хүрдэг төдийгүй Оросын Сибирээс Санкт-Петербург хүртэл үргэлжилдэг байжээ. Хятадын өмнөд хэсгийн цай үйлдвэрлэдэг газруудыг Монголын өндөрлөг, Сибирь, Зүүн Европын орнуудтай холбодог байсан энэхүү зам нь голчлон цайны худалдаанд зориулагдсан хуурай газрын болон усны тээврийг хослуулдаг зам байв.
Түүх сударт ул мөрөө тамгалсан энэхүү их харгуйн түүхийг эргэн харахад Фёдор Байковоор ахлуулсан элчдийн баг 1656 онд Бээжинд ирснээс эхэлдэг. Тэр цагаас хойш үе үеийн арилжаа худалдааны хөгжлийг хөтөлсөөр 1920-иод онд 200 гаруй жилийн түүхтэй Цайны зам түүхэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн билээ.
Цайны зам нь зөвхөн худалдааны зам төдийгүй Өрнө, Дорнын соёл иргэншлийн солилцооны чухал гүүр байсан. “Цайны зам”-ын түүхэн ач холбогдол, орчин үеийн үнэ цэнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин олон удаа үнэлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, хил дамнасан соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолсон байдаг. Өнөөдөр Хятад, Монгол хоёр орон уран зургаар зууч болгож, цайны зам дагуух хамтарсан уран бүтээлийн аян зохион байгуулж, соёлын солилцоог гүнзгийрүүлж, хоёр орны нөхөрсөг харилцаанд эрч хүч нэмэрлэхийг зорьсон байна.
Арга хэмжээний дагуу Монгол Улсын Урчуудын эвлэлийн дөрвөн гишүүн зураач болон Хятадын Урчуудын эвлэлийн зураач нарыг багтаасан 20-иод хүний бүрэлдэхүүнтэй гал аян Өвөр Монголын Эрээн хот, Хөххот, Фүжянь мужийн Фүжөү хот, Ү И Шань хот зэрэг газруудаар 10 хоногийн турш аялна. Цайны замын умард зүг рүү чиглэсэн гол хаалга болох Эрээн хот ба Цайны замын эхлэлийн цэг болсон цайны өлгий Ү И Шань нь хэдий олон мянган бээрийн зайтай боловч цайны навчаар дамжуулан бат бэх холбоотой болсон байдаг. Хамтарсан уран бүтээлийн аянд нэгдсэн хоёр орны уран бүтээлчид ирэх өдрүүдэд ухааны уран, үзгийн шидээрээ энэхүү түүхт нутгуудын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёлыг уран гайхалтай амилуулан зурна гэдэгт итгэж байна.
- Гурван зууны тэртээ тэмээн жингийн цуваа Хятадын Фүжянь мужийн Ү-И уулнаас хөдөлж, өндөр уул, өргөн уудам тал нутгийг туулан Эрээн хотоор дайрч, Улаанбаатар хотыг чиглэн, цаашаа Орос руу зүглэдэг байжээ. Цайны зам нь зөвхөн цай, торго, шаазан эдлэлийн худалдааг холбосон төдийгүй Хятад, Монгол, Оросын ард түмэн хоорондын харилцаа, гүн гүнзгий нөхөрлөлийг бэхжүүлсээр байсан аж хэмээн Хятадын нэрт зураач Лян Чаошүй нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн байна.
